Ерөнхий боловсролын сургуулиудын улсын аварга шалгаруулах мэтгэлцээний IV тэмцээнд Дарханы багш сурагчид амжилттай оролцоод иржээ
Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, Монголын Кралл Попперийн мэтгэлцээний нийгэмлэг хамтран зохион явуулсан Ерөнхий боловсролын сургуулиудын улсын аварга шалгаруулах мэтгэлцээний дөрөвдүгээр тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион явагджээ. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэл зүйг хөгжүүлэх тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй нээлттэй өөрийгөө илэрхийлэх хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэх үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилготой явагдсан тус тэмцээнд 21-н аймаг нийслэл дүүргийн 180 мэтгэлцэгч сурагчид оролцсон байна. Дархан-Уул аймгаас Оюуны –Ирээдүй цогцолбор сургуулийн түүхийн багш Н.Намжилдорж, Од цогцолбор сургуулийн нийгмийн багш М.Туяа, Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимын дэд ерөнхийлөгч Х.Эрдэнэпил гэсэн 3-н багш 12 сурагч оролцжээ. Тус тэмцээнээс 3-н багш багш нарын төрөлд улсын аварга мэтгэлцэгчээр тодорч Г.Мөнхбаяр, Н.Шүрэнтуяа, Б.Энхжаргал, Э.Хос-Уянга, Ц.Болор, Б.Дунгармаа гэсэн 6-н сурагч Отгонтэнгэр Их сургуульд хөнгөлөлттэйгөөр суралцах эрхтэй болсон байна. Аймгийнхаа нэрийг улсдаа гаргаад ирсэн эдгээр шилдэг мэтгэлцэгч багш, сурагчдад аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар хүндэтгэл үзүүлж хоёр багшийг аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж сурагчдад Дарханы мэтгэлцээний нэгдсэн танхимын шилдэг мэтгэлцэгч батламж гардуулан өглөө. Цаашдаа энэхүү мэтгэлцээний урлагийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа аймгийн удирдлагууд илэрхийллээ.