Миний ах архичин
Намайг бүүр багад л ээж аав хоёр минь энэ яаж амьдарна даа, манай энэ ямар хүнтэй суух болдоо яанаа гэж ирээд л ахын маань тухайд хоорондоо ярьдаг байсансан. Ах минь дүрсгүй, сэргэлэн цовоо гэж жигтэйхэн. Хүн хүний хайр хүргэсэн хүүхэд байж билээ. Манайд хүн ирвэл ээж аав ахын тухай л ярина. Манай хүү ингээд, манай хүү тэгээд гээд л.
Ах минь аав ээжийн минь хувьд ганц бахархал, бас ганц найдвар нь байсан ч юм шиг. Гэхдээ яагаад ч юм бүү мэд дандаа л яанаа энэ манай энэ гэчихсэн байдаг байж билээ. Ах минь 10-р ангиа онц, алтан медальтай төгссөн ч бас л аав ээж хоёр яанаа одоо хүү минь ямар хүнтэй суудагийн бол доо, яанаа миний муу хүү яажшуу явах бол гэх үгс нь урссаар л.
Сайхан ах минь харин нэг өдөр харахад бол ёстой л ээж аавын яанаа гэмээр л бүсгүй дагуулаад ирэх нь тэр. Үнэндээ бол тэр эгч миний сайхан ах хоёр газар тэнгэр шиг ялгаатай харагдах. Харахаас л сайхан ах минь энэ намрын хожуул шиг харагдах эгчтэй суух нь гэхээс л гол харламаар. Тэгсэн ч хэнийг ч гомдоохыг хүсдэггүй сайхан ах минь Заяа гэх тэр эгчийг хүүхэдтэй болсон тул сууна гэж хатуу шийдсэн юм. Ээж аавын минь яанаа миний хүү ямар юмтай суудаг бол гэж хэлдэг байсан үгсийг чөтгөр аваасай гэмээр харуусан би уйлсансан.
Ах минь олон эмэгтэй дүүтэй тул хүнд их зөөлөн, бас тусархуу. Хэдийгээр гадаадад сургууль төгссөн ч ах минь архи гэгчээс хол байж амьдралаа авч явах гэж зүтгэдэг жинхэнэ эр байсан юм. Заяа эгч зүс царай бүгээн шигээ зүрх сэтгэл ч бас царцуухан хүн шиг надад санагдах. Хаа нэг ахынхаа гэрт очиход орон гэр нь ундуй сундуй, хүүхдийн шээс үнэртүүлсэн. Үс гэзгээ ч самнаагүй , гал тогооных нь өрөөнд дүүрэн угаагүй аяга таваг өрөөстэй байх. Аргаа ядаад ханцуйгаа шамлан цэвэрлэх гэхэд, миний дүү хэрэггүй ээ, ах нь ажлаасаа ирээд хийчихнэ гэхэд чаддагсан бол алгадаад авмаар санагдаж билээ. Миний сайхан ах минь ийм ч хүнтэй суучих гэж дээ. Манай ангийн хамгийн хөөрхөн охин Хорлоо хүртэл ахад минь ямар их хайртай байлаа даа гэж бодохоос л гол харлах.
Ах минь удалгүй 3 хүүтэй болсон ч орон гэр нь урьдын хэвээр. Ах минь гадаа гарч эр, гэрт орж эм болсоор. Автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байтал нэг л их танил хүн харагдах нь тэр. Сайн харвал гуйвж дайваад яваа, согтуу хүн, үгүй ээ ах минь байх нь тэр. Ах аа, ахаа гэсээр хажууд нь очвол, аа миний дүү, миний хайртай хөөрхөн дүү минь үү дээ. Та чинь яагаад архи ууж байгаа юм бэ, та чинь архи уудаггүй шүү дээ гэхэд, дүү минь хайртай хүнтэйгээ л суугаарай, ах шигээ хариуцлагатай хүн байх гэсний хэрэггүй шүү.
Хариуцлага, хариуцлага гэж юу юм бэ...
Сайхан ахын минь амьдрал яана даа, яана даа гэх тэр байнга хэлдэг байсан үгс шиг л бутарч, хагарч байлаа. Ахын минь бүх хүсэл мөрөөдлийг үгүй хийх мөрөөрөө хийхгүй хайртай хүүг нь хүртэл нэг хэрэлдэхдээ чиний хүүхэд биш, өөр хүний хүүхэд чамтай суух гэж тэгж хэлсэн юм хохь чинь, заяа чинь тэр за гэж хэлсэн Заяа эгчийг би үзэн яддаг. Ах минь улам л архинд донтсоор, нэг л өдөр өвлийн хүйтэнд хөлдөж үхсэн юм.
Яана даа, миний хүү гэж дандаа мууг ёролсон юм шиг үгэлдэг байсан та хоёрын гай, хариуцлага, хариуцлагатай бай гэж сургасан та нарын буруугаас хайран хүү чинь үхсэн, хайран хүү чинь архичин болсон гэж нэг өдөр би ээж аав хоёр луугаа хашгирахад ганц хайртай хүүгээ алдаад нэг л өдөр гэнэтхэн зэрэг өтөлчихсөн хоёр жижигхэн хөгшин өөдөөс минь юу ч хэлэхгүй уйлж зогсохыг хараад би алчуураа шүүрч аван гэрээсээ гүйхэд өөдөөс өвлийн тасхийм жавар алгадаад авах шиг л ороолгож байлаа. Би гүйсээр л, уйлсаар л, цас унасаар л байлаа.