Дэлхийд заналхийлж буй хамгийн том аюул бол Иран гэв
Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Германы Мюнхений аюулгүй байдлын хурал дээр тавьсан илтгэлийнхээ үеэр Ираныг "Дэлхий дахинд заналхийлж буй хамгийн том аюул” гэж дүгнэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хуралд оролцогсдод Израйлийн зэвсэгт хүчнийнхэн унагаасан нисгэгчгүй хөлөг онгоцны хэсгийг үзүүлсэн байна.
Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ онгоцыг Сири дэх Ираны цэргийн баазаас хөөрсөн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Тэрээр хуралд оролцож байсан Ираны Гадаад хэргийн сайд Мохамед Жавад Зарифаас "Та үүнийг таньж байна уу” гэж асуусан байна. Түүнчлэн энэ танайх байх ёстой. Түүнээс Израйлийг сорьж турших хэрэггүй гэсэн мессежийг Тегераны эрх баригчдад дамжуулахыг хүсч байна гэжээ. Израйлийн зүгээс мэдээлснээр энэ үйлдэл нь тус улсын зэвсэгт хүчнийг хариу алхам хийхэд хүргэсэн явдал боллоо. Ингэснээр тэд нисгэгчгүй онгоц хөөргөсөн баазыг оруулаад Сири болон Иран дахь 10 гаруй цэргийн байрлалыг бөмбөгдсөн байна. Энэ ажиллагааны үеэр Израйлийн Ф-16 сөнөөгч онгоц сөнөсөн ажээ. Харин Иран энэ бүх зэмлэлийг няцаасан байна. Сирийн Засгийн газартай хэлэлцээр байгуулж, тус улс дахь байр сууриа бэхжүүлэх арга хайж байгаагаа үгүйсгэжээ. Түүнчлэн Биньямин Нетаньяху 2015 онд дэлхийн хүчирхэг орнууд гарын үсэг зурж Ирантай байгуулсан үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө, цөмийн зэвсгийн гэрээг фашистын германыг дарахад хувь нэмрээ оруулсан Мюнхений 1983 оны гэрээтэй харьцуулж үзсэн байна. Тэрээр "Энэ гэрээ нь зөвхөн Иран хэмээх галзуу барыг суллахад хувь нэмрээ оруулсан” гэжээ. Бид өөрсдийгөө ямар ч эргэлзээгүйгээр хамгаалах болно. Хэрэв шаардлагатай бол манай оронд халдаж байгаа Ираны холбоотнууд болон Ираны эсрэг тэмцэнэ гэж сануулсан байна. Мөн "Бид Ираныг Сирид байнгын цэргийн бааз байгуулахад саад болохоос гадна тус улсын эсрэг тэмцэнэ” гэж сүрдүүлэв. Израйлийн Ерөнхий сайд үүнээс гадна Ираны дэглэм бидний хүзүүнд аллага хядлагын олс углахыг зөвшөөрөхгүй гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Х.ОЮУНБОЛД