АМНЫ ХИШИГТЭЙ МОНГОЛЧУУД
Төв Азийн тэгш өндөрлөгт байрлах эх сайхан Монгол нутаг минь 1,564,116 ам дөрвөлжин газар нутагтаа 3.2 сая гаруйхан хүн ардаа ёстой л талд цацсан арвай будаа шиг тархаан байрлуулсан нь бөмбөрцгийн альханд ч байдаггүй гайхамшигтай хувь зохиол билээ. Ийм л сайхан эх орноо их Д.Нацагдорж
"Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороот газартай” хэмээн дуу алдан магтсан билээ.
Өнгөрсөн Гал тахиа жилд Монгол Улс түүхэндээ анх удаа 66.2 сая мал тоолуулсан болсон бол 46.340.000 унци буюу 1.440 тонн алт, 140 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 24 сая тонн зэсийн нөөцөөрөө дэлхийн зургаа дахь том баялагтай уурхайгаар тодроод байгаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт идэвхжиж эх орон маань түүхэн их дэвшил хөгжлийн босгон дээр тулж ирээд байгаа.
Тав дахь Ерөнхийлөгчөө сонгоод удаагүй Монголчууд бид хөгжил дэвшил, учран золгох гэгээн сайхан бүхний эхлэл урин хавартай удахгүй учран золгоно. Мөн Халх Монгол, Монголоороо үлдэж хүн зон маань хар цагаан хэл амгүй түмэн олноороо тэгш дүүрэн буян хиймортой өнгөрүүлэх Шороон Нохой жилтэйгээ золгох гэж байна.
Дэлхийн бөмбөрцгийн зүрхэн тушаа, бадамлан асах галын дөл шиг цоролзон орших Монгол нутагтаа эзэн болж мэндэлсэн эзэн богд Чингисийн үр сад бид хавар, зун, намар, өвөл ээлжилсэн дөрвөн улирлынхаа дунд айх аюулгүй, амгалан жаргалтай амьдардаг нь юутай их хувь заяа, тэнгэр язгуурт тавилан билээ. Найман зууны тэртээгээс агуу их түүхийг бүтээж, дэлхийн талыг түвшигтгэсэн цэцэн билэгт дээдсийн үр удам Монголчууд бид дэлхий улам л давчуухан болж байгаа ХХI зуунд ч хамгийн цэлмэг тэнгэртэй, уурхайн баялгийн охь болсон дэлгэр сайхан нутгаа олж төрсөн минь золтой. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой Монголчууд бид унтаад сэрэхдээ шувуу шиг сэрж, босохдоо ч унага шиг дэргэн босдог хийморь золбоотой үндэстэн билээ.
Дэлхийд алдартай "СNN” агентлагаас жил бүр дэлхийн хамгийн гоё үндэстэнг тодруулахад тэнгэрлэг Монголын ард түмэн сүүлийн жилүүдэд байнга айргийн тавд шалгарсаар байгаа нь та бидний бахархал, хөх толбот хүн зон, ард түмнээрээ омогших агуу их сүр жавхлангийн шагнал юм. Түүнчлэн "СNN”-ны тодорхойлолтоор 2017 онд хамгийн их аялж жуулчлахад тааламжтай 10 орны тоонд бидний Монгол Улс багтсан нь 2020 он гэхэд таван сая жуулчин авдаг болох мөрөөдлийг эхлүүлсэн Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн ажлыг үргэлжлүүлж суугаа өнөөдрийн захирагч Су.Батболдын бодол төлөвлөгөөнд эргэлдэж байгаа нь тодорхой.
Хэдийгээр өвөл болохоор л зурагдсан пянз шиг "Улаанбаатарын утаа хэцүүдлээ” хэмээн дээр дооргүй хашхиралддагч байдал сайжрахгүй байгаа нь үнэн. Гэхдээ өнгөрсөн хоёр гуравхан жилийн дотор Монгол Улсын 80 гаруй мянган өрх айл тохилог сайхан орон сууцанд орсны 90 хувь нь Улаанбаатар хотын иргэд байгаа нь "Хонгилын үзүүрийн гэрэл” билээ. 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялалтад хүрэх үед Монгол Улсын нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 500 ам.доллар байсан бол 27 жилийн дараа энэ үзүүлэлт 4800 ам.долларт хүрч, ес илүү дахин өссөн нь дэлхийд дээгүүр орох амжилт билээ. Өнөөдөр Монгол Улс барилгын гол түүхий эд болсон цементээр өөрийгөө бүрэн хангаж гадагш нь экспортлодог болов. Дараагийн хоёр жилээс хар төмөрлөг, жонш боловсруулах, нүүрс, зэс баяжуулах томоохон үйлдвэрүүд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа бол 2020 он гэхэд эх орныхоо түүхий газрын тосыг өөрсдөө боловсруулж бензин, шатахуунаа үйлдвэрлэдэг болсноор нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам. доллараас давах урьдчилсан таамаг бий. Чухам тэр үед Монголчууд гадагшаа гарч ажил хийх гэж биш, гадныхан манайд ирж ажиллах гэж өрсөлдөн зүтгэцгээж, өнөөдөр харьд ажиллаж амьдарч байгаа 200 гаруй мянган эх орон нэгтнүүд маань нүүр бардам эх нутагтаа ирцгээх болно.
Маргааш Монгол тооллоор Нөхөрсөг хэмээх Шороон Нохой жил гарна. Монгол түмний хувьд өөдлөн дэвжих, өсөн мандах их хөгжлийг түүчээлэх он гарч байна.
Хувь төгөлдөр энэ жилд Монгол нутгийн дөрвөн зүг найман зовхист хүчит бөхийн удам, хөх толбот нуган үрс, хөрст дэлхийг үзэсгэлэнт төрх, төгөлдөр гоо сайхнаараа бишрүүлэх Монголжингоо охид хэдэн арван мянгаараа дуу дуугаа аван мэндэлцгээж байгаа. Гэгээн сайхан маргаашийн төлөө гар гараасаа барин алхацгаая, амны хишигтэй, буян заяа тэгширмэл Монгол түмэн минь ээ.
Д.Түвшин