Алдах эрхгүй ашигт малтмалын үнийн өсөлт ба Монгол

🕔 2017/05/30 10:32

 

Азийн хөгжлийн банкнаас энэ онд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтын дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж 2.5 хувь өснө хэмээн таамагласан. Харин Дэлхийн банкнаас эдийн засгийн өсөлтийг тэгтэй тэнцэнэ гэсэн эрс тэс таамгийг дэвшүүлээд байгаа билээ. Тэдний хэлснээр энэ жил Монголын эдийн засаг төдийлөн дордохгүй. Өсөлт аажмаар бага багаар ажиглагдана. Энэ жилдээ хэрэгжүүлэх төсвийг чангатгах арга хэмжээнүүд бизнесийн орчиндоо эерэг нөлөө авчирч чадахгүй ч, дараа жилээс дээрдэж магадгүй. Банкуудын зээлийн хүүгээ бууруулах магадлал өснө. Төрийн зүгээс банкуудад төдийлөн дарамт шахалт учруулахгүй учраас банкууд илүү их зээлийг боломжийн нөхцлөөр хувийн хэвшилд зээлэх магадлалтай гэсэн тайлбарыг өгөөд байгаа билээ. Тэгвэл 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар эдийн засгийн өсөлт 4.2 хувьтай гарсан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь олон улсын байгууллагууд болон дотоодын бодлого тодорхойлогчдын хүлээлтээс давсан үзүүлэлт юм. Гэхдээ энэхүү өсөлт нь улирлын чанартай бөгөөд оны эцэст буурна гэдгийг эдийн засагчид хэлж буй. Тухайлбал, оны эцсээр манай эдийн засгийн өсөлт -0.2 хувь буюу бага зэрэг агшсан байх талаар Монголбанкны Бодлогын хэрэгжилт, зээлийн хэлтсийн захирал Д.Баянзул хэлэв. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш бага зэрэг буурсантай холбоотойгоор, эдийн засгийн өсөлт -0.2 хувь байна гэж таамаглаад байгаа аж.

 

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын 85 хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч, эдийн засагт гэрэл тусгасан. Энэ нь эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харахад дөхөм болж байгаа. Ялангуяа зэсийн хэрэглээ гурав дахин өсч, 22 сая тонн болох төлөвтэй бөгөөд үнэ нь дунджаар 6800 ам.долларт хүрэх тухай судалгааны байгууллагууд таамаглаад байлаа. Тэр таамаглал нь биелэлээ олоход тун ойрхон байна. Монгол Улсын төсвийн орлогын томоохон эх үүсвэр болох зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлэх орлого сүүлийн таван жилд дунджаар нийт уул уурхайн орлогын 60 орчим хувийг бүрдүүлж ирсэн. Өчигдрийн байдлаар Лондонгийн металлын биржийн ханшаар зэсийн үнэ 5687 ам.долларын үнэтэй байна.

 

Харин коксжих нүүрсний үнэ он гарснаас хойш дэлхийн зах зээл дээр 121 ам.доллар байсан бол өнгөрөгч дөрөвдүгээр сард 29.7 болтлоо буурчээ. Харин өчигдрийн байдлаар 90.69 ам.доллар байна. Монгол Улс дөрөвдүгээр сарын байдлаар 16431.3 мянган тонн нүүрс олборлосноос 11575.6 мянган тонныг нь экспортлосон талаарх мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газраас өглөө. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 133.2 хувь, борлуулалт 61.63 хувь, экспорт 75.12 хувийн үзүүлэлттэй гарчээ.

 

Тэгвэл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тогтмол унасаар байгааг олон улсын эдийн засагч, шинжээчид онцолж байна. Өнгөрсөн сард 55 орчим ам.долларын үнэтэй байсан газрын тос тавдугаар cap гарсан даруйд 48.7 ам.долларт хүрч буураад байгаа юм. Монгол Улсын хэмжээнд энэ онд нийг 1.1 сая тонн газрын тос олборлож, экспортлох төлөвлөгөөтэй байгаагаас он гарснаас хойш нийт 400 гаруй тонн газрын тос олборлож, 403.164 тонн түүхий тос БНХАУ-д экспортложээ. Энэ сарын 24-ний байдлаар Тосон-Уул, Тамсагийн газрын тосны ордоос олборлож буй "Дачин 33” маркийн тосны үнэ 48.1 ам.доллар/баррель, Зүүнбаян, Цагаан-Элсний ордоос олборлож байгаа Брент маркийн тосны үнэ 53.52 ам.доллар/баррель байна.

 

Монгол Улс он гарснаас хойш 2913.1 кг алт олборлосноос боловсруулаагүй, хагас боловсруулсан 1889.4 кг алтыг экспортод гаргаад байгаа аж. Лондонгийн металлын биржийн өчигдрийн ханшаар унц алтны үнэ 1265 ам.доллар байна. Алтны үнэ он гарснаас хойш тогтвортой өссөөр байгаа билээ. Тиймээс Засгийн газраас "Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх зорилт тавьж буй. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

 

Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ийнхүү дэлхийн зах зээлд өсөлттэй байгаа ч нүүрс, газрын тос, зэс, цайрын үнэ өнгөрөгч нэгдүгээр сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна. Энэ өөрчлөлт эдийн засагт хүчтэй мэдрэгдэхгүй ч уул уурхайн мега төслүүдээ яаралтай хөдөлгөх хэрэгтэй гэдгийг олон улсын шинжээчид анхааруулж буй. Тиймээс Монгол Улс эхний ээлжинд Өмнөговь аймгийн Ханбогд суманд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ үйлдвэр баригдвал жилдээ нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулж, 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломж нээгдэх юм. Түүнчлэн газрын тосны боловсруүлах үйлдвэрийг барих хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Уг үйлдвэр нь 1.5 сая тонн газрын тос боловсруулах бөгөөд хэрэгжих хугацаа нь таван жил байхаар төлөвлөгдсөн байна. Уг төсөл хэрэгжсэнээр улсын болон орон нутгийн төсөвт 230 сая ам.доллар, 614 ажлын байр нэмэгдэх гэнэ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор авто бензин 649 мянган тонн, дизель түлш 1169 мянган тонн, онгоцны түлш 49 мянган тонн, шингэрүүлсэн шахдаг хий 86 мянган тонн, нефтийн кокс 84 мянган тонн, хүхэр 1.6 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх урьдчилсан төлөвлөгөө гараад байгаа юм. Хэрэв эдгээр томоохон төсөл хэрэгжвэл Монгол Улсын ирээдүйд гэрэл асах учиртай. Монголбанкнаас эдийн засаг бага зэрэг агшилттай гарсан гэж мэдээлсэн нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ бага зэрэг буурсантай холбоотой. Энэ бууралт эдийн засагт төдийлөн мэдрэгдэхгүй гэдгийг эдийн засагчид хэлж байгаа ч юмыг яаж мэдэх үү, хурдан хугацаанд олдсон боломжоо ашиглаж уул уурхайн томоохон төслүүдээ яаравчлан хөдөлгөх хэрэгтэй болов уу. Боломжийг алдах эрх бидэнд байхгүй.



У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох