Нүүрсний үнэ буурч, алт, зэсийн ханш өснө

🕔 2017/11/30 14:36

Нүүрсний үнэ буурч, алт, зэсийн ханш өснө

 

Олон улсын санхүүгийн байгууллагуудын судалгаа­ гаар дэлхийн эдийн засаг энэ онд 3.5, ирэх онд 3.6 хувь өснө гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Инфляцын төвшин дэлхий даяар ерөнхийдөө хэвийн байна. Хөгжингүй орнуудын эдийн засаг 2017, 2018 онд ойролцоогоор 4.7 дахин өснө гэж ОУВСгийнхан таамагласан. Бай­ галийн бүтээгдэхүүн ихээр импортолдог улсуудын эдийн засгийн өсөлт тогтворжсоныг дагаж экпортлогч орнуудын эдийн засаг өнгөрсөн онтой харьцуулахад сэргэх төлөв­ тэй байгаа юм. Ирэх онд түүхий эдийн ханш өмнөх жилтэй харьцуулахад тогт­ вортой өсөх хандлагатай байна гэж эдийн засагчид үзжээ. Дэлхийн банк тэргүүтэй банк санхүүгийн байгууллага нүүрснээс бусад түүхий эдийн ханш ирэх онд өснө гэсэн таамаглал дэвшүүлжээ. Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засагтай орон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой үргэлжилж үйлдвэрлэлээс илүү үйлчилгээний салбар руу өргөжиж буй учир зарим түүхий эдийн ханшийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна.

НҮҮРСНИЙ ҮНЭ БУУРНА

БНХАУ-ын Засгийн га­зар нүүрсний олборлолтоо бууруулах зорилтоо ирэх онд биелүүлэх төлөвлөгөөтэй байгааг тус улсын Хөгжил, шинэчлэлийн хорооноос мэдэгдэв. Хятад улс нүүрсний уурхайн тоог ирэх онд 7000 болгож бууруулахаар төлөвлөж байгаа аж. Үүний хүрээнд эрх баригчид гаднаас орж ирэх импорт болон дотоодын олборлолтод хязгаарлалт тавьж зах зээлийг тэнцвэржүүлэх арга хэмжээг авч эхлээд байна. Нүүрсний хэрэглээг танаж эхлэхтэй зэрэгцэн шингэрүүлсэн байгалийн хийн хэрэглээ өснө гэж эдийн засгийн шинжээчид таамаглаж байна. Мөн тус улсын эрх баригчид 2020 он гэхэд дотоодын эрчим хүчний хэрэглээнд эзлэх байгалийн хийн ашиглалтыг 10 хувь болгох зорилт тавьжээ. Өнгөрсөн онд таваарын зах зээлд өсөлттэй байсан нүүрсний үнэ энэ оноос эхлэн тонн тутамдаа 10 ам.доллараар буурах төлөв­ тэй байна. "Goldman Sachs” банкны шинжээчдийн үзэж буйгаар коксжих нүүрсний ханш ирэх онд 125 ам.доллар болж буурах төлөвтэй байна. Түүнчлэн энэ онд нүүрсний хэрэглээ 17 хувиар унахыг шинжээчид таамаглажээ. Хэдий тийм ч одоогоор нүүрсний зах зээл тогтвортой байна.

ХӨНГӨН ЦАГААНЫ ИЛҮҮДЭЛ ҮҮСЧ МАГАДГҮЙ

БНХАУ-ын Засгийн газар агаарын бохирдлын эсрэг явуулж буй бодлогын улмаас ирэх 2-3 жилд хөнгөн цагааны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж "Goldman Sanchs” банкны эдийн засагчид үзэж байна. Тус банкны гаргасан урьдчилсан тооцоогоор хөнгөн цагааны зах зээлд 2019, 2020 онд 526936 мянган тоннын илүүдэл үүсэхээр байгаа юм. Мөн тус улсын Засгийн газрын бодлогоор бол урт хугацаандаа сайн чанарын төмрийн хүдэр, гангийн эрэлт ихэснэ гэж эдийн засагчид таамаглаж байна. Төмрийн хүдрийн хамгийн том хэрэглэгч Хятадын гангийн үнэ нь оны эхний улиралд огцом өсч, сэргэсэн. Үүний дараагаар Дэлхийн банкны зүгээс төмрийн хүдрийн 2020 он хүртэлх таван жилийн таамаглалаа өсгөв. Хамгийн сүүлийн үеийн таамаглалаар уг түүхий эдийн үнэ энэ онд тонн тутамдаа 85 ам.доллараас буухгүй бол 2020 онд 97 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэмэгдүүлсэн шалтгаанаа Дэлхийн банкнаас "Хятадын бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотой хоёр, гуравдугаар сард гангийн үнэ огцом өссөн. Мөн далайн чинадаас ирж буй төмрийн хүдрийн нийлүүлэлтэд тасалдал гарсан. Хятадын шинэчилсэн бүтээн байгуулалтын хандлагаас хамаарч өнгөрсөн сараас төмрийн хүдрийн үнэ өсч байна” гэжээ. Хэдий төмрийн хүдрийн үнийн таамаглалыг өсгөсөн ч нийлүүлэлт нэмэгдсэн хэвээр байхыг Дэлхийн банкны зүгээс онцолжээ. Ирэх хоёр, гурван жилийн хугацаанд бага зардалтай, ихээхэн нөөц бүхий уурхайнуудыг хаах магадлалтайг тус банкнаас онцолжээ. Харин өндөр зардалтай уурхайнууд зах зээлийн шаардлагаар үйл ажиллагаагаа түр зогсооход хүрээд байна. Ган болон төмрийн хүдрийн үнэ өссөн нь Хятадын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээж тэргүүлэх чиглэл болгосонтой ихээхэн холбоотой юм.

ЗЭСИЙН ҮНЭ 7000 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭХ БОЛОМЖТОЙ

Зэсийн үнэ оны эхэнд 5736 ам.долларын ханштай байсан бөгөөд үнэ нь аажмаар нэмэгдсээр өнгөрсөн наймдугаар сард 6477 ам.долларт хүрч огцом өсөв. Улмаар энэ сард 6797 ам.долларт хүрэв. "Goldman Sanchs”-ийн эдийн засагчид дэлхийн зэсийн олборлолтын 60 хувийг бүрдүүлдэг 20 уул уурхайн топ компанийн үзүүлэлтэд тулгуурлан ирэх оны зэсийн ханшийн таамгийг гаргажээ. Судлаачдын үзэж буйгаар тасралтгүй өсч буй зэсийн үнэ энэ оны эцэс хүртэл уг ханшаа хадгалах юм. Түүнчлэн Дэлхийн банкны тооцоолсноор зэсийн ханш ирэх онд 7000 ам.долларт хүрч, нэмэгдэх төлөвтэй байна. "Зэсийн ханш 2015 онд 18.5 хувиар унасан ч Хятадад эрэлт нэмэгдсэнээр 2025 он гэхэд тонн нь 7000 ам.долларт хүрэх бүрэн боломжтой” гэж Дэлхийн банк таамаглаж байна. Дэлхийн зэсийн 45 хувийг хэрэглэдэг БНХАУ үйлчилгээний салбартаа нэмүү өртөг шингээх бодлого зарласны дараа зэсийн үнэ уналтад орсон билээ. Одоогоор эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр нийлүүлэлт талдаа 400 мянган тоннын илүүдэлтэй байгаа аж. Тооцоог гаргасан эдийн засагчдын өгүүлснээр энэ удаагийн өсөлт хэтэрхий огцом буюу хүснэгтэд парабол хэлбэрийн муруйг үүсгэжээ. Ийм маягаар тогтсон үнэ тогтвортой байдаггүй, харин хэлбэлзэл бага буюу зиг заг хэлбэрт шилжсэн цагт л тухайн тогтсон ханш тогтворжих магадлал өндөрсдөг байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар зэ­ сийн дундаж үнэ 6346.6 ам.доллар байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 683 ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Хэдийгээр дундаж үнэ өсөлттэй байгаа ч зарим судалгааны байгууллага энэ оны дөрөвдүгээр улиралд зэсийн үнэ өмнөх улиралтай харьцуулахад буурна гэж таамаглаж байна.

Тухайлбал, "ING” банкны судлаачид оны дөрөвдүгээр улиралд 6000 ам.доллар болж буурна гэж үзэж байна. Хятадын Засгийн газраас барилгын нийлүүлэлтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх гэж буй бодлого нь үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлтийг бууруулна гэж эдийн засагчид үзэж байна. Барилгын салбар ийн удааширвал зэс, гангийн үйлдвэрлэл буурах, төмрийн хүдрийн импорт саарах эрсдэлтэй байна гэж эдийн засагчид мөн үзэж байгаагаа илэрхийлэв. Шинжээчдийн үзэж буйгаар зэсийн ханшийн өөрчлөлт суурь хүчин зүйлээсээ зөрсөн байна. Үүнтэй холбоотойгоор зэсийн үнийн өсөлт тогтвортой хадгалагдахгүй тул хөрөнгө оруулагчдад болгоомжтой байхыг анхааруулжээ. Олон улсын судалгааны байгууллагууд ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх эсвэл буурах төлөвтэй байна гэж таамаглаж байгаа ч дэлхийн зах зээл дээрх ханш нэлээд хэлбэлзэлтэй байх төлөвтэй гэдэгт санал нэгдэж байна. Сүүлийн ганцхан сард гэхэд нэг тонн зэсийн үнэ 500 хүртэлх ам.доллараар өгсч, уруудсан нь ханш тогтворгүйг харуулж байгаа юм.

АЛТНЫ ҮНЭ 2300 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ

Германы "Incrementum AG” үнэлгээний байгууллагаас алтны үнийг урт хугацаандаа унци тутамдаа 2300 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гаргажээ. Олон улс бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого баримталж буй нь алтны үнийг өсгөх шалтгаан болж буй хэмээн тайлбарлалаа. Одоогоор унци алт 12001300 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа юм. Алт нь худалдааны баталгаат хэрэгслийн хувьд эдийн засгийн өсөлт тогтворгүй байгаа энэ үед олон улс алтны нөөцөө нэмэгдүүлэхэд анхаарч байна. Дэлхийн банкны шинжээчдийн таамгаар алтны ханш ирэх 2018 оны зургаадугаар сар гэхэд унци нь 2300 ам.долларт хүрч нэмэгдэх аж. Алтны ханш өнгөрсөн онд өндөр байсан ч ирэх онд илүү чангарах гэнэ. Европчууд XIX зууны үед "Алтан стандарт” гэгчийг бодож олсон бөгөөд мөнгөн тэмдэгтийн ханш нь Төвбанкинд хадгалагддаг алтныхаа хэмжээгээр үнэ­ лэгддэг журмыг нэвтрүүлсэн байдаг. Учир нь, алт бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх онцгой чанартай металл юм. Энэ цагаас хойш үнэт цаас, мөнгөн тэмдэгтийн ханш тогтворгүй, яах нь мэдэгдэхгүй бүрхэг болсон үед иргэдээс эхлэн улс гүрэн хүртэл хадгаламжаа алт болгодог бичигдээгүй хууль үйлчилж ирсэн.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ОГЦОМ ӨСӨВ

АНУ-ын шатдаг зана­ рын үйлдвэрлэл тогтворж­ соноор газрын тосны үнэ энэ онд дунджаар нэг баррель нь 53 ам.доллар байсан бол ирэх онд дунджаар 56 ам.долларт хүрэх төлөвтэй байна гэж Дэлхийн банк "Түүхий эдийн зах зээлийн шинэчилсэн тайлан”-даа дурджээ. Өнгөрсөн есдүгээр сард баррель тутамдаа 49.82 ам.доллар байсан газрын тосны ханш өнгөрсөн сард 51.58 ам.доллар болсон бол энэ сарын эхээр 62 ам.доллар болж огцом өсөөд байна. 2014 онд баррель тутамдаа 100 ам.доллар давж байсан нефтийн ханш сүүлийн жилүүдэд тогтворгүй байгаа. Түүнчлэн АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төв нефтийн ханшийг 2025 он гэхэд 86 ам.доллар, 2030 онд 95 ам.доллар, 2040 онд 109 ам.доллар, 2050 онд 117 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ. 2026 он гэхэд АНУ эрчим хүчний гол экспортлогч болох бол 2050 оноос газрын тосны үйлдвэрлэл буурах ажээ.

ХҮНСНИЙ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ӨСНӨ

Хүнсний бараа, бүтээгдэхүүн, түүхий эд зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ энэ онд бага зэрэг буурсан ч ирэх жил өсөх төлөвтэй байна. Тодруулбал, нийлүүлэлт багасч, үр тариа, тос, хоол хүнсний бүтээгдэхүүний үнэ бага зэрэг өссөний улмаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2018 онд өсөх хандлагатай байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт ирэх онд сайн, зарим үр тарианы хадгалалташиглалтын харьцаа нь олон жилийн дундаж үзүүлэлтээс өндөр байх төлөвтэй гэж Дэлхийн банк таамаглаж байна. Гэвч цаг уурын таатай нөхцөл байдал, дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт зах зээлийн үнэ харьцангуй доогуур байгаа зэрэг нь хоол хүнсний хүртээмжтэй байдал хаана ч хангалттай гэсэн үг биш юм. 60 жилд тохиолдож байгаагүй ган гачигт нэрвэгдсэний улмаас Этиоп, Сомали, Кенийн зарим газарт үр тариа ургаагүй бөгөөд хоол хүнсний ихээхэн хүнд хомсдолд ороод байна. Өмнөд Судан, Йемен, Нигерийн зөрчилдөөний улмаас олон сая хүн орон гэрээсээ дайжиж, хоол хүнсний яа­ ралтай тусламжийн хэрэг­ цээнд оржээ.

Б.МӨНХ-ЭРДЭНЭ

скачать dle 12.0

Санал болгох