Энэ онд зэсийн үнэ өсөх үү

🕔 2017/01/13 14:42

Энэ онд зэсийн үнэ өсөх үү

 

Яг нэг жилийн өмнө Чилийн Засгийн газар зэсийн үнийн бууралтад бэлтгэж эхэлснээ зарласан билээ. Өнгөрсөн онд зэсийн үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 5600 ам.доллар байна гэж таамаглаж байсан ч 4400 ам.долларын босгоос доош орсон нь тус улсад болгоомжлол төрүүлсэн. Чилийн Сангийн сайд Родриго Валдес эдийн засгийн төлөв байдлаа зэсийн зах зээлд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулах шаардлагатай болсон гэж байв. Өнгөрсөн онд Чили улсын нийт экспортын орлогын тал хувь нь зэсийн орлого байлаа.

Тиймээс тус улс эдийн засгийн төлөв байдлаа зэсийн зах зээлд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулна гэж байсан.

Чили улсын хувьд эдийн засгаа солонгоруулахаар ажиллаж буй ч зэсээс хэт хамааралтай хэвээр байгаа бөгөөд өмнөх онд нийт экспортын орлогынх нь тал хувь зэсийн орлого байсан юм. Манай улсын тухайд өнгөрсөн онд нийт экспортын орлогын мөн л 50 орчим хувийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, зэс, нүүрсний орлогоороо Чили улстай төстэй бөгөөд Чилийн эдийн засаг хямарч, зэсийн үнэ унавал манай зэс илүү эрэлттэй болж үнэ өсөх магадлал өндөр. Одоогийн байдлаар дэлхийд автомашин үйлдвэрлэл болон гэр ахуйн электрон бараа, нөхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт гарч буй хувьсгал нь зэсийн эрэлтийг нэмэгдүүлсээр байгаа. Тухайлбал, нэг ширхэг приус машин үйлдвэрлэхэд ердийн машинаас хоёр дахин их буюу 50 кг орчим зэс ордог аж. Мөн бүрэн электрон машинуудад гурав дахин их буюу 75 кг орчим зэс ордог зэрэг нь зэсийн хэрэглээг нэмэгдүүлсээр байна. Тиймдээ ч шинжээчид 2020 он хүртэл зэсийн үнэ огцом өсөхгүй байж болох ч огцом унах магадлал тун бага гэж байна.

Экспортын гол бүтээгдэхүүн нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтээсээ хамаараад, тодорхой хугацааны давтамжтайгаар өсч буурдаг. Манай улсын эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөлдөг түүхий эд бол зэс, нүүрсний үнэ.

Дэлхийн зах зээлийн нөхцөл биднээс төлөвлөгдсөн нүүрс зэсээ олборлож, боловсруулалт хийхийг шаардана.

2017 оны улсын төсөвт зэсийн үнийг төсөв батлах үеийн ханшаар бодож тусгасан байгаа. Тухайлбал, төсөв батлагдах үед буюу аравдугаар сард дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 4800 орчим ам. доллар байсан. Улсын төсөв батлагдсаны дараахан зэсийн үнэ өссөн, цаашид ч өссөөр байна гэж эдийн засагчид хэлж байна. Зэс, нүүрсний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөхөөр байгаа нь Монгол Улсын 2017 оны эдийн засаг, төсвийн алдагдалд сайнаар нөлөөлнө.

Н.ГАНЧИМЭГ "ӨДРИЙН СОНИН"

скачать dle 12.0

Санал болгох