"Алт-II" хөтөлбөр Монголд ашиг авчирч чадаж байгаа юу

🕔 2017/11/14 09:48

"Алт-II" хөтөлбөр Монголд ашиг авчирч чадаж байгаа юу

 

''Алт-II" хөтөлбөр. Энэ бол тусгай зөвшөөрлийн дагуу алт олборлоод түүнийгээ улсдаа тушааж, эдийн засгаа өргөх, валютын нөөцөө нэмэх, цаашлаад ард иргэдийн амьдралд бодит дэмжлэг үзүүлэх Засгийн газрын бодлогын нэг хувилбар. Үүнийг албан бичигт "Монгол Улсын алтны үйлдвэрлэлийн ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангаж алт олборлох, боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах, алтны үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг өсгөхөд энэхүү үндэсний хөтөлбөрийн гол зорилго оршино” гэж буй.

Гэхдээ энэ хөтөлбөр батлагдсанаас хойших хугацаанд дээрх зорилго биеллээ хэр олж байгаа бол.

Монгол Улсад ашигт малтмалын 3184 тусгай зөвшөөрөл олгогдсоны 1395 нь ашиглалтын, 1789 нь олборлолтынх аж. Эдгээр тусгай зөвшөөрлийн 40 хувь нь алтны лиценз бөгөөд өдгөө улсын хэмжээнд 1642 ширхэг алтны тусгай зөвшөөрөл олгогдоод байна. Үүнийг задалбал ашиглалтын 542, олборлолтын 1100 лиценз байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1100 лиценз эзэмшигч алт олборлож, ашгаа тогтмол хүртэж байгаа гэсэн үг. Үүний дээр хувиараа алт олборлогч иргэн, аж ахуйн нэгжийг нэмбэл нэлээд тоо гарна.

Гэвч олборлохын хэрээр Монгол Улсын төсөвт татвар нь ордог уу гэвэл үгүй. Энэ талаар Монгол банкнаас дараах тоон мэдээллийг өнгөрсөн сард гаргасан байдаг. Дурдвал, Монгол Улс 2017 оны эхний есөн сарын байдлаар 14.8 тонн алт олборлосон нь өнгөрсөн оны мөн үөтэй харьцуулахад 5.8 хувиар өссөн үзүүлэлт. Түүнчлэн улсын төсөвт 33.7 тэрбум төгрөгийг есөн сарын хугацаанд төвлөрүүлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27,5 хувиар өссөн  тоо аж. Мөн нийт экспортын 15.4 хувийг алт дангаар эзэлж байна. Гэвч энэ нь хангалттай үзүүлэлт биш гэдгийг Монголбанкныхан онцолж буй. Өөрөөр хэлбэл, дээрх тооны олборлолтын лицөнз эзэмшигчтэй орон энэ хэмжээг хэд дахин нугалсан татварыг улсдаа төвлөрүүлэх учиртай гэсэн үг.

Өдгөө алтыг Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Баянхонгор аймгаас түлхүү болон бусад аймгаас олборлож байна. Гэхдээ байгаль дэлхийгээ сүйтгэн байж хэдэн арван оны турш олборлож байгаа алт монголчуудад ямар ашиг авчирсан бэ. Ялангуяа "Алт-II” хөтөлбөр бидэнд ашиг авчрах уу. "Алт-I" хөтөлбөрийнхөө жимээр орж, ашиг хонжоо хайгчид нь халаасаа түнтийлгээд дуусах юм биш биз.

ӨМНӨХ ХӨТӨЛБӨРИЙН АШИГ ХИЙГЭЭД ХОР УРШГИЙГ ЭРГЭН ХАРЪЯ

Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын санаачлан батлуулсан "Алт" хөтөлбөр нь тухайн үөийн эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэдэг. Бүр "Засгийн газрын 1991 оны 304 дүгээр тогтоолоор анх баталсан "Алт хөтөлбөр” болон "Алт-2000 хөтөлбөр”-ийг 1992-2000 онуудад хэрэгжүүлсний үр дүнд улсын хэмжээнд алтны олборлолт, экспорт эрчимтэй өсч, улсын төсвийн орлого болон гадаад валютын нөөц нэмэгдэж, тухайн үөийн эдийн засгийн хямралыг даван туулахад чухал хувь нэмэр оруулсан” гэх Засгийн газрын тодорхойлолт хүртэл бий.

1992 онд улсын хэмжээнд ердөө найман аж ахуйн нэгж жилд 775.6 кг алт олборлож байсан бол "Алт” хөтөлбөрийн хүрээнд 1992-1996 онд 13.125 тонн, "Алт 2000” хөтөлбөрийн хүрээнд 1997-2000 онд 53.486 тонн алт олборлосон байдаг. 1992 онд алт үйлдвэрлэлийн салбарт 950 хүн ажиллаж байсан бол 2000 онд 7500 болтлоо өссөн байна. Олборлолтын хажуугаар геологи, хайгуулын ажлыг ч орхигдуулаагүй. 1991 онд 140.49 тонн алтны нөөцтэй байсан бол 1992-2000 онд геологи хайгуулын үр дүнд 110.36 тонн нөөц илрүүлж, 2006 онд алтны салбарын хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр дэлхийн топ 10-т орж иржээ. Тухайн үедээ алтны аж үйлдвэрийн салбар төсвийн орлого, ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлж, "Алт"1 хөтөлбөрийн хугацаанд 107.6 сая амдолларыг улсын төсөвт төвлөрүүлж байжээ. Гэхдээ үүний нөгөө талд байгаль орчинд чамгүй сөрөг нөлөө үзүүлсэн гэдгийг онцлох хэрэгтэй.

2001 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн салбараас хамааран 5.8 мянган га газар эвдрэлд орсон нь тогтоогдсон байдаг. Үүний 5.36 мянган га нь 1992-2000 онд эвдэрсэн аж. "Алт” хөтөлбөр эхэлж байхад 1992-1996 онд компаниудын техникийн нөхцөл муу, нөхөн сэргээлтийн талаарх ойлголтгүй байсан нь уг хөтөлбөрийн сөрөг үр дагавар яах аргагүй мөн. Үүнийг зөвхөн газар нутаг эвдэрсэн гэдгээр харах биш тухайн бүс нутгийн газрын үржил шим тэр чигтээ үгүй болж, ургамал, амьтан дайжиж, усны хомсдол, байгаль орчин сүйдэж, хордсон гэх мэт бодит хор хөнөөлийг тодотгох учиртай юм. Хор уршгийг нь тогтоох боломж, систем үгүй нь тухайн үеийн "Алт" хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдэд олз болсон гэхэд буруудахгүй. "Алт-I" хөтөлбөрөөс улс биш хувь хүмүүс хөлжсөн гэх барин тавин баримтууд хаа сайгүй бий ч энд дурдах нь илүүц биз ээ. Учир нь өдгөө хэрэгжиж буй "Алт-II" хөтөлбөрийг өмнөхийг нь давтуулахгүйн тулд бид хэрхэх ёстойг онцлох нь чухал юм.

"АЛТ-II" ХӨТӨЛБӨРИЙГ АШИГТАЙ БАЙЛГАХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх зорилт бүхий хөтөлбөрийг ойрын болон дунд хугацааны хоёр үе шаттайгаар дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж буй. Нэгдүгээр үе шат буюу ойрын хугацаанд, Алтны үйлдвэрлэлтэй холбоотой харилцаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлснээр алтны олборлолтыг нэмэгдүүлэх, бэлтгэгдсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хууль бусаар алт олборлох үйл ажиллагааг цэгцлэх ажлыг эхлүүлнэ гэж буй. Харин хоёрдугаар үе шат буюу дунд хугацаанд (2019-2020 он), Алтны эрэл хайгуул хийх болон олборлох, үйлдвэрлэхэд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж алтны олборлолт, үйлдвэрлэлийг тогтвортой өсгөх, байгаль орчин, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх, хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн хөтөлбөртөө тусгасан.

Нэгэнт байгалиа сүйтгүүлж, онгон дагшин байдлыг нь дахин нөхөж чадахгүйгээр зольж, ашиг олох гэж энэхүү хөтөлбөрийг ашигтай байлгах олон санаачилга байгаагийн хамгийн бодит бөгөөд чухал нь алт тушаалтыг эрчимжүүлэх, нэмэгдүүлэх гэдгийг албаныхан болоод хөтөлбөр хэрэгжүүлэгчид хэлж буй. Гэвч энэ нь бас санаагаар болдоггүй гэнэ. Учир нь, Ашигт малтмалын болон Эрдэнэсийн сангийн тухай хуулиар тус газраар сорьц нь баталгаажсан үнэт металлыг л худалдан борлуулах нөхцөл бүрддэг байна. Тиймээс алт олборлогчдын зайлшгүй давах ёстой шат дамжлага нь Үнэт металлын сорьцын хяналтын лаборатори. Гэвч улсдаа цорын ганц лабораторид боловсон хүчин дутагдалтай, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу аж. Уг нь монголчууд алтаа Лондоны металлын бирж буюу дэлхийн зах зээлийн ханшаар Монголбанкинд борлуулдаг болоод жил гаруй хугацаа өнгөрч буй. Иргэдийн олборлосон алтнаас Ашигт малтмалын нөөц ашигласны 2.5, хувь хүний орлогын албан татварын 10 хувийн татвар авч байгаа нь дэлхийн дундажтай харьцуулахад өрсөлдөөний таатай орчин гэнэ. ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг хөрш оронд ашигт малтмалын нөөц ашигласны татварт иргэд үнийн дүнгийн 5-6 хувийг төлдөг нь манайхаас даруй хоёр дахин түүнээс их хувь юм.

Гэвч энэхүү таатай нөхцөлийг алт олборлогчид ашиглаж чадахгүй байгааг албаныхан онцолж байна. Шалтгааныг нь Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн хийсэн судалгаа тодорхой хэлж өгсөн байдаг. Тодруулбал, бичил уурхайчдын 80 хувь нь олборлосон алтаа тушаах албан сувгийг мэддэггүй гэсэн судалгааны дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, олборлосон алтаа Үнэт металлын сорьцын хяналтын газраар баталпгаажуулж, Монголбанкинд тушаадаг талаар иргэдийн олонх нь ойлголтгүй байдаг аж. Улмаар алтаа ченжүүдэд бэлэн мөнгөөр өгөхийг хувиараа алт олборлогчид, зарим аж ахуйн нэгжилүүд үэдэг байна. Тиймээс Монголбанкнаас алт тушаалтыг эрчимжүүлэх багагүй ажил санаачлан хувиараа олборлогчид хийгээд орон нутгийн иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл олгох аян зохион байгуулсан. Үүний үр дүн ирэх өдрүүдэд цаашлаад энэ хөтөлбөрийн үр дүн болох учиртай.

"Алт-II" хөтөлбөр хэрэгжих хугацаанд ашигт маптмал тэр дундаа алтны хууль бус худалдаа, хилээр хууль бусаар гаргахыг завдах үйлдлийг таслан зогсоохыг зорьж буй.

ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР АЛТ ГАРГАХЫГ ЗАВДАГСДАД НОГДУУЛАХ ШИЙТГЭЛ УЛАМ "ЗӨӨЛӨРЧЭЭ”

Алтыг хууль бусаар хилээр гаргахыг завдах тохиолдол цөөнгүй.

Нэгэн жишээ дурдахад өнгөрсөн тавдугаар сард Замын-Үүдийн гаалиар эхнэр нөхөр хоөр таван килограмм алтыг гутлын улавч маягаар гулдмайлж, улмаар гутландаа дэвсээд хилээр гарахыг завдах үедээ саатуулагдсан байдаг. Түүнчлэн асаагуур, тэлээ, цоож, малгайны аль нэг хэсэгт гэх мэтээр сүүлийн гурван жилд нийт 34 килограмм алтыг иргэд хууль бусаар хилээр гаргахыг завдах үед нь хууль хяналтынхан саатуулсан байна.

Эрүүгийн шинэ хуулиар алт хууль бусаар хилээр гаргахыг завдагсдад ногдуулах шийтгэл улам багасч, зөөлөрсөн. Тодруулбал, Өмнө нь алт хууль бусаар хил давуулах завдах, давуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуучин хуулиар 5-7 жилийн хорих ялтай байсан бол шинэ хуулиар 5.4 сая төгрөгөөр торгох болгож ялыг бууруулсан байна. Энэ нь хууль бус үйлдэл хийгчдийг өөгшүүлсэн, хил гаалиар их хэмжээний аль, ашигт малтмал гаргахыг завдагчдын тоог нэмэх хуулийн нэгэн цоорхой яах аргагүй мөн юм. Хууль бусаар алт хилээр гаргахыг оролдоод хууль хяналтынханд баригдлаа гэхэд авч яваа алтныхаа өчүүхэн хэсгээр торгуулиа төлөөд л ял шийтгэлгүй, ямар нэг хариуцлага хүлээхгүйгээр өнгөрөхөөр болсон байна. Энэ нь манай оронд алт худалдан авдаг гаднын ялангуяа Хятадын ченжүүдэд олз болж буй хэрэг гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Энэ нь "Алт-II" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар, эрх бүхий яам, агентлагаас алт олборлохтой холбоотой уян хатан бодлого баримталж буй энэ үеийг ашиг хонжоо хайгчид овжиноор ашиглаж, хуулийн хэт зөөлөн бодлогод тааруулан хууль бусаар хилээр гаргахыг оролдож, гаргасаар байхыг үгүйсгэх аргагүй юм. Учир нь, манай улсын аль ч хил, гаальд алт зэрэг ашигт малтмал, үнэт металлыг илрүүлэх тусгай багаж, төхөөрөмж байдаггүй бөгөөд зөвхөн хил, гаалийн байцаагчдынхаа мэдрэмжид л найддагийг мартаж болохгүй. Тэгэхээр Алтны үйлдвэрлэлтэй холбоотой харилцаанд мөрдөгдөж байгаа хууль тоггоомжийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд хийгдэх шинэчлэл, ажлууд энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд тулгуур болох юм.


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

скачать dle 12.0

Санал болгох