Алтны бизнес Монгол улсыг хөгжүүлээгүй, хэсэг бүлэг хүнийг л хөлжүүлсэн!!!
Алтаар баяжсан олон хүн монголд өдгөө тэрбумтангуудын жагсаалтыг тэргүүлдэг гэхэд болно. Гэтэл ямар ч алт бүү хэл байгалийн баялаггүй мөрт алтаар хөлжсөн орнуудаас хурдан хөгжсөн улс ба тэрбумтангууд байдаг. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат эх орноо алтаар хөгжүүлж хөлжүүлнэ гээд 1992 онд "Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тоогүй нь Монгол орон хөгжсөнгүй харин алтаар хөлжигсөд л олон байлаа. Бас газар усаа дахин сэргээж чадахгүй болтлоо сүйтгэж бохирдууллаа. 2001 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн олборлолтоос үүдэлтэй 5.8 мянган га газар эвдрэлд орж сүйдсэн. Нөхөн сэргээлт гэдэг юмыг мэдэвч тоодоггүй байжээ. Монгол "нинжа” нараас илүүтэйгээр "Бороо Гоулд”, "Алтан Дорнод” гээд гадаадын компаниуд зөвхөн алт олборлохыг бодсоноос монголыг бодсонгүй. Хуулийн цоорхой ба улс төрчдийн ашиг сонирхлыг гадныхан ашиглаж хөрөнгөжсөн. Хятадууд гэхэд л ченжүүдийн гар дээрээс хэдэн арван тонн алт худалдаж авсан.
Ашиг нь Монгол улсдаа наалдаагүй. Эдүгээ манай орны алтны нөөц 2 мянган тонн гэдэг. 2015 онд банкинд тушаасан алтны хэмжээ 12,6 тонн байсан бол өнөө жил 14 тонн, ирэх онд 14.8 тонн болох янзтай. Монгол банкны мэдээгээр 2013 онд 71 аж ахуйн нэгж, иргэдээс 6 тонн алт худалдан авсан бол 2015 оны эхний арван сард 86 аж ахуйн нэгж, 1723 иргэн 12,9 тонн алт тушаажээ. Үндэсний статистикийн хорооны 2015 оны мэдээгээр манай улсын алтны үйлдвэрлэл Дотоодын нийт бүтээгдэхүүний 2,6 хувь бол экспортын орлогын 9,1 хувь болж байв. Урьдчилсан таамаглалаар алтны зах зээлийн үнэ 2017 оноос аажмаар нэмэгдэж эхэллээ. Энэ нь өссөөр 2018-2020 онд унц нь 1210,0-1230,0 ам.доллар, 2020-2025 онд 1250,0-1350,0 ам.доллар болж өсөх төсөөлөлтэй байгаа. Тэр чинээгээр алтнаас олох Монгол улсын ашиг орлого нэмэгдэнэ гэж төлөвлөжээ. Жишээ нь, алтны экспортын орлого 2020 онд 1177,9 сая ам.доллар, 2025 онд 1564,7 сая ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Тооцоо бол тооцоо хэдий ч зөвхөн төсөөлөл, таамаглал хоёроор хөгжил дэвшилд хүрэхгүй. Алт бол аль ч улсын эдийн засгийн гол хөшүүрэг, валютын баталгаа болдог. Ямар сайндаа алтны баялаггүй орныг дэлхийн томхон банкууд "гуйлгачингаас ялгаагүй” гэж адлах нь буй.
Азаар Монгол улс асар их баялагтай. Дэлхийн хамгийн баян нөөц бүхий арван ордын нэгд Оюутолгой багтдаг. Гэхдээ ганц Оюутолгой бус цаана нь хэдэн "Оюутолгой” байх магадлал өндөр гэлцдэг. Дэлхийн том банкуудаас гадна толгой компаниуд тэдний эзэд Монголыг байнга ажиглаж суугаа. Аятайхан завшаан таарвал монголын алтыг чадах, бүтэх хэмжээгээр нь зөөх санааг агуулж байдаг нь нууц биш. Яагаад гэвэл "Хорт Боб” хэмээх Роберт Фридландаас эхлээд "Бороо гоулд”, "Алтан Дорнод Монгол”-ын харь эзэд хэчнээн их баяжсаныг бид мартаагүй. Тэгэхлээр 1992 оноос эхэлсэн "Алт” хөтөлбөрийг давтах ёсгүй. Давтах юм бол Монгол орон ахин өндийх боломжгүй сөхөрнө. Очирбатын "Алт” хөтөлбөрийн дараа бас "Алт-2000” аян үргэлжилсэн. 1992-1996 онд 13 тонн, 1997-2000 онд 53 тонн алт олборлосон. Сүүлийн арав гаруй жилд 65,56 тонн алт олборлож 468,7 сая ам.долларын бүтээгдэхүүн борлуулаад улсын төсөвт 114,3 сая ам.долларын татвар тушаасан байгаа юм. Алтнаас ашиг гардаг нь эндээс ч харагдана.
Гэхдээ алт дагасан хүн өөдөлгүй гэсэн үгтэй. Гэвч алт ухаж, алтаар баяжигсад уруудах бүү хэл УИХ руу хуйлардаг болсон нь нууц биш. "Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэхэд л өөрөө УИХ-д хоёр удаа сонгогдон, төрийн яам толгойлохын зэрэгцээ эхнэртээ "алтны буян”-аар "аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолыг авч өгч байсныг монголчууд санаж л байгаа. Сая л гэхэд "Гацуурт”-ын босс Чинбат МУ-ын хөдөлмөрийн баатар цол хүртэн олимпийн аваргуудтай эгнэлээ.
Эдүгээ шинэ засгийн газар "Алт-II” хөтөлбөр хэрэгжүүлэхээр хөдөллөө. С.Баярын үед газар тариалан гэдэг аян хөдөлгөөн өрнөсөн Ж.Эрдэнэбат сайд уг нь газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэд төрсөн хүн байж газар тариалан, хүнсний ногооны хөтөлбөр хэрэгжүүлэх учрыг илүү ойлгомоор хүмүн байтал "Алт” аян руу ханцуй шамлалаа. Хэрэв алдвал ганц Эрдэнэбат сайд биш, зөвхөн УИХ, Засгийн газар бус Монгол Улс бүхлээрээ алдаж таарах вий.
Эцсийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь эзэнгүй л үлдэх байлгүй. "Алт I” аян эхлүүлээд П.Очирбат чамгүй хөлжсөн гэх юм билээ. Түүний банкин дахь хадгаламжийн дансанд нэг тэрбум төгрөг байж байдаг гээд л бодоод үзье. Юун түрүүнд хуулийн цоорхойны сиймхий ч гаргаж болохгүй. Наад зах нь нөхөн сэргээлтийг газар дээр нь хийлгүүлдэг байх хэрэгтэй. Үүнийг хийгээгүйгээс олон гол мөрөн бохирдож, булаг шанд ширгэсэн. Улаанбаатар хот ба түүний орчмыг цэвэр усаар хангадаг Туул гол гэхэд экосистемийнхээ хувьд хамгийн ихээр эвдэрч сүйдсэнийг зориуд анхааруулж сэрэмжлүүлэх нь зөв. Шууд хэлэхэд хариуцах эзнийг нь эхлээд шууд зарлахгүй бол алт маань бүлт болно шүү.
М.Занабазар
БАЙЛДАН ДАГУУЛАГЧ сонин 2017 он №03