Дархан хотод 2200 хүний суудал бүхий спорт цогцолбор баригдаж байна
Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох "Спорт, соёл үйлчилгээний цогцолбор” Дархан-Уул аймагт баригдаж байна. Тус цогцолборын төслийг 2011 онд 380 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр эхлүүлжээ.
Гэвч 2014 онд тус барилгыг "царцаасан" барилгын жагсаалтад оруулснаар ажил ийнхүү удааширсан байна. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар төслийн ажил урагшилж байгаа аж. Гэвч ирэх хоёр жилд үлдсэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхгүй бол барилгын ажилд шаардагдах төсөвт өртөг нэмэгдэж, хүндрэл учрах тул УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл, орон нутгийн төлөөлөл, гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр /2017.07.28/ Дархан хотод ажиллаж, барилгын гүйцэтгэлийн явцтай газар дээр нь танилцлаа. Гүйцэтгэгч компани болох "Нэмэхбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд барилгын ажлын явц өнөөдрийн байдлаар 55 хувьтай үргэлжилж байгаа тухай энэ үеэр мэдээлэв. Энэхүү 20.000 м2 талбай бүхий цогцолборт 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн таван зам бүхий 25 метрын усан бассейн, тамирчдын бэлтгэлийн болон хувцас солих өрөө байх юм. Түүнчлэн бусад бүх төрлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимууд багтаж байгаа аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхимтайгаар баригдаж байгаа нь аймгийн төдийгүй улсын хэмжээний төрөл бүрийн спортын уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэх юм. Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл найман тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх жилүүдэд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.