📅

Бүтээн байгуулалтын ажлуудыг Дархан хотын баярын өдрөөс өмнө дуусгана

🕔 2016/10/03 12:35

Бүтээн байгуулалтын ажлуудыг Дархан хотын баярын өдрөөс өмнө дуусгана

 

2016 онд Дархан-Уул аймгийн хэмжээнд ОНХС-гийн 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 60, Аймгийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар67 буюу нийт 127 төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Дээрх төслүүдээс Жишиг хороолол-4 төсөл, 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсгийн Хүүхдийн тоглоомын талбай, зам засвар, хуучин шинэ Дарханыг холбож буй 2.48 км авто зам зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2016.09.30/ аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Барилга захиалагчийн албаны мэргэжилтнүүд танилцаж, тулгарч буй асуудлуудыг хэлэлцлээ.

Бүтээн байгуулалтын хүрээнд 15 дугаар багийн Мангиртын 7 дугаар хэсэгт Хүүхдийн тоглоомын талбайг байгуулсан. Тус ажлын гүйцэтгэгчээр "Ноён өндөр" ХХК ажилласан бөгөөд 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгчээ. Ингэснээр тус багийн хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна иргэд амарч суух, бага насны хүүхдүүдээ салхилуулах орчин бүрдэж байна.

Харин "Жишиг хороолол-4” төслийн хүрээнд 8, 13, 14, 16 дугаар багийн зургаан хэсэгт тоглоомын талбайн тохижилт, гэрэлтүүлгийн ажлууд хийгдэж байна. Тус ажлыг 500 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр "Маргад Монгол” ХХК 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан ажээ.Гэвч өнөөдрийн байдлаар тохижилтын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа тул холбогдох албаныхан асуудлыг хэлэлцэн орон нутгийн компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж ирэх сарын 15-ны өдрөөс урьтаж дуусгахаар хэлэлцэж байна.

"Аймгийн хөгжлийн цогц бодлого”, "Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто замын ажил хийгдэж байгаа. Замын ажлыг 100 хувь хүлээлгэн өгөхөд гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган хүний гарц зэрэг ажлууд үлдсэн бөгөөд эдгээр ажлуудын гүйцэтгэл 10 гаруй хувьтай явагдаж байна. Гэсэн ч гүйцэтгэгч байгууллага болох "Өсөх Урам” ХХК зүгээс Дархан хотын 55 жилийн ойн баяраар шинэ замын нээлтийг хийж, ашиглалтад оруулах төлөвлөгөөтэйг дуулгалаа. Мөн зарим үл ойлголцлоос болоод хөрөнгө оруулалт саатаж өнгөрсөн зун ямар ч ажил хийгдээгүй ба энэ намраас ажил үргэлжлэн хэвийн явагдаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Г.Ундармаа тайлбарлаж байсан юм.

Энэ онд сайжруулсан шороон зам болон асфальт, бетонон хучилттай авто замын 10 гаруй ажлууд хийгдэхээс гадна замын нөхөөс засварын ажлууд ч өрнөж байгаа. Аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй холбогдох албаныхан Дархан сумын7 дугаар багийн Майхантын 1А болон Модны захын хойгуурх 414 метр авто зам, Гурилын үйлдвэрээс Чулуутын гүүр хүртэлх авто замын ажлуудтай танилцаж гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Гүйцэтгэлийн явц одоогоор 80-90 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр "Булган АЗЗА” ТӨХК-тай ажиллаж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу 10 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Мөн хуучин Дарханы нутаг дэвсгэрт "Хүүхэд Хөгжлийн Ордон" барихаар төлөвлөж зураг төсвийг нь 2015 онд хийлгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэл энэ зун эхэлсэн юм. Тус бүтээн байгуулалтыг "Минж Проперти” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажил 60 хувьтай явагдаж байна. Хүүхэд хөгжлийн ордны барилга Аймаг болон Дэлхийн зөн ОУБ-ын нийт803 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулагдаж байна. Барилгын хөрөнгө оруулалтад бэрхшээл тулгарахгүй бол энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа тухай "Минж Проперти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Буянхишиг мэдээллээ.

Дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах явцад зарим хүндрэлүүд тулгарч буйг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэллээ. Тодруулбал, Аймгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт цаг хугацааны хувьд хоцордог, хүлээгддэг асуудлууд гарч байгаа тул холбогдох яамдад нь уламжлан ойрын хугацаанд шийдвэрлэхээ илэрхийллээ. Үүнээс гадна "Жишиг хороолол-4” төслийн ажил хэт удаашралтай байгаа учраас холбогдох албаныхантай хэлэлцэж орон нутгийн гүйцэтгэгч компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүтээн байгуулалтыг 100 хувь гүйцэтгэх шаардлагатай хэмээн үзэж байлаа.

М.ГҮНЖИЛХАМ

MTA
скачать dle 12.0

Санал болгох