ОХУ-ын алдартай бөх Юрий Власкогийн аминд хүрсэн этгээдүүдийг баривчилжээ

🕔 2017/08/01 09:20
Мэдээний зураг,

ОХУ-ын өсөх ирээдүйтэй залуу бөх Байгаль нуурын эрэг дээр бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Чөлөөт бөнхийн олон улсын хэмжээний Европын залуучуудын хоёр удаагийн аварга Юрий Власко долдугаар сарын 29-ны үдэш танхай этгээдүүдийн өдүүлсэн зодооны үеэр хүзүүндээ хутгалуулж амь үрэгдсэн юм.  

ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын ирээдүйтэй тамирчин хэмээн зүй ёсоор үнэлэгддэг Юрий Власко Улаан Үүд хотноо долдугаар сарын 27-ноос зохион байгуулагдсан Борис Будаевын нэрэмжит олон улсын залуучуудын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Кавказын найз нөхөддөө нутгийн байгалийг үзүүлэхээр Байгалийн эрэг дэх Горячинск тосгонд очоод байх үед нь хэсэг этгээдүүд маргаан өдөж, зодоон үүсгэсэн байна.

Хүний аминд хүрсэн уг зодооны мөрөөр хууль сахиулах байгууллага даруй мөрдлөг шалгалт явуулж, гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Гэмт хэрэг өдүүлсэн этгээдүүд Улаан үүд хотын иргэн Раднаажав Ч, Евгений Б, Ватилий Т. нар байжээ. Хулгай дээрмийн хэргээр ял шийтгүүлж байсан уг этгээдүүд хэргийн газраас зугтаасан хойно Юрий Власко цусанд хутгалдан хэвтэж байхыг найз нөхөд нь харсан байна.

-Бид эхлээд түүнийг буудуулчихлаа гэж санасан. Гэтэл хүзүүндээ хутгалуулсан байсан. Зодоон өдөөсөн этгээдүүдээс хэн нь хутгалсаныг анзаараагүй гэж нэгэн гэрч мэдүүлэг өгчээ.

Гэмт этгээдүүдийг одоогоор Прибайкальскийн районы цагдаагийн хэлтэст хорьж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцааж байгаа аж.

Дөнгөж 20 настай байсан Юрий Власко Буриадын хамгийн ирээдүйтэй тамирчин байсан бөгөөд 1997 оны 5-р сарын 14-нд төрсөн тэрээр Дэлхийн залуучуудын 2015, 2016 оны аварга, Тивийн Алрос цомын аварга, Оросын цомын аварга, Иран, Турк болон олон улсад болсон тэмцээнүүдийн аварга тамирчин,  96 кг жинд хүч өрсөлддөг тамирчин байв.

скачать dle 12.0

Санал болгох