Судлаач Д.Ганхуяг: Хоёр том үйл явдал
Биднийг сонгууль гээд балайрч байх хооронд манай хоёр аварга хөршид хоёр том үйл явдал болов. Нэг нь энэ 05 сарын дундуур Бээжинд болсон "Нэг бүс – нэг зам” олон улсын форум, нөгөө нь 06 сарын эхээр Санкт-Петербургт болсон "Санкт-петербургийн эдийн засгийн форум” юм. Энэ хоёр үйл явдал дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж үзэж болно. Энэ хоёр үйл явдал Монгол Улсад туйлын их хамаатай атал манайхан сонгуулийн хэрүүлээсээ болоод огт тоохгүй байна. Энд өгүүлэх зүйлс Ерөнхийлөгчийн сонгуультай шууд холбоогүй, гэхдээ Монголын хувь заяанд олон талаар хамаатай. Иймээс эдгээр том үйл явдлыг товч өгүүлэх нь монгол судлаач миний үүрэг юм.
Санкт-Петербургийн форум
Уг нь энэ форум бүр 1997 онд үүссэн юм. "Орос Давос” гэж нэрлэдэг энэ форумыг саяхан болтол нэг их тоож байгаагүй. Орос нь алдагдсан байр сууриа сэргээх, Баруун нь түүнийг доош хийх гэсэн далд тэмцлийн дунд энэ форум болж байсан. Анхандаа тус Форум ердөө л бүс нутгийн форум байлаа. Гэвч ОХУ улс төр, эдийн засаг, цэргийнхээ хүчийг бүрэн сэргээснээр үл барам Барууны тавьсан хоригийг үл тоон ихээхэн амжилт олсны нотолгоо нь энэ удаагийн дэлхийн хэмжээний XXI форум болов.
Зөвхөн Форумын хөтөлбөрийг боловсруулахад ОХУ, Европ, АНУ, Австрали, Азийн 500 гаруй тэргүүлэх мэргэжилтнүүд оролцсоноор Форумын цар хүрээг төсөөлж болно. Сэдэв нь "Даяар эдийн засгийн тэнцвэрийн шинэ цэгийг олох оролдлого”. Аварга сэдэв шүү…
Барууны тавьсан эдийн засгийн хоригийг үл харгалзан тус Форумд дэлхийн 143 орны 14 мянган төлөөлөгч, түүний дотор ОХУ-ын 700, гадаадын 400 компани оролцсон ба анх удаагаа АНУ – ОХУ-ын яриа (диалог) болов. Гадаадын 30 орны 45 ерөнхий сайд, сайд оролцов. Форумыг дэлхийн 83 теле суваг мэдээлж, 28 телевиз шууд дамжуулжээ.
Форумын үр дүнд 1817,9 миллиард рублийн 475 гэрээ хэлэлцээр байгуулжээ. Харьцуулахад 2015 онд 205, 2016 онд ердөө 356 гэрээ хэлэлцээр байгуулж байсан юм.
Санкт-Петербургийн Форумд В.Путин оролцож үг хэлсэн ба түүний гол санааг ихэд товчлон хүргэе:
Дэлхийн эдийн засаг 2008-2009 оны хямралын дараа санхүүгийн балансаа зарим талаар тулгаж, өрийн өсөлтийн асуудлыг даван туулж чадаагүй ч мөнгөн урсгалыг тунгалаг, удирдагдах болгож чадлаа. Гэсэн хэдий ч даяар эдийн засагт хуримтлагдсан бүтцийн асуудлууд хэвээрээ байна. Өсөлт гаргах гэсэн оролдлогууд болж бүтэхгүй байна.
Эдийн засгийн тодорхойгүй байдал, өсөлтийн өмнөх эх сурвалжууд шавхагдсан зэрэг нь өнөөгийн геополитикийн хурцадмал байдалтай холбоотой. Дэлхийн тэргүүлэх гүрнүүд өсөлтийн эх булаг хайж байна, технологийн аварга их потенциалаа ашиглах, капиталжуулах боломж хайж байна.
Тоон болон аж үйлдвэрийн технологи, робот техник, эрчим хүч, биотехнологи, ангаах ухаан болон бусад салбарт гарч буй нээлтүүд нь технологийн жинхэнэ хувьсгал, хөдөлмөрийн бүтээмжийн тэсрэлтэт өсөлтөд хүргэх чадвартай бөгөөд ийм үйл явц гарцаагүй болж бүхэл бүтэн салбарыг хүртэл шинээр зохион байгуулах, олон үйлдвэр, активууд үнэгүйдэх, мэргэжил, нэр хүндийн эрэлтийг өөрчлөх, уламжлалт болон бүрэлдэн буй зах зээл дэх өрсөлдөөнийг улам хурц болгож байна.
Өнөөдөр бид шинэ үеийн технологиос гарах үр ашгийг өөрөө л хүртэх, түүнийг монопольчлох оролдлого гарч байгааг харж байна. Гэвч орчин үеийн ертөнцөд шинэ технологийг хаалттай орон зайд удаан торгоон барих боломжгүй.
Өнөөдөр бүрэлдэн тогтсон технологийн болон эдийн засгийн зорилтуудын цар хүрээ зөвхөн хоршоолсон холбоо байгуулж, хамтран ажиллаж байж шийдвэрлэх боломжтойг харуулж байна.
2025 он гэхэд Евразийн эдийн засгийн Холбоо (ЕАЭЗХ) эрчим хүч, нүүрс ус төрөгч, санхүүгийн нэгдсэн зах зээл бүтээнэ. ЕАЭЗХ-той 40 гаруй улс, олон улсын байгууллагууд хамтран ажиллах саналаа илэрхийлээд байна. Бид ЕАЭЗХ-г илүү өргөн интеграцийн хүрээ төлөвшин хөгжих төвүүдийн нэг болж чадна гэж үзэж байна.
Саяхан бид Астана хотноо хуралдаж, ЕАЭЗХ-ны орнууд бидэнтэй дотно харилцаатай Хятад, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг орнуудтай хамтран ажиллах замаар Евразийн том хамтын ажиллагааны талаар бодож үзэхийг санал болгож байна.
Энэ оны 6 дугаар сараас эхлэн бид Хятад хамтрагчидтайгаа нийлж ЕАЭЗХ-ын улсууд болон БНХАУ оролцсон бүхнийг хамарсан худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа бүтээх гэрээ хэлэлцээрийн албан ёсны гарааг эхэллээ. Энэ бол Евразийг хамарсан том хамтын ажиллагааны анхны алхмын нэг болно болно гэж бодож байна.
Бидний санал болгож буй "Том Еврази” төсөл бол мэдээж хэрэг Европт нээлтэй бөгөөд ийм хамтын ажиллагаа Европын Холбоонд ч ашигтай юм. Евразийн Эдийн засгийн Холбоо болон Европын Холбооны хооронд зөвшилдөөн (консультаци) явуулах Казакстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагад баяр хүргэж байна.
Орос улс эдийн засаг дахь хамгийн хурц, урсгалд асуудлаа шийдвэрлэж чадлаа. Бид ойрын ирээдүйд өсөлтөө сэргээнэ гэж тооцож байна.
Бид технологийн хөгжлийг удирдах системээ бараг бүтээж дуусгаад байна. Ерөнхийлөгчийн дэргэд Стратегийн хөгжил, ирээдүйтэй төслийн Зөвлөлийг байгуулж байна.
Дараагийн арван жилд дэлхий ихээхэн өөр болох нь мэдээж хэрэг. Эдүгээ болж буй аварга үйл явцыг үл тоомсорлох, үгүйсгэх нь хөгжлийн замын хажууд гээгдэнэ гэсэн хэрэг мөн.
Бээжингийн "Нэг бүс-нэг зам” форум
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2013 оны намар "Торгоны замын эдийн засгийн бүс”, "XXI зууны Далайн Торгоны зам” гэсэн хоёр аварга төсөл санаачилсан юм. Сүүлийн үед энэ хоёрын нэгтгэн товчилж "Нэг бүс- нэг зам” төсөл гэж нэрлэх болсон. Энэ аварга төслөөр болсон Форумд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгчид оролцжээ. Хятадын төслийн үзэл санаа 4 жилийн дотор НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн баримт бичгүүдэд ямар нэг байдлаар туссан аж.
Форумыг нээж Ши Жиньпин дарга түүхийн гүн ухаанаас эхэлсэн ба энэ үгээс товч өгүүлье: Хоёр мянган жилийн өмнө эртний торгоны зам хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Агуу Их Торгоны замын үзэл санаа хүмүүний соёл иргэншлийн үнэ цэнэтэй өв мөн. Энэ нь энх тайван ба хамтын ажиллагаа, нээлттэй бөгөөд өргөжин тэлэх шинж (инклюзивность), харилцан суралцах, харилцан ашигтай, бүгдээрээ хожоотой байх зэрэг олон ойлголтыг багтаадаг. Түүх бол хамгийн шилдэг багш мөн.
Орчин үед эерэг өөрчлөлтүүд олон гарсан хэдий ч хүн төрөлхтөн ноцтой дуудлагын өмнө ирээд байгаа ба энэ талаар байнга бодож эрэлхийлж байна.
Ши Жиньпин "холбогч 5 элемент” гэж нэрлэсэн хамтын ажиллагааны 5 хүрээнд хийсэн ажлаа дурдав. Энэ "холбогч 5 элемент” нь: улс төрийн зохицуулалт; дэд бүтцийн харилцан холбоо; хориг саадгүй худалдаа; капиталын чөлөөт шилжилт; ард түмнүүдийн холбоо харилцааг бэхжүүлэх зэрэг болох аж.
Улс төрийн хүрээнд асар их ажил хийжээ: ОХУ-тай ЕАЭЗХ-той холбоотой байх; Казахстантай "Гэрэлт зам” хөтөлбөр; АСЕАН-ны гишүүд болон Турктэй "Төв коридор” хөтөлбөр; Вьетнамтай "Хоёр коридор, Нэг тойрог”; Их Британитай "Northern Powerhouse”; Польштой "Хувны (янтарь) зам”, мөн Монголтой "Хөгжлийн зам” төслийн асуудлаар улс төрийн хувьд тохирсон байна. Эдгээр төслүүд нь бүгдээрээ тухайн улсын санаачилсан төслүүд аж. Одоо Лаос, Камбож, Мьянма, Унгартай бодлого зохицуулах ажил хийж байна. Ийм маягаар Хятад 40 гаруй улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба одоо 30 гаруй улстай үйлдвэрлэлийн хүчин чадлын хүрээний хамтын ажиллагаагаа хүчтэй болгож байна.
Хятад 4 жилийн дотор Индонезид хурдны төмөр зам; Хятад – Лаосын төмөр зам; Аддис – Абеба (Эфиопи) – Жибутийн төмөр зам; Будапешт – Бергийн (серби) төмөр зам зэрэг дэд бүтцийн төслүүдийг хөдөлгөж чадсан байна. Одоо Хятад – Пакистан, Хятад – Монгол – Орос гэсэн эдийн засгийн коридор бүрэлдэж байна.
Худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээнд мэдэгдэм амжилт олсныг Ши Жиьпин дурдав. Тухайлбал, Казакстан болон Төв Азийн бусад орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гаалиар нэвтрэх хугацаа 90% багасчээ. 2014-2016 онд Хятадын "замын дагуу” орнуудтай хийсэн худалдаа 3 триллион доллар хүржээ. Мөн Хятадын "замын дагуух” стануудад хийсэн хөрөнгө оруулалт 50 миллиард доллар давжээ.
Хятад улс 20 гаруй орны эдийн засгийн хамтын ажиллагааны 56 бүсэд 180 мянга ажлын байр бүхий үйлдвэрийн газар барьсан байна.
Санхүүгийн хүрээнд Ши Жиьпин "лонхны хоолой”-ны тухай онцгойлон дурдаж энэ талаар хийж буй ажлаа дурджээ. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк "Бүс болон зам”-ын хүрээний 9 төсөлд 1,7 миллиард долларын зээл олгожээ.
Торгоны замын Сангийн хөрөнгө оруулалт 4 миллиард доллар хүрэв. Хятад хийгээд Төв болон Зүүн Европын 16 улс "16 + 1” хэлбэр бүхий хамтарсан санхүүгийн холдинг байгуулав. Хятад "замын дагуу” орнуудад жил тутам 10 мянган оюутанд Засгийн Газрын олгохоор болов.
Эцэст нь Ши Жиньпин "Нэг бүс нэг зам”-ыг Хятад хэрхэн үзэж байгааг танилцуулав:
Нэг. Энэ бол энх тайвны зам. "Замын дагуу” улс орнууд бие биеийнхээ бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн зам, нийгмийн байгуулал, чухал ашиг сонирхлыг хүндэтгэх байх ёстой.
Хоёр. Энэ бол хөгжил дэвшлийн зам. Хөгжил бол бүхий л асуудлыг шийдвэрлэх универсаль түлхүүр юм. Нийтээрээ хөгжихийн тулд аж үйлдвэрийн хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой, орчин үеийн эдийн засгийн "цус болсон” санхүүгийн эргэлт саад тотгоргүй байх ёстой, мөн харилцан хамааралт дэд бүтцийг хөгжлийнхөө үндэс болгох ёстой.
Гурав. Энэ бол нээлттэй байдлын зам. Нээлттэй байдал дэвшил хөгжлийг, хаалттай байдал хоцрогдлыг авчирдаг. Хятад улс бүх талын хамтын ажиллагааны нээлттэй тавцан (платформ) бүтээх, дэлхийн нээлттэй эдийн засгийг хамгаалж, хөгжүүлэх, хөгжилд нээлттэй таатай орчин бүтээхийг зорьж байна. Худалдаа бол эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр учраас олон талт худалдааны системийг хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалтыг хялбарчлах нь чухал. Хятад нээлттэй, өсөн тэлэх, тэнцвэржсэн, бүхэнд хожоотой эдийн засгийн даяаршлын төлөө байна.
Дөрөв. Энэ бол инновацын зам. "Бүс ба зам”-ыг бүтээхэд цифрийн эдийн засаг, хиймэл оюун ухаан, нанотехнолои, квантын компьютер зэрэг инновацийг ашиглах болно. "Ногоон” хөгжлийн шинэ үзэл санааг хэрэгжүүлэх замаар 2030 он гэхэд бүх нийтийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхээр төлөвлөж байна.
Тав. Энэ бол соёлын зам. "Замын дагуу” улс орнуудын хооронд соёл хоорондын солилцоо идэвхитэй хөгжих болно.
Ши Жиньпин дэлхий нийтэд хандаж: Хятад энх тайвнаар зэрэгцэн орших 5 зарчмын үндсэн дээр "замын дагуу” улс орнуудтай найрамдал, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүх дэлхийтэй хөгжлийн туршлагаа хуваалцаж, ямар ч тохиолдолд бусад улсын дотоод хэрэгт хутгалдан оролцохгүй гэдгээ онцлон дурдав.
Хятад Торгоны замын Сангаа ахин 100 миллиард юанаар нэмэгдүүлэв. Хилийн чанад дахь юанаар хийх гүйлгээг тус Сан дэмжинэ. Урьдчилсан тооцоогоор энэ нь ойролцоогоор 300 миллиард юань болох аж. "Бүс ба зам”-д Хятадын Хөгжлийн улсын банк 250, Хятадын Импорт-экспорт банк 130 миллиард юаны зорилтот зээл олгосон байна.
Ирэх 5 жилд Хятад 2500 залуу эрдэмтдийг богино хугацаагаар өөртөө хүлээн авах, 5000 эрдэм шинжилгээ-техникийн болон удирдах боловсон хүчин бэлтгэх, 50 хамтарсан лаборатори байгуулахаар төлөвлөжээ. Ойрын 3 жилд "Бүс ба зам” төсөлд оролцож буй улс орон, олон улсын байгууллагуудад 60 миллиард юаны санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ. Мөн "замын дагуух” хөгжиж буй орнуудад 2 миллиард юаны хүнсний тусламж үзүүлнэ гэв.
Хамгийн сүүлд Ши Жиньпин хятад, араб, европын түгээмэл зүйр үг хэлсэн ба энэ нь "ямар ч том ажил бол урт удаан, шаргуу хөдөлмөрийн үр дүн байдаг” утгатай аж.
Бодол
Манай хоёр талд ердөө л 10-аад хоногийн зайтай хоёр аварга үйл явдал болсон нь санамсаргүй явдал биш. Гаргаж буй шийдвэр нь хэт алсыг харсан, аварга цар хүрээтэй, удаан жилийн үйлс байна. Энэ нь Монгол Улсын хувьд заяанд хамгийн их хамаатай том үйл явц гэж бодож байна.
Орос "Том Еврази”, Хятад "Нэг бүс-нэг зам” хэмээх аварга төсөл санал болгож байна. Мөн энэ хоёр аварга төслөө нэгтгэх, уялдуулах, зохицуулах талаар гэрээ хэлэлцээр хийж эхлээд байна. Хятад нь зам, дэд бүтэц зэрэгт асар их мөнгө хаяж төслөө шамдуулж байгаа бол ОХУ улс төр, эдийн засгийн төрөл бүрийн механизм ашиглан бодлогоо хэрэгжүүлж байна. Мөн хоёулаа шинжлэх ухаан-технологийн дэвшилд асар их анхаарч байгаа нь илт байна.
Энэ өгүүлэлд бусад дэлхийн улсын тухай огт хөндөөгүй. Дэлхийд Орос, Хятад хоёроос гадна АНУ, Европын Холбоо зэрэг олон хүчирхэг улс байдаг, тэдний мэдэлд энд дурдсан аварга тоо баримтаас дутахааргүй улс төр, эдийн засгийн аварга их чадавхи бий. Мөн ОУВС, Дэлхийн банк зэрэг хүчирхэг санхүүгийн бүтэц бий. Ингээд үзэхэд монголчууд бид хамгийн түрүүнд ам хэлээ биш, толгойгоо ажиллуулах ёстой болоод байна.
Манайхан аливаа асуудлыг сонгуультай холбон түүнийг механик байдалд оруулан хэрэлддэг нь үнэндээ адгийн тэнэглэл мөн. Энэ өгүүллийг МАН: харин тийм, манай нам, М.Энхболд дарга энэ интеграцид нэгдэн орно гэж байгаа. Тэгсэн чинь Х.Баттулга "саад” болоод Хятадтай "муудалцах” гээд байна. АН: Хятадын мэдэлд орохгүй, тэдэнд эзлэгдэхгүй байх нь монголчуудын язгуур мөн чанар гэж зүтгэхийг би сайн мэдэж байна.
Интеграцид орно гээд өөрийн язгуур эрх ашгаа умартаж, хэт тэнцвэргүй, нэг улсаас хамааралт байдалд орох нь нэгэн тэнэглэл. Интеграциас зайлсхийн ухран зугтаж, түүнээс хоцорч ганцаараа үлдэх нь өөр нэгэн тэнэглэл.
Хэрэв нэгэнт интеграци зайлшгүй ахул өөрийн язгуур эрх ашиг, тэгш эрх, тэнцвэрт байдлыг хамгийн эхэнд бодох нь түмэн зөв. Иймээс Х.Баттулгын хэлдэг санаа илүү зөв…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn– ээс уншина уу?