Монголын газрын тосны “газрын зураг”-2

🕔 2017/04/20 13:27

Монголын газрын тосны “газрын зураг”-2

 

Монголын газрын тосны "газрын зураг” 20 гаруй жил зурагдсан ч улс төр, ашиг сонирхлын "агуу” зөрчлөөс болж одоог хүртэл биеллээ олж боловсруулах үйлдвэр байгуулж чадаагүй тухай "Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа онцолсон. Тэгвэл энэ удаа газрын тосны зургийг хэрхэн төсөөлж байгаа тооцоо судалгаа, шийдвэр гаргагчид, салбарын мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна. Олон жил ярьж хэлж, бүр үйлдвэрийн шав тавьж байсан энэ салбарт мэргэжлийн Засгийн газар дорвитой хөдөлж Энэтхэг улсын тусламжаар үйлдвэр барихаар болоод буй. Монгол Улс газрын тос олборлож байгаагаас хойш үйлдвэр барих нь зайлшгүй. Гагцхүү сайн тооцоо судалгаатайгаар ажлыг эхлүүлэхийг эх сурвалжууд хэлж байна.

 
Б.Баттөмөр /УИХ-ын гишүүн/:

САЙНШАНД ДАХЬ ҮЙЛДВЭРТ ХООЛОЙ ТАТАХ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ БИШ

-Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар 27 жил ярьсан ч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Үүний гол шалтгаан нь бүх ажил улс төрждөгтэй холбоотой. 2008 онд үйлдвэрийн шав тавьж байсан. Японы тусламжтайгаар 1.5 тэрбум ам.долларт жилд хоёр сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах эхлэл тавьж байлаа. Засгийн газар солигдоход өмнөх нь төлөвлөсөн ажлыг үргэлжлүүлдэггүй нь харамсалтай. Сайншанд дахь үйлдвэрийн хувьд 1.5 сая тоннын хүчин чадалтай. Энэ бол жижиг хэмжээтэй үйлдвэрт тооцогдоно. Ийм хэмжээний нефть тээвэрлэхэд хоолой татах нь зөв шийдэл биш. Түүнээс гадна Энэтхэгийн зээлийн нөхцөлийг сайн судлах хэрэгтэй. Энэтхэгийн технологийг ашиглана гэх үү, өөрсдөө сонгох уу гэх зэрэг. Энэтхэгийн технологийг ашиглана гэвэл манай орчин нөхцөлд хэр тохирох вэ гэдгийг нарийн тооцох хэрэгтэй.
 Монголын газрын тосны “газрын зураг”-2
Ц.Багмид /Доктор, профессор/:

САЙНШАНД ИРЭЭДҮЙД УСГҮЙ БОЛНО

-Үйлдвэр барихад гурван асуудал шийдсэн байх ёстой. Нэгдүгээрт, түүхий эдээ хаанаас хангах вэ, ямар чанартай түүхий эд байх вэ гэж. Тамсагийн олборлолт ойрын жилүүдэд 1.5 сая тн-д хүрэх байлгүй. Тамсагаас нааш яажa авах вэ гэдэг асуудал гарна. Өмнө нь Тамсагаас түүхий тосыг хоолойгоор татаж Бор-Өндөрт боловсруулах үйлдвэр барихаар Унгарын компани ТЭЗҮ боловсруулсан байсан. Түүнд бол техникийн хувьд шийдэх асуудал байсан. Манай нефть +23 хэмд царцдаг. Ийм нефтийг хоолойгоор татахад хэд, хэдэн арга байдаг. Нефтээ халаана. 600 км хоолойгоор татна гэвэл хэд, хэдэн удаа халаах болно. Эсвэл бензин хольж шингэлнэ. Гурав дахь нь өтгөн нефтийг царцаадаггүй нэмэгдлүүд байдаг. Энэ нь нэлээд үнэтэй. Түүнээс алиныг нь шийдэх нь уг ТЭЗҮ-д байгаагүй. Зөвхөн бензин холих тухай товчхон дурдсан. Хоёрдугаарт, усны хүрэлцээ. Сайншанд ус муутай газар. Хэрлэн голыг түшиглэх хувилбарт Бор-Өндөрийн үйлдвэр арай дөхөм байсан. Сайншандад бол гүний ус хэрэглэнэ. Нэг тн газрын тос боловсруулахад нэг шоо метр ус хэрэгтэй. Хоёр сая тн тос боловсруулна гэвэл хоёр сая тонн усыг газрын гүнээс авна гэсэн үг. Ийм маягаар 20 жилийн дараа дорноговийнхон уух усгүй болно. Хэрлэнгээс ус татвал нэлээд хол татах болно. Би өөрөө Дорноговийн хүн. Гэхдээ би нутгаа алс ирээдүйд уух устай байгаасай л гэж бодож байна. Түүнээс гадна технологийг зөв сонгох ёстой. Ялангуяа ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс сайн оролцож технологийн шийдлийг гаргах нь зөв. Юу юугүй барина гэж давхивал бүтэхгүй.

 
Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/:

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

-Манай улс нэг сая гаруй түүхий тос экспортод гаргаж байгаа. Үүнийгээ ашиглахад бид дотоодын хэрэгцээгээ хангана. Хэдийгээр бид бүтээгдэхүүнээ экспортолж байгаа ч эргээд "Петро Чайна Дачин Тамсаг”-аас валютаар бүтээгдэхүүнээ худалдан авна. Ийм тогтолцоог өөрчилмөөр байгаа юм. Монголыг дотооддоо үйлдвэртэй болгохгүй байх гадныхны нөлөө байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л бид тусгаар тогтносон улс юм чинь стратегийн чухал энэ асуудалдаа анхаарч, шуурхай ажиллах хэрэгтэй. Хоёр хөрш орноос худалдан авалт хийхгүй, дотоодын хэрэгцээгээ хангадаг боллоо гээд тэдгээр улсын эдийн засагт нөлөөлөх зүйл огт байхгүй. Харин төрийн өмчит компани байгуулахыг дэмжихгүй байгаа. Төр бизнес хийх нь үр дүнгүй, зохимжгүй гэдгийг  бид харсаар л байна. Хувийн хэвшлээ дэмжээд, хууль эрх зүйн орчноо сайжруулаад өгвөл хийх бүрэн боломжтой.

 
Б.Баатарсүх /УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын бодлогын дарга/:

ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРСНООР 507 МЯНГАН ТОНН БЕНЗИН ҮЙЛДВЭРЛЭНЭ

-Энэтхэг улсын "Эксим” банкны нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтаар анх  төмөр зам, дэд бүтцийн чиглэлд хөрөнгө оруулахаар тохиролцсон байсан. Хоёр орны хооронд хийсэн гэрээ хэлэлцээрт өөрчлөлт оруулах асуудал яригдаж, манайх хөрөнгө оруулалтынхаа зориулалтыг өөрчилж, хүнд үйлдвэрт хөрөнгө оруулалт авах нь зөв гэж үзээд, саналаа явуулсан. Манай улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдсэн. Манай улс одоогийн байдлаар жилд нэг сая 50 мянган тонн газрын тос олборлож байна. Цаашдаа нэг сая 500 мянган тонн түүхий тос олборлож эхлэх бөгөөд 2040 он хүртэл тогтвортой байна. Бид Дорнод аймгийн Матад сум буюу 19, 21 дүгээр талбайгаас олборлож байгаа түүхий эддээ тулгуурласан газрын тосны  бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.  Үйлдвэр ашиглалтад орсноор ойролцоогоор 507 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 30 мянган тонн онгоцны шатахуун үйлдвэрлэх юм.

Л.Долгормаа /Байгаль орчны зөвлөх "Ажэд” компанийн захирал, доктор профессор/:

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР БАЙГАЛЬ ОРЧИНД ХАЛТАЙ

-Газрын тосны үйлдвэр байгуулахыг дэмжинэ. Гагцхүү байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар сайн судлах нь чухал. Налайхад барихаар шийдвэрлэсэн газрын тосны үйлдвэр гэхэд байгаль орчинд учруулах нөлөөллийг бууруулах ямар ч төлөвлөгөө байгаагүй. Тиймээс бид эсэргүүцэж тэмцсэний үр дүнд судалгаа, шинжилгээ хангалтгүй үйлдвэр барихыг зогсоож чадсан. Газрын тосны үйлдвэр байгаль орчин, хүн амд маш сөрөг нөлөөтэй. Үүнийг л сайн судалж, үндэсний эрдэмтдийнхээ хамтаар зөв шийдвэрийг гаргаасай. Манайхан гадныхан гээд л хаа, хамаагүй хүн аваад ирдэг. Мэдээж гадныхан мэдлэг, чадвартай, туршлагатай байх нь гарцаагүй. Гэхдээ Монгол Улс байгаль цаг уур, хүн амын суурьшлын хувьд онцлог. Үүнийг гадны мэргэжилтнүүд хэр мэдэрч зөвлөгөө судалгаа хийх вэ гэдэг нь асуудал. Эцэст нь гарах үр дагавар, хариуцлагыг тэд хүлээхгүй нь ойлгомжтой. Тиймээс маш нарийн судалгаа хэрэгтэй гэдгийг дахин хэлье.
 Монголын газрын тосны “газрын зураг”-2



скачать dle 12.0

Санал болгох