Чөлөөтийнхөн Д.Дагвадоржоос л салбал сайхан болно гэсэн яасан бэ

🕔 2017/05/15 12:02

 

1993-2008 оны хугацаанд нэг хүний өмч шиг, аж ахуй шиг явж ирсэн гэх Монголын чөлөөт бөхийн холбоо 2009 оноос зөв голдиролдоо орсон гэж чөлөөтийнхөн төдийгүй бөх сонирхогчид ярьдаг. Түүгээр ч зогсохгүй энэ цагаас эхлэн амжилтын үүд нь нээгдэж, олон медаль авч, олон гавьяат дасгалжуулагч, тамирчин төрсөн гээд бахархаж ярих зүйл олонтой болж. Гэвч сайн зүйлийг саар зүйл дагаж байдаг хойно, холбооны үйл ажиллагааг зогсоох гэсэн бүтэлгүй оролдлогууд үргэлжилсээр. 


Энэ бүхэн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч О.Пүрэвбаатар "Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа "Монголын чөлөөт бөхийн холбоо бидний /Л.Энхбаяр, Б.Баяраа, Ц.Цогтбаяр/ гаргасан амжилтад ямар ч нөлөө үзүүлээгүй. Яахав Л.Чинбат дарга бидэнтэй  жаахан хамтарч ажилладаг байсан байж магад” гэх мэдээллээс улбаатай. Угтаа "Гацуурт”-ын Л.Чинбатын чөлөөт бөхийн спортод оруулсан хувь нэмэр, гавьяа гарын арван хуруунаас хол давахаар их. Хуучнаар "Олимп” сургуулийн заалыг түшиглэж эмэгтэй чөлөөт бөхийн охидын академийг байгуулж өгсөн. Тэдний амжилт ч шил шилээ дагаж 2010 онд  С.Батцэцэг дэлхийн аварга, 2012 онд олимпын хүрэл, 2013 онд дэлхийн цомын түүхнээ анхны мөнгөн медаль, 2015 онд дэлхийн цомын хилийн чанддахь анхны хүрэл медаль, 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, олимпын эрх авсан гээд амжилтынх нь ард өнөө муу хэлэгддэг их аварга Д.Дагвадорж, "Гацуурт”-ын Л.Чинбат нар л байсан юм. 

Харамсалтай нь, О.Пүрэвбаатарын дээрх болчимгүй ярилцлагаас болж Л.Чинбат өөрийн цахим хуудаснаа "Чөлөөт бөхийнхөнд маань гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч миний тусламж хэрэггүй болсон бололтой. Хамтран зүтгэсэн бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхэндээ цаашид улам өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг мөнхөд өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе! Миний бие хэдий чөлөөт бөхийн спортод хөрөнгө оруулахаа зогсоож байгаа ч Монголын спортын хөгжилд хувь нэмрээ оруулсан хэвээр байх болно” гэсэн мэдээлэл оруулж МЧБХ-г орхих болсноо дуулгасан. 

Гэвч хэрүүл, тэмцэл үүгээр дуусаагүй. МЧБХ-ноос Д.Дагвадорж аваргыг л явуулах юм бол бүх зүйл сайн сайхан болно гэж итгүүлж байсан чөлөөт бөхийн зарим багш, дасгалжуулагч нар "Түр хороо” гэгч байгуулж холбооныхоо ерөнхийлөгч Д.Дагвадоржийг огцрохыг шаардаж байв. Ингэхдээ шаардах бичигтээ Д.Дагвадоржийг "сайд дарга, эсвэл гадныхантай гайхмаар эелдэг нялуун харилцдаг”, "ичихгүйгээр хоёр нүүр гаргаж чаддаг, бялдууч”, "Монгол Улсын нэр хүндийг гутаан доромжлогч” гэх мэтээр бичсэн байдаг. Тухайн үед МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж "Намайг огцрохыг шаардсан мэдээлэл гарлаа гээд би тэдний хэнтэй нь ч утсаар ярьж, чөлөөтийнхний бэлтгэл дээр очиж дарамтлаагүй. Бидний эрхэм зорилго тамирчдынхаа амжилтыг дэлхий нийтэд гаргаж, Монголынхоо тугийг мандуулах шүү дээ. МЧБХ-ны зүгээс чөлөөт бөхөд бүхий л бололцооныхоо хэрээр хөрөнгө оруулалтыг хийж, топ спортынхоо бодлогыг барьж ажилладгийн хувьд шаардлагыг өндөр түвшинд тавьдаг. Спорт бол хатуу дэг жаяг, шаардлагын үндсэн дээр амжилтад хүрдэг. Энэ үүднээс тавьсан шаардлагыг манай багш, дасгалжуулагчид зөвөөр ойлгож хүлээн авч чадахгүй байна” хэмээн хэлж, хүлээцтэй хандахыг хичээж байсан. Гэсэн хэдий ч тэр удаа дараагийн дайралтаас залхаж, цөхөрч гүйцсэн болохоор Л.Чинбатын адил МЧБХ-г орхисон. 

Үнэндээ тэр 2009 оноос хойш чөлөөт бөхийн спортод хөрөнгө хаяж 2013 оноос эхлээд чөлөөт бөхийн холбоог албан ёсоор толгойлж, тив дэлхийд эрэгтэй, эмэгтэй тамирчдын амжилт гаргах нөөц бололцоог гаргахын төлөө сэтгэлээ зориулсныхаа шанд адлагдаж хэвлэлийн бай болсон. Олимпын, эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах  тэмцээний алтан медалийг өөртөө биш Монгол Улсдаа данслах гэсэндээ тамирчдадаа зориулж хэдэн 100 сая төгрөгийн өртөгтэй бэлтгэлийн заалыг "Найрамдал”  хүүхдийн зусланд байгуулсан гавьяатай. Тухайн үед энэ мэт хийсэн ажлаа хэвлэлээр нэг тунхаглаад явсан бол өдийд "Д.Дагвадорж чөлөөт бөхийн төлөө юу хийсэн юм бэ" гэж адлагдаж суухгүй л байлаа. 

Түүнийг ийн муулах хэсэг байхад сайшаах нэгэн ч байдаг гэдгийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, тус холбооны удирдлагууд "МЧБХ-нд Д.Дагвадорж ирснээс хойш их зүйл өөрчлөгдсөн. Томоохон хэмжээний спорт цогцолбор барьсан. Энэ цогцолбор барих мөнгөний 90 хувийг харамчаараа дуудуулж байгаа Д.Дагвадорж аварга өөрөөсөө гаргасан. Үүний үр дүнд бид 2012 онд олон жил тасраад байсан олимпын медалийг авчирч чадсан. Ер нь спортын амжилтыг зөвхөн тамирчин болон дасгалжуулагчийн ажил гэж харж болохгүй. Үүний цаана том баг ажилладаг.  Харин ч Д.Дагвадорж холбоог маш сайн авч явсан” гэх тайлбар өгч байв. 

Гэвч МЧБХ-ноос Д.Дагвадорж аваргыг л явуулах юм бол бүх зүйл сайн сайхан болчих гээд байна гээд байсан багш, дасгалжуулгагчдын санаа амарсангүй. Дараа дараагийнхаа хүмүүсийг ч онилоод эхэлсэн бололтой юм. Ахмад үеийнхнийхээ амжилтыг үгүйсгэж, доог тохуу хийхийн зэрэгцээ "Хасу Мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюушийг янз бүрээр хэлэх нь олширч эхлэв. Энэ хүнийг спортод бие сэтгэлээ зориулсан гэдгийг спортынхон андахгүй. Харамсалтай нь, түүн рүү чиглэсэн дайралтууд нь энэ хэвээрээ үргэлжлэх бол гараа өргөөд яваад өгнө гэж тэрээр ойр тойрныхондоо хэлж байгаа сурагтай. Үнэндээ МЧБХ-ныхон энэ хүнийг явуулахад хүрвэл эцсийн дүндээ өөрсдөө л хохироод үлдэнэ. Бас нэг тулах багана үгүй болно гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй өөрсдөө гадарлаж буй. Энэ хүн чөлөөт бөхийн холбоог орхивол хадгаа бариад угтах холбоод олон байгаа гэдгийг энэ дашрамд сануулахад илүүдэхгүй биз. 
Харин энэ бүхний үр дүнд хэн хожих вэ. Энэ жил манай тамирчид Азийн аварга, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхгүй болох шахлаа. Эцэст нь хэн нэгэн дасгалжуулагч, тамирчны нэр гэхээс илүүтэйгээр Монгол улсын нэр хүнд гардгийг уг нь хамгийн сайн мэдэх хүмүүс нь тамирчид, дасгалжуулагч нар өөрсдөө л байх ёстой. "Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэгчээр цөөхөн хэдэн тамирчид маань ядаж эх орныхоо нэрийг бодоод хов жив, хэрүүл тэмцлээс хол байгаасай билээ. 

Эх сурвалж: www.assa.mnскачать dle 12.0

Санал болгох