Т.Галсан: Өмгөөлөгч хүн ядарсан олныг, хүчин буурайг өмгөөлж, шударга үнэний талд зогсох ёстой
Өнөөдөр зууны мэдээ сонины хэвлэлийн хурлын танхимд яруу найрагч Д.Галсансүх, АУЗ Т.Галсан, Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар хэвлэлийн хурал хийлээ.
29-р тусгай сургуулийн багш сурагчдын хооронд үүссэн асуудлаар яруу найрагч Д.Галсансүхын өмнө нь хийсэн тайлбарт тус сургуулийн багш нарын өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүн гүжирдүүлсэн хэмээн гомдол гаргаж 50 сая төгрөг нэхэмжилсэн байна.
Яруу найрагч Д.Галсансүх мэдэгдэхдээ "Би огт гүтгээгүй. Баримттай юм ярьсан” хэмээгээд Нийслэлийн Прокурорын газрын 2015 оны 12-р сарын 10-ны өдөр гарсан дугаар 76 тоот тогтоолын хуулбарыг сэтгүүлчдэд тараасан юм.
Уг тогтоолд өмгөөлөгч Г.Батбаярт эрүүгийн хуулийн 269-р зүйлийн нэг дэх заалт буюу Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байсныг хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Д.Галсансүх "Миний хүүхдүүдийн идэх хоолноос хумслах гэсэн худалдагдсан өмгөөлөгч Г.Батбаярт хэлэхэд буруу хүнээрээ оролдлоо. Би эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүднээс өөрийн тань бүх хэргийг ухаж гаргаж ирнэ. Амьдралыг тань там болгоно” хэмээн хэлсэн юм.
Харин тус хэвлэлийн хуралд оролцож байсан АУЗ Т.Галсан "Өмгөөлөгч хүн ядарсан олныг, хүчин буурайг өмгөөлж, шударга үнэний талд зогсох ёстой. Гэтэл мөнгөтэйд үйлчилдэг, мөнгөнд шунасан байж болохгүй. Монгол хэлэнд мөнгө, хоол хүнсээр дутмаг хүнийг ядуу гэдэг, биеийн бүрэн бус хүний зүдүү гэдэг. Ийм ядуу зүдүү иргэдэд хатуурхдаг өмгөөлөгч байж болохгүй” гэж мэдэгдлээ.
Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал "29-р сургуулийн хүүхдүүд бүх хичээлээ дохионы хэлээр заах шаардлага тавьсаныхаа төлөө ийм асуудалд орлоо. Энэ асуудалт бидэнд хүн ёсоор хандаж, туслалцаа үзүүлсэн Д.Галсан найрагчид маш их баярлаж байна. Мөнгөгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй өмгөөлөөд өгөх хүн олдохгүй байна. Мөн дохионы хэл орчуулагч худлаа орчуулж байна гэж хэлж болохгүй, хараагүй хүнд таяг, тэргэнцэртэй хүнд тэргэнцэр байдаг бол сонсголгүй иргэдэд дохионы хэлний орчуулагч л хамгийн ойр дөхөм хэрэгцээ нь байдаг. Өмгөөлөгч Г.Батбаяр багш нарынхаа асуудлаа л хариуцаад явахгүй цагдаа нарт мэдүүлэг өгөөд сууж байсан хүүхдүүд дээр дайрч орж ирээд чанга дуугаар айлган сүрдүүлсэн” хэмээн хэлж байлаа.
Үүнээс гадна гүтгүүлсэн хэмээн өөрөөс нь 50 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд өгөөд байгаа өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяраас асуух арван асуулт байна хэмээн Г.Галсансүх найрагч мэдэгдэн сэтгүүлчдэд уншиж танилцууллаа. Эдгээр асуултыг сэтгүүлчдийг Г.Батбаяраас асууж өгөхийг хүсье.
- 1. Таныг 2000 оны эхээр Нарантуул зах дээр хууль бусаар сум зардаг байсан гэдэг үнэн үү?
- 2. Та 2010 онд хөрш айлынхаа хүнийг засвар хийж амгалан тайван байдал алдагдууллаа хэмээн зодсоноос болж Захиргааны зөрчил гаргаж торгуулсан гэдэг нь үнэн үү?
- 3. Та 2015 онд үйлчлүүлэгч С-ыг цагдан хоригдох байдлаас нь суллуулахын тулд АТГ-ын байцаагчид өгнө хэмээн үйлчлүүлэгчийнхээ ар гэрээс хэдэн сая төгрөг аваад хувьдаа завшин үүнийхээ төлөө Залилангийн хэрэгт холбогдон шалгагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар тус Залилангийн хэрэг хэрэгсэхгүй болсон нь гэх юм?
- 4. Хэрэг өмгөөлөхдөө асуудлыг судалж, шүүх хуралд мэтгэлцэхээс өмнө хэвлэлийн хурал хийж асуудлыг сенсацилан олон нийтэд хүргэдэг нь танд ашигтай байдаг уу?
- 5. Та 2 жилийн өмнө үйлчлүүлэгч Л.Сарангэрэлийг "Цензургүй ярилцлага” нэвтрүүлэгт орох үеэр С1 телевизд очоогүй гэж худлаа ярьсаны шалтгаан юу вэ? Тэр үед таныг С1 телевиз дээр байсныг бичлэг гэрчилдэг. Хариулт өгнө үү?
- 6. Таныг үйлчлүүлэгчээ өмгөөлж чадахгүй хэрэгтэн болгоод алддаг гэж ярих юм? Таны өмгөөлсөн нийт хэргийн хэдэн хувь нь үйлчлүүлэгчийн тань талд шийдвэрлэгдэж байсан вэ?
- 7. Өнгөрсөн жил та ХХАА-н сайд асан Р.Бурмааг "Дорнод аймгийн Халх голын газар нутгийг гадаад иргэдэд зарсан” хэмээн хэвлэлийн хурал зарлаж байсан. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэхдээ таныг ХХАА-ын сайд асан Р.Бурмааг гүтгэсэн тул уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гарсан. Та Р.Бурмаагаас уучлалт гуйсан уу?
- 8. Та "Хар сарнай” хамтлагийн дуучин Амарааг /иргэн С.Амармандах/ ОХУ-ын иргэн зодсон гэх хэргийг өмгөөлөхдөө "Дуучин Амараагийн асуудалд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хүртэл анхаарлаа хандуулан ажиллаж байгаа төдийгүй Оросын ЭСЯ энэ асуудлаар Монгол Улстай албан ёсны хүрээнд хамтран ажиллахад бэлэн” гэж хэлсэн худал хэлсэн шалтгаан юу вэ?
- 9. Таныг үйлчлүүлэгчийнхээ талаар олж авсан мэдээлэлдээ тулгуурлан Өмгөөлөгчийн ёсгүйгээ зөрчин эсрэг талд нь ажилладаг гэдэг нь үнэн үү?
- 10. Хэрвээ нууц биш бол та тусгай сургалттай 29-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эсрэг өмгөөлөл хийхдээ хэдэн төгрөгний хөлс авсан вэ?
Эцэст нь 11 цагт эхлэх байсан хэвлэлийн бага хурал бага зэрэг хоцорч эхэлсэн нь телевизийн сэтгүүлчид ирээгүйтэй холбоотой байв. Зарим эх сурвалжууд өмгөөлөгч Г.Батбаяр тус хэвлэлийн бага хуралд оролцуулахгүйн тулд ТВ-үүдэд мөнгө төлсөн байж магадгүй гэж ярьж байлаа.
С.Амаржаргал