29 ДҮГЭЭР ТОГТООЛ ДАХЬ ДАМПУУРЛААС АВРАХ ЗААЛТ

🕔 2017/05/05 10:44

29 ДҮГЭЭР ТОГТООЛ ДАХЬ ДАМПУУРЛААС АВРАХ ЗААЛТ

 

Хэдхэн хоногийн өмнө батлагдсан тогтоолын төслийг УИХ өчигдөр дахин хэлэлцлээ. Эдийн засгийн хямралаас гарах арга зам бол ОУВС-аас тусламж авах. Гэвч валютын сангийнхан 29 дүгээр тогтоолын төслийг таалсангүй.  ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хонгог "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах Монгол Улсын хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулсан. Хойшлуулсан шалтгаан нь төсвийн тодотгол хэлэлцэн баталсны дараа гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолын төслийн 11 дүгээр заалттай холбогдуулан "Рио Тинто" компани ОУВС-д гомдол гаргасантай холбоотой юм. Тус заалтад "гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх" гэжээ. Энэхүү заалт нь хөрөнгө оруулагчдын борлуулалтын орлогыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкаар дамжуулж, валютын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, "Рио Тинто"-той хамааруулбал, Оюутолгойн борлуулалтын шууд гадагш гарч буй орлого Монголоор дамжина гэсэн заалт юм.  

Иймээс УИХ ОУВС-ын даалгаврыг биелүүлэхээр УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын дэд заалтыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцэн, дэд заалтыг хасахын гишүүдийн олонх дэмжлээ. Сөрөг хүчний зүгээс "Энэ бол ихээхэн ач холбогдолтой заалт гээд энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн” ч хүлээж авсангүй. Учир нь эдийн засгаа хурдан сэргээхэд ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр маш чухал учраас асуудлыг шуурхайлан хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Оюутолгойн гэрээ байгуулаад 8 жил болж байна. Өдөр тутам орж ирнэ гэсэн 2-3 сая ам. доллар хаачив. Гадны хөрөнгө оруулагчид хямрал дээр яагаад орж ирэхгүй байгаа юм.Цаашдаа хөрөнгө оруулалтаар дамжуулж өдөрт 2-3 сая ам.доллар орж ирнэ гэж ярьж байсан хүмүүсийг нэртэй устай нь зарлана. УИХ-ын 2020 оны сонгуулиар сонгогчид хариуцлага тооцог. Гэтэл өнөөдөр дахиад энэ тогтоолыг өөрчилчихвөл гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж ярьж эхэлж байна.  Гаднынхантай нийлж гадаадын хөрөнгө оруулагч гэдэг гоё юмаар хулхитаж болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Гутамшигтай шийдвэр гаргах гэж байна. Эдийн засгийн туйлын хүнд нөхцөлд орсон тул ийм шийдвэр гаргах гэж байна. Яагаад ийм шийдвэр гаргах болов гэдгийг дор бүрнээ тунгаагаарай. Төсвийн орлого нь давж биелдэг байсан улс орон гаднаас зээл тусламж авахгүй болбол дампуурах болсон шалтгаан юу вэ. Энэ бол өнгөрсөн дөрвөн жилд бодлогын алдаа гаргасантай холбоотой. Өнгөрсөн жилүүдэд эрх барьсан Ардчилсан нам дүгнэлт хийх ёстой. Бодлогын алдааны үр дүнд гутамшигт байдалд орж байна. Хатуу болзлыг бид биелүүлж байна. Энийг эсэргүүцэх боломж алга. Ийм хүнд нөхцөлд Монголын оруулсан байна. Сангийн сайд бодит байдлыг ил тод хэл, ойлгуул. Ийм нөхцөлд улс орныг оруулсан улс төрийн намын ялгааг ойлгоосой гэж ард түмнээсээ  хандан хүсэх байна. Үндэстний хувьд өнөөдөр гутамшигтай байдалд орж байна, гэсэн ч давж гарах шаардлага байна” гэсэн юм.

Ийнхүү Монголын баялгийг зарсан мөнгө Монголын банкаар дамжихгүй байх хууль эрхзүйн орчныг бүрдүүллээ. Монгол Улс валютын сангийнхны зааврыг ягштал мөрдсөн гэсэн үг. Өөр сонголт байхгүй. Үгүй бол дампуурна.
 
П.ГОО
Оллоо.мн
скачать dle 12.0

Санал болгох