ГЭР ХОРООЛЛЫН 200 АЙЛ ТУТМЫН ДУНД УС, ДУЛААН ДАМЖУУЛАХ БИЧИЛ ТӨВ БАЙГУУЛНА
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордонд боллоо. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээг нээж Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үг хэлсний дараа УИХ дарга М.Энхболд, Ерөнхий сайдын мэндчилгээг холбогдох албаныхан уншиж танилцууллаа.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүн амын орон сууцны хэрэгцээг хангах үүднээс "Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн гэр хорооллын дэд бүтэц, шугам сүлжээ барьж байгуулахад онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд илгээлтдээ дурьджээ. Тэрбээр, Барилгын салбарынхан импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорих болсон нь улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах чухал үйл явдал болж байна. Засгийн газраас барилгын салбрын шинэлэг арга хэрэгсэл, дэвшилтэт техник, технологийг бүх талаар дэмжих болно” хэмээсэн байна.
Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжиж эхэлснээс хойш барилгын компаниуд идэвхтэй ажиллаж байгаа ч дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлээгүйн улмаас ажил төдийлөн урагшилж чадахгүй байгааг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр хэллээ.
Тиймээс гэр хорооллын 200 айл тутмын дунд нэг ус, дулаан дамжуулах бичил төв буюу "Service centre” байгуулахаар ажиллаж байгаа аж. "Service centre” байгууласан хэсгийн айл өрхүүдийг ипотекийн зээлд хамруулж амины орон сууц барих боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг дурьдсан юм.
Түүнчлэн "Улаанбаатар хот болоод 9 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьж байгаа. Үүнд Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар болон бусад таван аймагт, Польшийн засгийн газрын зээлээр дөрвөн аймагт цэвэрлэх байгууламж барихаар ярилцаж байна. Мөн аймгийн төвүүдэд цэвэр усны хангамж томоохон асуудал болж байна. Тухайлбал, Улаанбаатар хот болон Говь-Алтай аймаг. Тэгэхээр цэвэр усны нөөцөө хэмнэхийн тулд айл өрхүүдээс цэвэрлэх байгууламжид очиж, шүүгдсэн усыг үйлдвэрлэл болон орон сууцны 00 өрөөнд ашигладаг болно. Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг төсөвт суулгадаг болсон. Энэ онд 300 тэрбум төгрөг тусгасан байгаа. Цаашдаа донор орнуудын зээл, тусламжид тулгуурлан санхүүжилтийг өргөжүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ.
Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс инженер техникийн ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тогтолцоог шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, компаниудын чадавхыг сайжруулах болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.