“Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар”-ыг байгуулав
Дархан-Уул аймгийн ИТХ-ын хуралдаанаар "Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” буюу ОНӨААТҮГ-ыг байгуулахаар боллоо. Уг хуралдааны тогтоолд "Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2.4 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс "Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” Орон нутгийн өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар” байгуулсныг дурджээ.
Тус газар нь Дархан-Уул аймагт барилга байгууламж барих, засварлаж шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлэх, гүйцэтгэх явцад техникийн нөхцөл болон технологийн хяналт тавьж гүйцэтгэлийг нь баталгаажуулах, барилга байгууламжийг хугацаанд нь ашиглалтад оруулах зэрэг Дархан хотын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад ихээхэн ач холбогдолтой” хэмээн Тэргүүлэгчид үзжээ. Энэхүү орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа гуравдугаар ангиллын барилга байгууламж, засварын ажлуудад барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулж шаардлагатай нөхцөлд барилгын ажлын зураг төсөл, угсралтын ажилд барилгын хууль дүрэм норм, стандартын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтантай зөвшилцөж өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах юм. Мөн хувийн болон төрийн бус байгууллагуудын барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, Улсын комисс хүлээн авах хүртэлх ажилд зөвлөх үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй юм байна.
Д.Од