Арилжааны банкаар дамжихгүй зээлээр байр авах боломжтой болно
Арилжааны банкны өндөр шалгууртай зээлэнд хамрагдахгүйгээр байр авах боломж гэр хорооллынхонд байна. Ингэхдээ эхний хоёр гурван жилдээ түрээсийн хэлбэрээр төлбөрөө төлнө.
Дараа нь ипотекийн зээлд хамрагдана. Орон сууцны метр квадратын үнэ нь 1 сая 100 мянган төгрөг гэсэн тооцоог төсөл хэрэгжүүлэгчид гаргажээ.
Энэхүү "Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотыг дахин шинэчлэх” төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ.
Урьдчилсан байдлаар төслийн нийт өртгийг 540 сая ам.доллар гэж тооцсон байна. Гэр хорооллынхонд зориулсан хямд өртөгтэй орон сууцыг барихад 70-100 мянган ажлын байр шинээр нэмэгдэнэ гэсэн судалгааг гаргасан аж.
Хямд байрнуудыг хотын дэд төвүүдийг түшиглэн барих гэнэ. Нийтдээ 130 га газарт 10 мянган айлын орон сууц баригдах юм.
Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд ажлаа эхлүүлээд байгаа юм байна. Төслийн ТЭЗҮ-ийн судалгаа ирэх оны есдүгээр сард дуусах бөгөөд Засгийн газар, Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл 2017 оны эхээр ТЭЗҮ-ийг нь баталж, төсөл албан ёсоор хэрэгжиж эхлэх юм байна.
скачать dle 12.0