ДАРХАН-УУЛ АЙМАГ “КОЙКА” ОУБ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

🕔 2017/04/18 15:07

ДАРХАН-УУЛ АЙМАГ “КОЙКА” ОУБ-ТАЙ БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

 

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр КОЙКА-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Пак Сү Ёныг ЗДТГ-ын Хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан, НБХ-ийн дарга Н.Цасчихэр нар байлцсан юм.

Хатагтай Пак Сү Ён нь энэ удаад КОЙКА олон улсын байгууллагаас Дархан-Уул аймагт шинээр томилогдон ажиллах сайн дурын гишүүдийн ажиллах байгууллагуудтай өөрийн биеэр танилцах зорилготой ирсэн байна. Тэрээр КОЙКА, Дархан-Уул аймгийн ЗДТГ хоорондын хамтын ажиллагаа 10 гаруй жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд үр дүнтэй ажилласан болохыг дурдахын зэрэгцээ цаашид хамтын ажиллагаагаа боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэх хүсэлтээ байгаагаа илэрхийлсэн юм.

Үүний дагуу аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат хатагтай Пак Сү Ёнд боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах тухай үндсэн 2 хүсэлт тавьсан. Үүнд:

1. Дархан сумын 1 дүгээр сургуульд тусламж дэмжлэг үзүүлэх талаар, тэр дундаа 1 дүгээр сургуульд Ухаалаг анги/ Smart class/ байгуулах

2. Нэгдсэн эмнэлгийн оношилгооны техник, төхөөрөмжийн шинэчлэлийн асуудалд анхаарч хамтран ажиллах

3. Койка олон улсын байгууллагаас нийгмийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг 2020 он хүртэл үргэлжүүлэх саналыг тавьлаа.

Хатагтай Пак Сү Ён дээрх 2 хүсэлтэд нааштай хариу өглөө. Тухайлбал: Энэ оноос 1 дүгээр сургуульд "Өсвөрийн хөгжил” чиглэлээр сайн дурын гишүүн томилогдон ажиллахаар болсон. Томилогдон ажиллаж байгаа сайн дурын гишүүд тухайн байгууллагадаа КОЙКА-ийн санхүүжилтээр нэн шаардлагатай байгаа төсөл хэрэгжүүлдэг онцлогтой. Энэ жишгийн дагуу 1 дүгээр сургуульд томилогдон ажиллах сайн дурын гишүүн тус сургуулийн хэрэгцээ, шаардлагыг судалж үзээд "Ухаалаг анги” төсөл хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэв.

Дээрх уулзалтын үеэр ирэх 5 дугаар сард КОЙКА-аас WFK /World Friends KOICA/ танилцуулга сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа. Тус танилцуулга сургалтаар КОЙКА олон улсын байгууллага, түүний үйл ажиллагааны талаар, сайн дурын гишүүн хэрхэн томилогдон ажилладаг талаар ойлголт, мэдээлэл өгөх юм байна.

Иймд танилцуулга сургалтад Дархан-Уул аймгийн холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг бүрэн хамруулах, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байгаагаа аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан орлогч А.Түвшинбат илэрхийллээ.

Сургалт явуулснаар нийгмийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр төрийн бус байгууллагууд Койка олон улсын байгууллагатай хэрхэн хамтран ажиллахаа тодорхойлж, өөрийн байгууллагууддаа сайн дурын гишүүдийг ажиллуулж, улмаар хөрөнгө оруулалтуудыг татах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

скачать dle 12.0

Санал болгох