ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДӨВ

🕔 2017/03/29 12:50

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ЗӨВЛӨЛДӨВ

 

Жил бүрийн 4 дүгээр сарын 7-нд "Дэлхийн Эрүүл мэндийн өдөр” тохиодог. Уг өдрийн хүрээнд дэлхийн нийт хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг юм. Энэхүү өдрийг угтаж аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Эрүүл мэндийн газар хамтран "ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД-ЭМЧИЙН МАНЛАЙЛАЛ” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2017.03.28/ зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн технологийг иргэд, үйлчлүүлэгчид сурталчлах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, Эх хүүхдийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, Эмч мэргэжилтнүүдийн тулгамдаж буй нийгмийн асуудал гэсэн үндсэн 3 сэдвээр хэлэлцсэн юм. Өөрөөр хэлбэл хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үүргийг хүлээдэг эрүүл мэндийн салбарын цаашдын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах вэ гэсэн асуудлаар салбарын мэргэжилтнүүд санал солилцов. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, сумын Эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 90 гаруй хүн оролцлоо. Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарт ойрын хэрэглээний тоног төхөөрөмжөөр хангагдсан боловч мэргэжлийн эмч, тэр дундаа цээжний хөндийн үрэвслийн эмч, хүүхдийн шүдний эмч зэрэг нарийн мэргэжлийн эмч нар шаардлагатай байна.
 
Гэтэл аймгийн эрүүл мэндийн байгууллагад шинэ орон тоог батлах төсөв санхүүгийн боломж байдаггүй учраас одоо ажиллаж буй эмч нарийг давхар мэргэшүүлэн ажиллуулах шаардлага тулгардаг байна. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эмч нарын манлайллаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг төлөвшүүлэхэд анхаарах, хамтран ажиллах, эмнэлгийн эмч нар өвчтөнүүдээ эмийн бус эмчилгээнд хамруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн төвшинг жил бүр графикаар гаргаж, гарах үр дүнг харгалзан үйлчилгээний алдаа дутагдал болон ололттой талыг тодруулж, үйл ажиллагаагаа сайжруулах, эрүүл мэндийн салбарын байнгын үйл ажиллагааг олон нийт, үйлчлүүлэгчдэд сурталчлан таниулах зэрэг саналуудыг оролцогчид гаргалаа. Харин эх хүүхдийн тусламж үйлчилгээнд тоног төхөөрөмжөөс гадна эмч мэргэжилтний тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж байна. Мөн амны хөндийн эрүүл мэндийг хүүхдүүдэд багаас хэвшүүлж,бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнчлэн хэт авиан оношилгооны аппарат, ялангуяа зөөврийн эхо аппаратын тоог нэмэгдүүлж, хуучин Дарханы болон сумдын эмнэлгүүдийг хэт авиан оношилгооны төхөөрөмжөөр хангах, сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй ургийн гажгийг засварлах мэс заслын мэргэжлийн багийг бэлтгэн, хүүхдийн мэс заслын сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, төрсөн хүүхдүүдэд элэгний Б вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах зэрэг эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй олон асуудлуудыг хөндсөн юм. Хэлэлцүүлэг "Эмч мэргэжилтнүүдийн тулгамдаж буй нийгмийн асуудал”сэдвээр үргэлжилсэн бөгөөд нэн тэргүүнд цалингийн асуудал яригдаж байна.
 
Тодруулбал хөдөө орон нутгийн эмнэлэгт ажилладаг нэг эмч, сувилагчид оногдох өвчтөний тоо стандартад зааснаас хол давсан, ажлын ачаалал их, ажлын байрны орчин нөхцөл тааруу, сарын дундаж цалин харьцангуй бага зэрэг эрүүл мэндийн салбарын ажиллагсдын нийгмийн асуудал тулгамдсан сэдэв болж байна. Тиймээс эмнэлгийн ажилчдыг төсөл хөтөлбөрүүдэд хамруулах, эрүүл мэндийн салбар тэр дундаа эмч, ажилчдын нэр хүндийг өргөхөд онцгойлон анхаарах, эмнэлгийн бие даасан байдлыг бүрдүүлэх, эмнэлгийн ажиллагсдын цалинг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ёстойг тус салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
 
Мөн үеэр Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч В.Шаравжамц: Бид нэгэнт хүний амь нас, эрүүл мэндийн сахин хамгаалахаар тангараг өргөсөн хүмүүс билээ. Хэдийгээр ажлын нөхцөл хүнд, тоног төхөөрөмжийн хангалтгүй, цалин хөлс бага, ажлын ачаалал их зэрэг тоочих зовлон их байвч хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх нь эмч хүний эрхэм чанар юм гэв. Эцэст нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга: Монголын тэр дундаа орон нутгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог өнөөгийн нөхцөл байдал, хүн амын бодлого, үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхолд нийцхүйцээр өөрчлөх шаардлагатай байна хэмээн ярилаа. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, Засаг даргын нийгмийн асуудал, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга А.Янжмаа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Б.Батболд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Эрдэнэтулга зэрэг албаны төлөөллүүд оролцсон юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгала-Эрдэнэ: Эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг сайжруулах, мөн эмч ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тухай илэн далангуй нээлттэйгээр хэлэлцсэн салбарын мэргэжилтнүүддээ талархал илэрхийлэн, оролцогчдоос гаргасан саналуудыг холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлахын зэрэгцээ аймгийн ИТХ, Засаг даргын цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд тусгаж ажиллана гэв.
скачать dle 12.0

Санал болгох