Ашиг сонирхлын зөрчилтэй П.Сэргэлэн сайд хурдан морины уралдааныг хахир хүйтэн цагт зохион байгуулах шийдвэр гаргалцаж байна!

🕔 2017/03/30 11:19

Ашиг сонирхлын зөрчилтэй П.Сэргэлэн сайд хурдан морины уралдааныг хахир хүйтэн цагт зохион байгуулах шийдвэр гаргалцаж  байна!

 

Цас мөстэй хахир хүйтэн цагт Монголчууд хурдан морины уралдаан  зохион байгуулж, хүүхдүүдийг шийтгэж байсан уламжлал үгүй ч, өнөө цагт уламжлалаар түрий барин, хүүхдүүдийн амьд явах эрхэнд шууд халдаж буй үйлдлийг гаргагсад цөөнгүй байгаа юм. Ямартаа л Монголын Морин Спорт Уяачдын холбоо гэх ТББ нь 120 мянган гишүүнтэй, монголын хамгийн том олон нийтийн байгууллагын хэмжээнд хүрээд удаж буй. Гэхдээ хэрэг дээрээ энэ байгууллагын нэр сүрээр бамбай хийсэн улстөр, бизнесийн салбарын 200-аад хүн л Дүнжингарав гэхчлэн олон уралдааныг зохион байгуулж, өөрсдийнхөө зугаа цэнгэлийн асуудлыг шийдэж байгаа харагддаг.

Тэгвэл тэдгээр хүмүүсийн нэг бол Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд  П.Сэргэлэн юм. Тэрбээр  сайдын суудалд суухдаа намтартаа Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэсэн гоё тодотголоо бичихээ мартаагүй байсан. Монголчууд морио дээдэлдэг болохоор улстөрийн карьер эргэлт буцалтгүй хөөсөн хүний хувьд морь амьтай хүн болж харагдах зүгээр л байх. Уг нь бол үнэн хэрэгтээ хүн амьтай байх ёстой шүү дээ. П.Сэргэлэн нарын хүмүүсийн зугаа цэнгэлээс болж хурдан морь унаач хүүхдүүд морьноос унаж гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл олонтаа гарч ирсэн. Дүнжингарав уралдааны дараах  хамгийн сүүлийн байдлаарх тоон мэдээллийг харахад 53 хүүхэд морьноосоо унаж бэртэл гэмтэл авсан байгаа. Гол нь хурдан морь унаач хүүхдүүдийн талаарх мэдээллийг зохион байгуулалттайгаар дарах хандлага байдаг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Гол нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүх  Засгийн газраас  "Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг энэ сарын эхээр зохион байгуулах тухай тогтоолыг түдгэлзүүлсээр байтал, шүүхийн шийдвэрийг үл тоон уралдааныг зохион байгуулсан байгаа. Тэгвэл шүүхийн шийдвэрийг үл тоодог энэ засагт Монголын Морин Спорт Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын морины уралдаан зохион байгуулдаг хүмүүс байгаа нь ашиг сонирхлын асуудлыг нь илтгэж буй юм.

Уг нь Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээ төрийн бус байгууллагуудаас засгийн газрын дээрх тогтоолыг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Хурдан морины уралдаан зохион байгуулж байна гээд хүүхдүүдийнхээ амь насанд халтай зүйлийг хийгээд байж болохгүй гэдгийг дээрх байгууллагуудын зүгээс хэлж ярьсаар буй.

Гэвч засаг төрд байгаа хүмүүс нь хүүхдийн эрхийг юман чинээ тоохгүй болохоор ер нь яалтай билээ. Илтэд ашиг сонирхлын зөрчилтэй П.Сэргэлэн нарын хүмүүс хурдан морины уралдааныг хахир хүйтэн цагт зохион байгуулах шийдвэр гаргаад сууж байгаа нь хэр зохистой зүйл вэ?

Эх сурвалж: Шуурхай.мн

скачать dle 12.0

Санал болгох