Баячуудын зугаа цэнгэлийн бай ХҮҮХЭД БОЛСООР БАЙХ УУ

🕔 2017/03/15 11:08

Баячуудын зугаа цэнгэлийн бай ХҮҮХЭД БОЛСООР БАЙХ УУ

 

Сүүлийн жилүүдэд "Дүнжингарав”-ын уралдаан хэмээн хаврын тэргүүн сард хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Уламжлал ч гэж Монголын баячуудын зугаа цэнгэл нь морь, хүүхэд тамласан "харгислал” болчихсон гээд хэлчихэд буруудахгүй болов уу.

 

Монголчууд эртнээс морин спортыг хөгжүүлж ирсэн сайхан уламжлалтай. Гэхдээ хахир хүйтэнд морь, хүүхэд зовоон байж баярлаж цэнгэдэггүй л байсан. Энэ тухай Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам "Монголчууд хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодож эхлээгүй цагт хурдан морь уралдуулах, эсгий үүдээ гэрийн дээр тавих, дээлийг сугалдаргалах гэсэн гурван зүйлийг хориглодог байсан” хэмээсэн нь зүгээр нэг хоосон үг биш болов уу. Тухайн үед "тэнгэр задрана” хэмээн шүтлэг, бишрэл дээр нь ойлгуулах ардын ухаан явсаар ирсэн.

 

Харин өнөөдөр манай томчууд /баячууд/ ардын уламжлал гэсэн үгээр ард түмний амыг таглаж энэхүү харгислалаа үргэлжлүүлсээр байна. Засгийн газар өнгөрсөн сарын 22-ны хуралдаанаараа хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг баталж, "Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант суманд, 12-нд говийн болон хангайн бүсийн уралдааныг Говь-Алтай, Хөвсгөл аймагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

 

Уг шийдвэрийг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ зэрэг ТББ-ынхан эсэргүүцэж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх хуралдаж тэдний хүсэлтийг хэлэлцээд дээрх гурван уралдааныг эцсийн шийдвэр гартал зохион байгуулахгүй байх, түдгэлзүүлэх захирамж гаргасан байдаг. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын өнгөрсөн оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн аравдугаар сарын нэгнээс тавдугаар сарын нэгний хүртэл хүүхдээр морь унуулахыг хориглосон шийдвэрийг ч үл ойшоон "Дүнжингарав-2017” өвлийн уралдаан болдогоороо боллоо.

Image result for дүнжингарав 2017

Энэхүү уралдааны үеэр нийтдээ 50 хүүхэд мориноосоо унаснаас, 5 хүүхэд нь хүнд хөнгөвтөр бэртсэн хэмээн албаныхан мэдээллээд байгаа. Үүнээс 31 нь хүүхэд нь Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болсон "Дүнжингарав-2017” уралдааны үеэр, мөн энэ сарын 12-нд болсон Говь-Алтай, Хөвсгөлийн уралдаан 19 хүүхэд унаж таван хүүхэд нь хүнд хөнгөн бэртээд байгаа аж. Гэтэл энийг байх ёстой зүйл мэтээр ярьж өөрсдийгөө өмгөөлж байна. Бүр тодруулбал УИХ-ын дарга, Монголын Морин Спортын Холбооны ерөнхийлөгч М.Энхболд гуай өнөөдрийг хүртэл чимээгүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг таг дуугүй.

 

Ер нь өвлийн хүйтэнд пөөнийсөн хувцастай, хөдлөхөд хүртэл бэрхшээлтэй байхад гараанаас 60-70 км-ын хурдтай гарах морьдын нуруун дээр тогтож үлдэнэ гэдэг хэцүү л дээ. Үүнийг морь унаж байсан хүмүүс, хүүхдүүд сайн мэднэ. 

 

За тэгээд хатуухан хэлэхэд монголоор дүүрэн алдарт уяачид. Тэд өөрсдийнхөө морийг ч бараг танихгүй. Тийм л улсын алдар цолтой, том дээл өмссөн хүмүүс явах нь хачирхалтай. Өнөөгийн бодит байдал ч ийм л байгаа. Товчхондоо бол мөнгөөр зодсон АЛДАРТ УЯАЧИД. Одооноос хэдэн жилийн өмнө "кекүшюзан” Д.Батбаяр өөрийн морийг танихгүй наадамчин түмний хөгжөөгөөд авсан түүхийг мартаагүй байх. Энэ мэтчилэн манай алдарт уяачид маань мөнгө л байвал бүхнийг шийддэг гэсэн сэтгэлгээтэй болчихжээ.

 

ХУРДАН МОРЬТОЙ БОЛОХ НЬ

Ёстой л мянгуужингийн үлгэр шиг мөнгө барьсан баячууд /томчууд/ хөдөөний морь мал шинждэг дөртэй нэгнийг хөлслөн голдуу л зүүн аймгийн хурдтай газар луу жирийлгэнэ. Тэгээд л адуутай хурдтай гэх хөдөөний нэгэн малчин айлыг зорин очиж мөнгөөр зодож авдаг болсон цаг. Түүнээс өөрсдөд нь унаган адуу гэж юу байхав дээ. За байлаа гэхэд тэр малыг өөр нэгэн хөлсний малчин л хариулахаас тэд лав хариулахгүй нь тодорхой. Ингээд хурдан морьтой болсон юм чинь уяачтай болох хэрэгтэй.

 

УЯАЧТАЙ БОЛОХ НЬ

Морь уяна гэдэг хүүхдийн тоглоом биш. Тиймээс бас л өнөө хөдөөнөөсөө нэг морь уядаг малчинг хөлсөлж авна. Тэр нь өдөр шөнөгүй өнөө өндөр үнээр авсан морийг нь маллах үүрэгтэй. Түүнээс тэд өөрсдөө уяад шөнийн цагаар өвс ногоог нь тааруулаад, шавар хөлснөөс авахуулаад сувдан хөлс хүртэл нь тарлах ухаан нь ч хүрэхгүй, зав ч байхгүй.

 

Харин улс аймгийн наадам дамнан машин унасан хурдан хүлгүүдээрээ түрүү байг нь хурааж алдар цолыг нь хүртэх нь өнөө л ”үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая” гэдгийн үлгэртэй адил.

 

УНААЧ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ НЬ

Ингээд зогсохгүй морь унуулах хүүхдийн эрэлд гарна. Ямар өөрийн паартай байшин, паалантай жорлонд суудаг энхрий үрээ мордуулалтай нь биш. Бас л хөдөөний морь малын дөртэй, ядруухан амьдралтай айлын тураалтай хүүхдийг сонгох ажил гарна. Аав ээжид нь морь унуулсны хөлс гэж хэдэн халтар төгрөг, шуудай гурил, будаагаар аргалчихаад л зуны гурван сар бүр цаашилбал жилийн дөрвөн улирал дагуулаад алга болно. Энэ хугацаанд өнөө хүүхдийн сурах эрх үгүй болж сургууль завсардах явдал ихсэж байгаа.

 

Мөн хүүхдээ олон жил морь унуулахын тулд морьтойгоо адил сойдог хоол унд муутай байлгаж өсөлт зогсоодог эм тариа өгдөг гэсэн ч яриа чих дэлсэх болсон. Гэхдээ энэ одоогоор тийм ч баттай зүйл биш. Гэхдээ л олны үг ортой байх.

 

МАЛЫН ЭМЧТЭЙ БОЛОХ НЬ

Өөрийн хурдан хүлэг морьдоо эм тариа витаминаар ёстой л өдөр шөнөгүй зоддог гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс моринд нь тариа хийх эмч хэрэгтэй болно.

 

Морьдынх жүчэ рүү очиход л эмнэлэгт орсон мэт эм тарианы үнэр ханхийх нь гэрчлэх. Гэтэл Монголын Морин Спортын Холбооны дүрмийн 4.1. Хурдан моринд допингийн төрлийн эм, бэлдмэл хэрэглэхийг хориглосон” нь зүгээр л цаасан дээр хараар буусан журам төдий болжээ. Нэгэнт хэрэгжүүлэхгүй дүрэм журам байлаа ч яалаа, байхгүй байсан ч яалаа.

 

Нэгэн алдарт уяачийн уяан дээр очиход том том мөнгөн аягаар айраг сөгнөж ирсэн зочин гийчдийг дайлж байх хооронд бага насны хүүхдүүд хийлдэг илжиг дээр мордон уралдаж тоглож байснаа за тариагаа хийе хэмээн модоор бөгсөн хэсэг рүү нь хатган тоглож байсан хэмээн нэгэн хүн ярьсан нь үнэний ортой л доо.

Image result for дүнжингарав 2017

Ер нь жирийн ардын морьд ийм эм тариагаар зодсон зэрлэг адгуусын хурдыг яаж уралдах вэ дээ. Ийн жил ирэх тусам монголын хурдан морины уралдаан эм, допингоор түрүү байраа тодруулдаг болчихсон гэхэд хилсдэхгүй. Энэ тухай хүмүүс ярьсаар дургүйцсээр байгаа ч өнөө Монголын морин спорт холбооны тэргүүн М.Энхболд гуай болон удирдлагууд чимээгүй л байсаар байна.

 

Харин тэд өвөл хаврын уралдааныг зохион байгуулах, бооцоо тавих ажлаа бол маш сайн хийнэ. Энэ бүхэнд аанай л хүүхдүүд золиосонд гарсаар байгаа нь харамсалтай. Нуулгүй хэлэхэд эм тариа, допинг хэрэглэсэн геннийн өөрчлөлттэй хагас галзуу адгуусын дээр тогтож явах тийм ч амар биш. Үүнд л ард түмэн дургүйцээд байгаа хэрэг. Түүнээс монгол өв уламжлалаа үгүйсгээд, нулимаад байгаа хэрэг биш.

 

Үнэхээр л морио уралдуулж баярлаж, цэнгэмээр байгаа бол аль эртнээс яригдсан морин тойрууллагаа барьчихаад өвлийн цагаар морио уралдуулах хэрэгтэй. Нэг моринд хэдэн саяар нь ярьдаг баячуудад бол ёстой л нүд эрмэхийн төдий хийчих ажил. Монголын морин спортын холбооны удирдлагууд энэ тал дээр өнөө алдарт уяачдаа уриалан ажил хэрэг болгоод баярлаж цэнгэвэл ард түмэн дургүйцээд байхгүй л болов уу.

 

 

Эх сурвалж: BOLOD.MN

ЧОЙ


скачать dle 12.0

Санал болгох