Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гавьяа хэнийх вэ, АН-ынхаан
Төрийн эрхийг хэзээ ч хүчээр авдаггүй. Учир нь, төрд хэн, аль нам гарахыг ард түмэн өөрсдийн итгэл үнэмшлээр сонгодог. Засгийн эрх барих гурван жилийн хугацаанд улсынхаа сан хөрөнгийг сэгсэрч, ард түмнийхээ амьдралыг "чадлаараа” дордуулсан эрх баригчид өр нэхэж эхлэв бололтой.
"ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ”, "Гудамж төсөл хэрэгжүүлсэн гавьяа хэнийх вэ”, "Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ” гэх мэт өнгөрсөн хугацаанд хийж"гийлгэсэн” ажлуудаа жагсаасан самбарыг нийслэлийн хаа сайгүй өчигдрөөс байрлуулж эхлэв.
Ерөөсөө арчаагүй улс төр гэж үүнийг л хэлэх байх. Тэгээд ч17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг өдгөө гуравхан хувь болтол шалд нь буулгаснаа тэд өнөөдөр сэхээрээгүй байгаа бололтой, өртөг өндөртэй олон самбарыг эгээ л сонгуулийн сурталчилгаа мэт ашигласан байх юм. Гэтэл энэ өндөр өртөгтэй самбарын түрээсийг тэд хэний мөнгөөр төлж байна вэ. Олон түмний нүдэнд тодоос тод бичсэн энэ самбар дээрх 10 үгийн тав нь зөв бичгийн дүрмийн алдаатайг хэлэхэд ч илүүдэхгүй.
Ямартай л ийм арга ядсан пиар хийсэн АН-ынханд хандан цахим ертөнцийнхөн онигоо хүртэл зохиогоод эхэлсэн байна. Тухайлбал, "Эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гавьяа хэнийх вэ”, "Үхсэнийхээ дараа ч төлж барахгүй өр тавьсан нь хэний гавьяа” гэх мэтээр эвлүүлэг хийж эхэлжээ. Үнэндээ энэ бол хэдэн хүний хооронд наргиан ч бодит байдал ийм байгааг иргэд, олон нийт егөөдөн хэлж байгаа нь энэ.
Нөгөө талаас өнгөрсөн хугацаанд төр иргэдээсээ өр нэхэж байсан тохиолдол үгүй. Тэгээд ч ард иргэдийн амьдралд хэрэгцээтэй, тэдний тав тухыг хангасан ажил хийснийхээ төлөө өр нэхэх эрх төрд байхгүй. Харин ч энэ тэдний үүрэг. Төр ард иргэдээ тайван, тухтай орчинд амьдруулах, амьдрах эрхийг нь ч баталгаажуулах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлсний төлөөх гавьяаг ийм аргаар нэхэх нь зүйд нийцэхгүй.
Тэднийг ингэж ард түмнийг хүчилж, өр нэхсэн нэхээгүй сонгогч түмэн хэн, юу хийснийг хангалттай харж байгаа. Хэдийгээр сонгууль дөхсөн ч сурталчилгааны хугацаа албан ёсоор эхлээгүйг ч АН-ынханд сануулъя. Ард түмнээс нэмэх оноо авахгүйгээ мэдсэн АН-ынхан хүч түрэх арга барил руу шилжиж байна гэх яриа ч цахим ертөнцөд тархаад эхэлснийг ч тэдэнд дуулгая.
М.Өнөрөө