Мал сүрэгтээ найдах уу, Төрд найдах уу

🕔 2015/11/09 16:45

Т.Энх

Ийн хэлэх нь өрөөсгөл байж мэдэх юм. Гэхдээ өнөөдөр ийн асуухаас өөр арга алга. Эдийн засгийн хүндрэлтэй үед Төрийн зөв бодлого алдагдсан, гаднаас зээл тусламж хангалттай авсан ч эдийн засгаа тэтгэх төсөлд оруулаагүй гээд олон сөрөг зүйлийг дурдаж байгаа юм.
 
Нөгөө талаас улстөрийн бизнес бүлэглэлийн гарт асар их хэмжээний мөнгө төвлөрснөөс үүдсэн хямрал манайд нүүрлээд байх шиг. Түүнээс бус эдийн засгийн хямрал жинхэнэ утгаараа ирсэн эсэхэд эргэлзээ төрөх боллоо гэх хүмүүс олширчээ. Дэлхийд нүүрлэсэн санхүүгийн хямрал тэгтлээ манай жижиг эдийн засагт нөлөөлөхгүй. Гагцхүү уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад л нөлөөлж таарна. Манай экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс олсон орлого л манай эдийн засгийг цагийн цагт тэтгэж ирсэн. Өнөөдөр эдийн засгийн өсөлт гурван хувьд уруудаж ирсэн нь бараг зогсолт хийсэн гэхэд болно гэх. Гэхдээ нэ бол бодит өсөлт гэж харж болохоор. Яагаад гэхээр манай эдийн засагт орж ирж байсан их мөнгөний урсгал алга болж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ төрөл бүртээ хоёр дахин унасан. Инфляцийн хувьд долоон хувийн өндөр өсөлттэй байгаагаас харвал энэ чигээрээ яваад байвал хоёр оронтой тоонд ч очиж мэдэхээр харагдана.
 
2011 оны эцэст 17 хувьд хүрч гаарч байсан эдийн засаг гурван хувьд хүрснээс харвал асар их доройтсон хэрэг гэж харж болохоор. Гэтэл бид гаднаас асар их мөнгө зээлж байгаа ч бодит эдийн засагт эргэхгүй байгаа нь хомсдол бий болгож байгааг бас үгүйсгэж болохгүй. Ерөөсөө эдийн засгаа хурдан сэргээх төсөлд энэ зээлийн мөнгө зарцуулагдахгүй байгаатай холбоотой. Гэхдээ дээр дурдсан 17 хувийн өсөлт хэн нэгний гавьяа биш. Юуны өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэж, ажил жигд явж байсан учраас Оюутолгойгоос мөнгөний урсгал манай эдийн засгийг өөрийн эрхгүй тэлсэн. Нөгөө талаар манай нүүрсний үнэ чамгүй өндөр байж, борлуулалт ч сайн байлаа. Учир нь Австрали улс үерт нэрвэгдэж, нүүрсний уурхайнууд тэр чигтээ усанд автсан нь ийнхүү манай нүүрсний борлуулалтад шууд утгаараа нөлөөлсөн юм. Уг нь 2011 онд манай улсын ДНБ-ний өсөлт 19.7 байсан бол 2014 оны босгон дээгүүр 7.8 хувьтай давжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар ДНБ-ний өсөлт дөнгөж 4.4 хувьтай байх жишээтэй.  
 
2007 оноос эхлээд Монгол Улс уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн бүх зохицуулалтаа бүгдийг нь чангалах болсон. Цөмийн энергийн хууль, Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, нөгөө алдарт урт нэртэй хууль, бас гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулсан хууль гээд бүгд хөрөнгө оруулалтыг хөөсөн, гадуурхсан, шахсан бодлого болж хүрсэн. Үүн дээр улстөрчдийнх нь зан, араншин, тогтворгүй харилцаа нөлөөлсөн гэж боддог. Тэр тусмаа дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчид болох "Рио Тинто”, "Чалко”-д гаргасан бидний тэр үеийн араншингийн төлөөсийг өнөөдрийн эдийн засгийн уналтаар төлж байгааг хэлэх хэрэгтэй.
 
Эдийн засагчдын хараалж байгаагаар энэхүү уналт нь 2018 он хүртэл үргэлжлэх магадлалтай гэнэ. Хэрвээ төр засаг маань зөв зүйтэй бодлого явуулахгүй бол улам ч унах тухай ч ярьж байна. Харин нэг гэгээлэг мэдээ нь Монгол Улс хоёр хөршдөө ихээхэн хэмжээний мах экспортлох тухай юм. Хэрвээ энэ нь бодит ажил болно гэж үзвэл тэгтлээ унахгүй байх. Ерөөсөө Төр засгийн удаа дараагийн бодлогогүй алхам биднийг өнөөдөр ийм байдалд авчирсан гэж үэзж байгаа шинжээчдийн буруу огт биш. Тэгэхээр өнөөдөр Төрд биш мал сүрэгтээ найдах хэрэгтэйг ч сануулаад эхэллээ. Хамгийн гол нь энэ мах экспортлох ажлыг малчид биш Төр санаачилан эхлүүлж байгаа гэдгийг ч мартаж болохгүй. 
 
Тиймээс МХЕГ-аас мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, мах махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор итгэмжлэлийн хугацаа дууссан 26 аж ахуйн нэгж, байгууллагын итгэмжлэлийн хугацааг нэг жилээр сунгасан. Итгэмжлэлийн хугацааг сунгахдаа аймаг, нийслэлийн МХЕГ-аас хийсэн хяналт шалгалт, хяналтын хуудсаар эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр үндэслэсэн байна. Энэхүү итгэмжлэл нь манайхтай Мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн чиглэлээр гэрээ, хэлэлцээр байгуулсан ОХУ, БНХАУ зэрэг орнуудад Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болохыг нотлосон баримт бичиг юм. Итгэмжлэлийг олгохдоо ҮХААЯ, МЭҮГ, "Монголын махны холбоо”-той хамтран ажлын хэсэг байгуулан "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль, ХХАА-н сайдын 2001 оны А/47 тушаалаар батлагдсан махны хяналтын дүрэм-ийг хэрэгжүүлэх чиглэлээр хянан магадлагаа явуулдаг журамтай юм байна.
 
Харин хятад улсад экспортлох зөвшөөрлийг "Мах маркет”, "Монгол эко мах” ХХК-иуд, Үхэр хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг "Мах маркет”,”Грийн грейс ланд”, "Монгол эко мах”, "Дархад мийт фүүд” гэсэн 4 компанид олгожээ. Харин "Хаан хүнс” ХХК-ийн адууны махны боловсруулах үйлдвэрийн хувьд хөлдөөсөн бууз баншийг экспортлох зөвшөөрлийг авчээ. Ингэснээр бид махны экспортоос 483.2 сая ам.долларын ашиг олох боломжтой гэнэ. Энэ бол чамгүй их мөнгө. Өнөөдөр манай төсөв нэг их наяд төгрөгийн алдагдалтай явж ирсэн. Ам.долларын ханшаар авч үзвэл махны экспортоос энэ хэмжээний мөнгө олж болох нь. Нөгөө талаар манай улсын мал сүргийн тоо толгой төрөл тутамдаа өссөн мээдэлэл бий. Үүнтэй зэрэгэцээд бэлчээрийн даац ч хэтэрч байгааг мэргэжилтнүүд дурдаад буй. Ингээд статистикийн газрын мэдээллээс аваад үзье.  
 
Тухайлбал, 2014 оны жилийн эцэст Монгол Улсын мал сүргийн нийт дүн 51.9 сая толгойд хүрч, 2013 оныхоос 15.1 хувь буюу 6.8 саяар өсчээ. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо толгой 2.9 сая, үхэр  3.4 сая, тэмээ 349.3 мянга, хонь 23.2 сая, ямаа 22.0 саяд хүрч, 2013 оныхоос адуу 375.9 мянга, үхэр 503.3 мянга, тэмээ 27.8 мянга, хонь 3.1 сая, ямаа 2.8 сая толгойгоор өссөн байна. Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.6 хувь, тэмээ 0.7 хувь, хонь 44.7 хувь, ямаа 42.3 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.3 пунктээр буурч, үхрийн эзлэх хувь 0.2 пункт, хониных 0.3 пунктээр өсч, адуу, тэмээний эзлэх хувьд өөрчлөлт орсонгүй. Урьдчилсан дүнгээр малын тоо Орхон аймагт 55.9 мянган толгойгоор буурч, бусад аймагт 43.8-625.0 мянган толгойгоор өсчээ. Сүхбаатар, Увс, Говь-Алтай, Завхан, Булган, Ховд, Хэнтий, Дундговь, Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Төв, Өвөрхангай аймгуудад  малын тоо  хамгийн олон буюу 326.8-625.0 мянгаар өссөн байна. Ингэхдээ Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говьсүмбэр зэрэг 12 аймаг, Улаанбаатар хот малаа 5 төрөл дээр нь өсгөжээ гэсэн мэдээллийг өгч байгаа.
 
Нөгөө талаар 2016 оны мал тооллогоор энэ тоо нэмэгдэнэ гэдгийг ч мэргэжилтнүүд өгсөн. Тэгэхээр мал сүрэгтээ найдаж махны экспортыг дэмжих нь манай улсын хувьд хамгийн зөв гарц байж болох юм. 
скачать dle 12.0

Санал болгох