О.Бум-Ялагч: Ээлжит бус сонгууль явуулснаар булхай, луйврыг зогсооно

🕔 2015/11/04 10:10

О.Бум-Ялагч: Ээлжит бус сонгууль явуулснаар булхай, луйврыг зогсооноМонголын ногоон намын дарга О.Бум-Ялагчтай ярилцлаа.

Монгол Улс бүх талаар хүнд байдалд орсныг  судлаач, ажиглагч, улстөрчид хэлж байгаа.  Парламентад суудалгүй намуудын нэг болох Монголын ногоон намынхан ямар байр суурьтай  байна?

-Монголын улс төр, нийгэмд өнөөдөр өрнөж буй үйл явдлуудыг ажиглаж байхад манай намаас өнгөрсөн хугацаанд тавьж ирсэн асуудлууд бодитой болох нь анзаарагдаж байна. Бид өнгөрсөн гуравдугаар сард Монгол Улс төлбөрийн чадваргүй боллоо, цалин тэтгэврээ тавьж чадахаа байлаа, тиймээс  Стэндбай хөтөлбөрт  хамрагдахаас аргагүй гэдэг асуудлыг тавьсан. Гэтэл Засгийн газар болно, бүтнэ, манай улс жилийн долоон хувийн өсөлттэй гарна гэсэн. Гэтэл тухайн үед  долоон хувь гэж яриад байсан өсөлт нь өнөөдөр гурав болчихсон нь манай төр, засаг  алсын хараа, шийдэлгүйг харуулж байна. Мөн манай намаас  Засгийн газар чадамжгүй учраас огцорч,  дараагийнх нь гарч ирэг, боловсролтой  хүмүүс гарч  ирэхгүй бол "Сувгаа битгий солиорой” гэж яриад байдаг хүн маань үнэхээр гологдож байгааг хэлж,  огцруулах асуудал тавьсан.Тухайн үед Ерөнхийлөгч маань улсаа өрөнд оруулж,  гадаадын компанийн захирал Ж.Капла гэгчийг хэргээс нь  чөлөөлөөд явуулчихаад "Би өөрийгөө бодох уу, улс орноо бодох уу гэж бодож байгаад шийдэл гаргасан” гээд хэвлэлд яриад сууж байсан. Тэр нь  Монгол Улсын Ерөнхийлөгчийг дарамтанд оруулж, сэтгэл санааг нь хямраасан юм байна гэж ойлгогдож бай­гаа. Тиймээс  Ерөн­хийлөгчид итгэл үзүүлэх үү, яах вэ гэдэг асуудлыг ч  манай нам дэвшүүлж байлаа. Дараа нь УИХ дээр  эдийн засгийн, эрүүгийн  өршөөлийн хуулиуд ярих үед хэчнээн ёс зүйгүй болох нь харагдсан учраас бид  Их хурлыг тарааж, ээлжит бус сонгууль зарлахыг  уриалсан. Өнөөдөр улс төрийн хүрээнд ээлжит бус сонгуулийн асуудал сөхөгдөж байна.  Ер нь бол улс орон өрөнд орж, эдийн засаг хямраад зогсохгүй, улс төр нь учраа олохгүй засаглалын хямралд орсон энэ нөхцөлд хамгийн ухаалаг шийдэл бол ээлжит бус сонгууль явуулах юм.

Ээлжит бус сонгууль явуулах ач холбогдлыг  танай нам ямар үндэслэлээр тайлбарлаж байна? 

-Ирэх онд АСЕМ-ын хурал манай улсад болно. Хурлын тов  долдугаар сард гэж байгаа.  Гэтэл сонгууль ямархуу байдлаар болох нь тодорхойгүй, одоо болтол Сонгуулийн тухай хуулиа батлаагүй байна. Батлахгүй байх шинж эхнээсээ цухалзаж байгаа. Энэ тохиолдолд ард түмэн  чулуу шиддэг бослого руугаа орно. Гэтэл олон улсын хурал болох гэж буй энэ үед олон улсын  өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага алдагдаж, Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учраас, нөгөөтэйгүүр нэгэнт эдийн засаг нь хямарч, улс төр нь савлаж байгаа учраас эртхэн асуудлаа шийдэж, ээлжит бус сонгууль явуулах уу, эсвэл Ерөнхийлөгч нь засгийн эрхээ авах уу ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийх хэрэгтэй. Улс төр нь  увайгүй, нийгмийн  байдал хүнд байгаа учраас АСЕМ-ын хурал болох гэж байна гээд ард түмэн тэвчээд сууж чадахгүй шүү дээ. Тиймээс энэ утгаараа ээлжит бус сонгууль явуулах нь ухаалаг шийдвэр гэж манай нам үзэж, байр сууриа илэрхийлж ирсэн. Өнөөдөр өрнөж байгаа үйл явдлаас харахад бид улс орны байдлыг нэг жилийн өмнөөс урьдчилж харж байжээ.

Хүнд байдлаас гарах гарцыг танай нам  ээлжит бус сонгууль гэж үзэж байна уу. Өөр ямар зам байна? 

-Ерөөсөө бидний байр суурь тэр. Манай нам  улирал бүр онол-практикийн хурал хийдэг. Өнгөрсөн хавар "Үндсэн хууль ба Ногоон нам” сэдэвт хурлаар хувьсгалт өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тэр цаг ирсэн нь  өнөөдөр хэвлэл, мэдээллээр гарч байгаа Монголын улстөрчдийн байр сууриас тодорхой харагдаж байна. Хувьсгалт өөрчлөлтийг хэрхэн  зовлон зүдгүүргүй хийх нь улстөрчдийн ухааны асуудал. Манай нам нэгэнт ийм дүгнэлтэд хүрч, уриалга гаргасан учраас ухуулга сурталчилгаа хийх ёстой. Нийгмийн идэвхийг өрнүүлэхийн тулд энэ сарын 7-нд "Түүхээ дурсъя” сэдэвт жагсаалыг социализмыг гардан байгуулж байсан ахмадуудынхаа дунд зохион байгуулна.

Ээлжит бус сонгууль явууллаа гэхэд хуучин  хуулиар хийнэ. Шударга болж чадах уу? 

-Сонгуулийн хуучин хуульд хэд хэдэн заалтыг тодорхой заасан байдаг. Сонгогч иргэд бүрэн хяналт тавина гэж байгаа, даанч хэрэгжүүлдэггүй. ТЕГ-ын ажилтан хар машинд бүрэн хяналт тавина гэж бас бий. Гэтэл хар машин оруулж ирсэн гадаадын компаниуд программ болон дүнд нь хяналт тавиулдаггүй. Уг нь тэр зүйл, заалтын хүрээнд хяналтаа тавиад явчихад  болохгүй юм үгүй. Дээр нь ээлжит бус сонгууль явагдаж буй учраас илүү шударга болох магадлалтай. Нөгөө талаас өнөөдөр  нэр дэвшихээр мөнгөө цуглуулчихсан хүмүүс график гаргаад сонгуулийн ажлаа явуулж эхлээд байна. Тэгвэл ээлжит бус сонгууль явуулснаар тэдний хийж буй луйврын ажлууд зо­хион байгуулалтын төв­шинд хэрэгжиж чадахгүй байх. Тиймээс ээлжит бус сонгууль явуулах нь аль аль талдаа ашигтай шийдэл. Тэгж чадахгүй бол аяндаа тэмцэл хөдөлгөөн рүүгээ орно.

Сүүлийн үед санаа зовоож буй Монголын гадаад өрийн талаар  Ногоон нам дүгнэлт гаргасан уу?

-Төрд байгаа нөхдүүд ил, далд хулгайлсаар Монгол Улс 27-28 тэрбумаар тооцогдох өртэй сууж байна. Энэ өрийг ард түмэн, татвар төлөгчид л төлнө. Өрөндөө газар нутгаа өгч байгаа улс орнууд эхнээсээ байна. Тажикстан өрөндөө газар нутгаасаа өглөө. Грек яаж байна, Украинд юу болов. Орос Крым манайх гээд цэрэг оруулаад авчихаж  байна. Хөрш зэргэлдээ улс орнуудын маань удирдлагад ёс зүйгүй, увайгүй нөхдүүд гарч ирвэл бидэнд ч ийм аюул тулгарахыг үгүйсгэхгүй. Эхнээсээ Халх гол гээд асуудал өрнөж байгааг олон нийт сонсч дуулж л байгаа байх. Орон нутгийн удирдлагууд нь хууль зөрчиж газар нутгаа түрээслэсэн байна шүү дээ. Гэтэл түрээслэж байгаа гадаадын нөх­дүүд Монголын хууль тогтоомжийг мэдэхгүй, Их хурлаас шийдвэр  гараагүй байхад очоод ногоо жимс тариад үзүүлээд өгч байна. Мэ­дэхгүйдээ ч биш нэгэнт хөрөнгөө оруулчихсан юм чинь минийх гэж  байна шүү дээ. Ямар ч байсан газар нутагт нь ороод авъя. Дараа нь юу болохыг Африк, Латин Америкт хийгээд сурчихсан улс тэр л аргаа хэрэглэнэ. Энд ганц зүйлийг хэлэхэд, ирээдүйд дэлхийд сүйрэл болоход бүрэн бүтэн амар амгалан үлдэх бүс нутагт Монголын газар нутаг бүгд орсон байдаг. Тиймээс ирээдүйгээ боддог, хө­рөнгө мөнгөтэй улсууд Монгол руу хараагаа бэл­чээж байгаа. Бид бодолтой, сэрэмжтэй, төр засаг маань бодлоготой  байх ёстой.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Санал болгох