Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорьсон нь Хөгжлийн банкнаас зээл авсан эрхмүүдэд хатуухан сануулга болов
Төсвийн мөнгө үрэн таран хийсэн нөхдүүд эхнээсээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэллээ. Тодруулбал, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны бүхий л луйвар булхай олны өмнө ил болсон ч шалгалтын ажиллагаанд ахиц гарахгүй байв. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан АТГ, ЭЦГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлаа эрчимжүүлж эхэлснээр Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй, улс төсвийн баруун солгойгүй үрэн таран хийсэн нөхдүүд эхнээсээ "аавын хаалга” татаж байна.
Хөгжлийн банкны ноцтой, "но"-той хэргийг шалгаж эхлэхэд ажил амьдрал мэдэхгүй, даргын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлсэн зарим нэгэн залуус "аавын хаалга" татаж, эцсийн дүндээ асуудлыг араас нь шийдэж, хатгаж байсан АН-ын эрх мэдэлтнүүд нуугдан хоцрох вий гэх хардлага олон нийтийн дунд байсан. Учир нь өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй тус банкны удирдлагуудыг л цагдан хорьж, саатуулан шалгаж, харин зээл авсан, эргэн төлөөгүй, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн этгээдүүдийн сураг алга байв.
Харин АТГ-аас өнгөрсөн мягмар гаригт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр болон Хөгжлийн банкны томоохон зээлдэгч УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг цагдан хорьсон нь тус банкнаас зээл авсан эрхмүүдэд хатуухан сануулга боллоо.
Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр 2015 оноос хойш шалгаж байгаа. Түүнийг цагдан хорьсон ч тэрбээр бие муу гэх шалтгаанаар батлан даалтад гадуур байцаагдаж байсан ч харин энэ удаа түүнийг дахин цагдан хорив. Харин УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Хөгжлийн банкнаас Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад "Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэргээр шалгаж эхлээд байгаа юм. Ингэхдээ түүний хүү "Монроуд” компанийн захирал Г.Тэнгис, Б.Гарамгайбаатарын төрсөн дүү тус компанийн нягтлан бодогч Б.Оюунцэцэг нарын хамт шалгаж байна. Ямар зүйл ангиар шалгаж байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүйг АТГ-ынхан тайлбарласан.
Цагаан сараар сайдтай золгохдоо хамгийн сайхан дээл өмссөн эрхмийг 3.5 сая төгрөгөөр урамшуулаад, гадаадад нэг өдөр айлчлахдаа хамгийн тансаг болгоныг хэрэглэчихсэн. Монголчуудын амь амьдралыг барьцаанд тавьж, улсаа ломбардаад босгосон бондын мөнгийг нь ямар ч тооцоо судалгаагүйгээр үрэн таран хийж улсын мөнгийг гарын салаагаараа хайр найргүй урсгаж ирсэн нөхдүүдтэй ийнхүү хариуцлага тооцож эхэллээ.
Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нараас гадна олны өмнө ил болоод буй нь "Эрэл” компани. Тус компанийг Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүйг илрүүлэн шалгаж байгаа юм.
Түүнчлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг ч тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тодруулбал, 2012 онд БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн 11 цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт "Алтан тэнгэр”, "Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан байдаг. "Ар дааган” ХХК-ий ерөнхий инженер нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр, "Алтан тэнгэр” ХХК-ий захирал нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд, зарим компани нь дээр яригдсан М.Тулга гэгчийн найз нарынх байж. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илэрсний хажуугаар Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэтчилэнгээр хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл байдал илэрч байгаа гэж Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн байдаг.
Мөн ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрдэнэставантолгойн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн, Эрдэнэставантолгойн дарга Я.Батсуурийг шүүхээр болоод байгаа. Галсангийн Дэнзэнд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар, Яйчилын Батсуурьд: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар буруутган шүүх юм.
Ард түмний амьдрал өнгөрсөн дөрвөн жилд өдрөөс өдөрт үгүйрэн доройтож, идэх талх, хоногийн махаас ч авч дийлэхгүй шахам болж байхад дарга гэх сэтэртэй эрхмүүд ийнхүү хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх нь.
Б.Анир
http://www.zaluu.com/read/gec58beg