АН-ынханыг тойрсон баривчилгаа болон хэрэгт холбогдсон явдлууд үргэлжилсээр

🕔 2016/12/01 10:29

 

Хөгжлийн банкийг тойрсон асуудлууд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаярыг есдүгээр сарын 15-ны өдөр саатуулсан байдаг. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Н.Батбаяр нь цагдан саатуулагдсан даруйдаа зүрхний ачаалал даахгүй гэх шалтгаанаар батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа юм. Харин Н.Мөнхбатыг саатуулсан хэвээрээ байгаа бол Б.Шинэбаатарыг мөн гадуур шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.

Мөн тухайн үед бондын мөнгийг үр ашиггүй зарцуулах шийдвэрүүдийг гаргаж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг шалгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа аж.

Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаярыг "Чингис”, "Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.

Тэрбээр 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нар ч "Фортуна" Н.Батбаяртай адил үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа юм.

Тэгвэл сүүлийн өдрүүдэд өнгөрсөн 2012-2014 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай холбоотой хэргийг хууль хяналтынхан шалгаж эхлээд байна. Түүний эхнэрийг хилээр гарахыг нь хориглосон бол төрсөн дүү Н.Наранцэцэг, төрсөн эгчийнх нь хүү Ц.Насанбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаад Н.Наранцэцэгийг суллаад байгаа юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр сэжигтнээр татаж байцаалт авлаа. Байцаалт дөрвөн цаг үргэлжилсэний эцэст дууссан байна. Н.Алтанхуягийн хамсаатнуудыг 4.2 тэрбум төгрөгийг тендерийг хууль бусаар авсан хэргээр шалгаж байгаа тухай Нийслэлийн прокурорын газраас мэдээлсэн. Ийнхүү АН-ынхныг тойрсон баривчилгаа болон хэрэгт холбогдсон явдлууд нь ил болсоор байна.

Б.Анир

скачать dle 12.0

Санал болгох