1.3 их наяд төгрөгийн зөрчилтэй, хамгийн их өртэй Хөгжлийн банкны асуудалд Н.Мөнхбатаас өөр хариуцлага хүлээх хүн олдохгүй бололтой
Хэргийн учиг, "хэрүүлийн алим" болж хувираад буй Хөгжлийн банктай холбоотой асуудлыг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэж шийдвэрлэнэ. Бүр тодруулбал, маргааш УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнг хэлэлцэж шийдвэрлэхээр хуваарьт тусгагдаад байна.
Уг асуудлыг байнгын хорооны өмнөх хуралдаануудаар хэлэлцэж шийдвэрлэх гэсэн боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Тодруулбал, Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хурал 60 хувийн ирцтэйгээр эхэлсэн тэр өдөр АН-ын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан бүлгээ төлөөлж, Хөгжлийн банкны шалгалтын дүнг хэлэлцэх асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. Тэрбээр хэлэхдээ "Хөгжлийн банкинд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Ерөнхий сайд танилцуулна. Гэвч шалгалтын тайлан, материал манай бүлэг дээр ирээгүй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналыг Ардчилсан намын бүлгээс хүргүүлж байна" гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд АН-ынхан Хөгжлийн банктай холбоотой асуудалтай бүрэн дүүрэн танилцаж чадсан гэдэгт найдах үлдлээ. Ер нь тэд танилцаагүй байсан ч энэ асуудлыг тэд л хамгийн сайн мэдэх улс шүү дээ. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд "Чинис", "Самурай" тэргүүтэй бондуудыг авч монголчуудыг урд өмнө нь байгаагүй их өрөнд оруулж орхисон хүмүүс бол тухайн үеийн эрх баригчид болох АН-ынхан. Яаж ч мэлзэх гээд бултах аргагүйгээр тэд өнгөрсөн дөрвөн жилд болж өнгөрсөн алдааг нуруундаа хүлээж, оносон зүйл байвал түүгээрээ бахархах хэрэгтэй. Харамсалтай нь бахархах зүйл туйлын ховор байгаа нь үнэн. Тийм ч болохоор өнгөрсөн сонгуулиар ард түмэн тэдэнд хатуухан дүн тавьж орхисон хэрэг.
Тэдний хийсэн балаг өдгөө хор хөнөөлийн ид шидээ үзүүлж бидний зээлжих зэрэглэлийг хүртэл бууруулаад байна. Энэтхэг улс манайд өгөх гэж байсан зээлээ дахин судалж үзнэ гэдгээ илэрхийлэв. Тусгаар Монгол Улс гэж цээжээ дэлддэг гурван сая ард түмэн Хятадын өмнө ичгэвтэр байдалд орж, хэнийг хаана хүлээж авахаа хүртэл заалгах дээрээ туллаа. Хэрэв тэдний үгийг сонсохгүй бол хямарсан, ядуурсан эдийн засаг дээр нь хэрхэн "тоглолт" хийж чадна гэдгээ Хятадууд өнгөрсөн хэд хоногт хангалттай харууллаа. Эцэст нь бид өөр хоорондоо Далай ламыг урьсан буруутанг хайж хэрүүл хийсээр л өнгөрч байна. Угтаа бол эдийн засаг нь хэний ч хараат биш өр зээлгүй байсан бол бид хаана ч, хэний ч өмнө нүүр бардах суух ёстой байлаа. Хоногийн хоолны мөнгөө тойрон хүрээлэгчдээсээ гуйхгүйгээр байсан. Гэвч хариуцлагагүй төр засгийнхаа ачаар бид ийм ичгэвтэр нөхцөл байдалд ороод байна. Одоо өдрөөс өдөрт Грекийн хойноос зүглэж байгаа гэдгийг ойлгож байгаа хүмүүс тун цөөхөн. Энэ бүхний буруутан бол өнгөрсөн хугацаанд их хэмжээний өрөнд оруулж, улсаа ломбардаж олсон мөнгөө идэж уусан тухайн үеийн эрх баригчдийн л буруу.
Хэрвээ төр гэж байдаг юм бол, энэ улс оронд хариуцлага, үнэн гэж байдаг юм бол асуудлыг хэлэлцээд буруутанд нь хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Хөгжлийн банкны шалгалтыг хэлэлцэхээс мэлзэж зугтах ямар ч шаардлага байх ёсгүй. Тэр дундаа тухайн үед улс орныг удирдан залж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг болон Хөгжлийн банк гэх сүржин нэртэй ч даржин үйл ажиллагаатай газрынхан хамгийн нэгдүгээр эгнээнд "цоллогдох" учиртай. Шалгалтаар илэрсэн 1.3 их наяд төгрөгийн зөрчлийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байгаа юм.