Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...

🕔 2017/01/09 18:02
 Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...
Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...
Гүрний чинадаас Монголоо бэтгэрч гүвээ сэтэртэл харуулдах тэд минь...

Амны бэлгэ ашдын ерөөлтэй Цастын монгол

Хятадын алдарт Чиляний их нурууны баруун хормойг дэрлэсэн багаахан суурингийнхан өөрсдийгөө Цастын монгол хэмээн нэрлэх. Түм түжигнэж бум бужигнасан Дундад улсад Цастын монгол уу, Цайдмын монгол уу, Дээд монгол уу, Дэлхийн монгол уу гэдэг хэнбугайд ч сонин биш. Их Хятадын 56 үндэстний нэг Монгол гээд л өнгөрнө. Харин Гансу мужийн Сүбэй шен гэх монголын өөртөө засах суурингийнхны хувьд "Цастын монгол” нэрээ яруу найраг шиг эрхэмлэж, угтах үдэх гийчиддээ уйгагүй хэлж сануулцгаана. Угтаа бол Гансу, Чингхай мужийн монголчуудыг "Баруун монгол” хэмээх нэгэн нэрэн дор зангидан ойлгож болох авч тэд суугаа газар орныхоо байцаар "Дээд монгол”, "Цайдмын монгол”, "Цастын монгол” гэж дуудуулан цоллогдохдоо нэн дуртай нь нутаг усаа дээдэлдэг буурин монгол сэтгэлгээний үр бололтой. Түүгээр ч барахгүй нуурын зүүн хэсгийнхнээ Зүйнээ, баруун эрэг орчмынхныг Хайши буюу нуурын барууныхан гэх зэргээр нэрлэжээ.

Харин Сүбэйгийн монголчууд Хөх нуураас нэлээд алсхан тийш, урдуураа хэрмэн уулстай араараа шаваг сайртай тал хээрийн аглаг буйдад, зассан шагай шиг цэмцгэр цагаан байшингуудад Дундад улсын дуу чимээнээс дөлөх мэт ажин түжинхэн аж төрцгөөнө. Шенгийн нийт хүн ам нэг түм бөгөөд 4000 нь монгол, тэдний 90-ээд хувь нь хошууд, 10 хувь нь халх монголчууд. Монгол Улсаас 400 орчим жилийн өмнө, Дээд монголчуудаас 100 орчим жилийн өмнө тасарч энд суурьшжээ. Сүбэйд монгол, хятад үндэстэн шенгийн хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг, мөн хотон, цагаан монгор, төвдийн цөөхөн өрх бий.

Тус шенгаас өмнөш өдөрчийн газарт орших Жиү Чуан хот урьдын цагт арилжаа наймааны зангилаа, их хөлийн газар болон цэцэглэж байхдаа Сүжү гэдэг нэртэй байжээ. Хятадын ихэнх том хотуудын ард байх "жү” гэх дагавар нь суурин балгад гэсэн утгатай билээ. Тиймээс "жү” нэртэй их хотуудын ойролцоох газрууд тухайн хотынхоо нэрийн эхний үеийг авч араас нь хятад хэлний зүг заасан "бэй”, "нан”, "ши”, "дунг” гэх мэтийн ханзыг залгаж газрын нэршил бүтээх нь нэн элбэг. Сүбэй хэмээх нэр ч мөн Сү "жү”-гийн хойд нутаг гэсэн утгатай бөгөөд Сүжүгийн урд нутгийг Сүнан гэнэ. Сүнанд бас монгол үндэстэн байдаг, тэдний ихэнх нь Хөхнуурын монголчуудыг 1636 онд энд суурьшихаас бүр өмнө уг газарт нутагласаар ирсэн эртний нүүдэлчин монголчуудын удам хойчис ажээ. Тэднийг Дээд монголууд "Хар ёгуур”, "Шар ёгуур”, "Цагаан монгор”, "Дунсиан”, "Тузу” гэхчилэн нэрлэдэг. Тэд хуучин цагт бэлчээр нутагтаа эвтэй найртай айлсацгааж, цагаан яс ягаан цусны тасархай хэмээн төрөлсөж, аягатай цай, шанагатай будаагаа хувааж явсан гэлцдэг. Харин 1949 онд БНХАУ улс байгуулагдаж соёлын хувьсгал өрнөн "Тэнгэрийн нарыг тэгш харах” төрийн хууль цаазыг батламжилж засаг захиргааны шинэ нэгж болох муж, жү, шенгуудад ард иргэдээ хуваарилан нутаг заахад элэг нэгт монголчууд хагацан салж, хошуу нутаг холын түүхээ цээжиндээ баринтаглан Гансу, Чингхайн монгол, төвд, хятадын шинээр байгуулагдсан аймаг сумдад харъяалагджээ. Чухам эндээс л тэдний хайлан алдрах эмгэнэлт түүх эхэлсэн гэнэм.

Харин Хөхнуур Төвдийн өндөрлөгийн зүүн хойд биед далайн түвшнээс 5000 гаруй метрт өргөгдөн тогтсон Чиляны мөнх цаст их нуруудын ар хормойд шургасан Сүбэйгийн цөөхөн монгол энэ цагт эх хэл соёлоо хадгалан, Хөхнуур орчимдоо гайхагдах халх, баруун монгол аялгаар урсам сайхан хөөрөлдөж, үр хойчсынхоо эрдэм оюуныг өвөг монгол ухаанаар тэтгэн суугаа нь бахдалтай.

Цастын монголчуудтай золгосон Цагаан сарын шинийн нэгэн

...Хөхнуураар хөндлөн гулд тэнэж яваа сайхь нөхөр /Энэхүү тэмдэглэлийг эрээчин татлагч бээр/ Дундад улс даяар улаан дэнлүү, улалзан дүрэлзэгч луун чимэглэлдээ "шатаж ноцож” асан билгийн улирлын Цагаан сарын шинийн нэгэнд Сүбэй шенд элгэмсэг дулаахан монгол гэр бүлийн дунд тухлан цагаалж суувай. Сүмбэр уулыг бэлгэдсэн Шүмэр хэмээх идээ ширээний голд байна. Энэ айлын босгыг эл өдөр алхсан бүхэн заавал амсаж дээжлэх учиртай элгэн тараг том мөнгөн аяганд мэлтэгнэнэ. Сагс гэдэг нэртэй шармал сараалжин боорцог, хоргон боов овоолсон цар, зүйл бүрийн самрыг нүд бүхэнд нь хийж алаглуулсан олон таславчтай таваг, уур савссан банш, нунтаг ааруул ээзгий, үзэм, чавган дээр шар тос хөвүүлэн аягалах сүүтэй цай...

Ул боов, ууц, бууз байхгүй ч үндэсний хэлбэртэй социалист агуулгатай, нүд хужирлачих л Цагаан сар. Хоорондоо гар барин "товарищлаж” золгоно. "Даага далантай, бяруу булчинтай...” гэж нэг амьсгаагаар нэжгээд ерөөл урсгахгүй, "Амуур” гээд л болчихно. Асуулт нь хариулттайгаа адилхан болохоор бүр ч амар юм.

-Амуур?

-Амуур.

Шинийн нэгний өглөө гэрийн хүмүүстэйгээ золгоно гэж хадаг яндараа зэхээд хэрэндээ бэлдсэн ч хэрэг  нь гарсангүй. Зүг мөрөө ч гаргасангүй.  За яахав, Монголын Цагаан сар өмнө бий шүү дээ гэж өөртөө зориулсан өршөөлийн хууль санаачилж суув. Тэгтэл эрхэм ах дүүс маань шуугитал хувцаслаад эхэллээ. "За хүндэт гийчин минь гарч цагаална шүү дээ” л гэж байна. /Энд ирсээр "Эрхэм”, "Хүндэт” гэдэг хоёр үг нэр минь юм шиг л сонсогддог болчихсонтой нэгэнт эвлэрчихээд байгаа/.

Өглөөний зургаан цагийн үес нар битүү, өмнөх зам бүдэг бадагхан тарлантаж, өчигдрийн цас зарим газарт мөстөн гялайсан нь хальт үзэгдэх төдий. Жавар тачигнасан цантай үүрээр Цагаанхүү гуайн ганц охин Мандмаад сугадуулж садангуудыг нь зорилоо. Цагаанхүү ах эхнэр Мөнхгэрэлтэйгээ урд гарч шуурхайлан алхана. Тэдний хоёр сайхан ижий нь сэрүүн тунгалаг, үр хүүхдүүдийнхээ нүд сэтгэлийг баясгаж суудгийг дуулсан болохоор хөгшидтэй золгож "хоол болтол шийр зугаа” гэдэгчилэн юу эсийг ярьж хөөрөх сөн билээ гэж хөөрүүхэн бодол хөвсөлзүүлж алхсаар хэдийнэ хүрээд ирж. Нэг сууцнаас нөгөө рүү ирэхийн зуурт эгээ л  саахалт руугаа морь хөлөргөн довтолгосон хөдөөх айлчин аятай цан хүүрэг савсуулчихсан нүдний булай чинь нүд сормуусныхоо цас мөсийг ч шудралгүй тэр чигээрээ л орж явчихлаа.

Шенгийн төвийнхөн тохилог сайхан орон сууцанд хот газрын зиндаагаар товхийтэл амьдарцгаадаг аж. Илүү дутуу эд хогшил, нүсэр хүнд тавилгуудгүй, тохь тухыг эрхэмлэсэн орчин үеийн хөнгөн шийдэл бүхий цэмцгэрхэн гэр орон угтаж байсан юм. Шалаа гэгээ гэрэлтэй шаазан хавтангаар өнгөлж, ханандаа эзэн Чингисийнхээ хөргийг эсгийн дээр хатгамалдан залсан байна. Хөхнуурт Чингисийн хөрөггүй айл байдаггүй гэнэ лээ. Зочдын өрөөний эсрэг талын хананд шил болон улаан модоор хийсэн орчин үеийн ханын цогц тавиурууд байх бөгөөд түүнд нь Хятадын их удирдагч асан Мао Цзы Дуны баримал дүр урлагийн бүтээл мэт ихэмсэг залрах нь мөн л Чингис хааны хөрөг лугаа нийтлэг. 

Энэ жил Мөнхгэрэл эгчийн том ах хэвтэрт байгаа тул хамаатан садангууд нь "найрын хувцас агсахгүй” гээд гоёлын дээл хувцасаа гаргасангүй гэж ярьцгааж байсан юм. Тэд өвчтэй ахынхаа мэндийг эрэхийг л урьтал болгожээ. Настай ижий нь ууган хүүгийнхээ бие лагшинд сэтгэл чилээрхээд нүд салгалгүй харж суудаг гэнэ. Нээрээ л дээл хувцастай улс алга. Бүгд л бие биесээ хүндэтгэн дэрхийтэл босоцгоох атлаа "Амуур” гээд гар барьцгаах юм. Том жижиггүй дипломат маягаар "товарищласнаар” золголго дуусч цай цүй ч амсалгүй дараагийн айл руу яарлаа. Мөнөөх айлын эзэгтэй болон хүүхдүүд, золгохоор ирээд байсан ах дүү нар нь идээ цагаа барьж цай цүй болсон ч манай Цагаанхүү ах идээ цайнаас дээжлэн хүндэтгэл үзүүлээд яаран хөдөлсөн юм.

Энэ нутагт дээжийн ёс гэх хүндэтгэлийн зан үйлийг машид чухалчлах бөгөөд идээ ундаан бүхнийг дээжилнэ. Ингэхдээ эхлээд баруун гараа чамархайн тус газраа хүргэж, дараа нь дээжилж буй идээнд нөгөө гараа дэмнэн хүргээд дахин баруун гараа өөд өргөн магнайдаа адислан бөхийхийн хамт тахимаараа нахисхийн үйлдэнэ. Айлд ороход хийж өгсөн цай, цагаалга, архи гэхчилэн бүхий л ундаа шүүсийг гэрийн эзэн болон тэнд байгаа настнуудаар дээжлүүлж байж айлчин сая аяганы амсар зууна. Гэрийн эзэгтэй цай хийж барихад цайгаа барьсаар настан дээр очиж "Настанд цайгаа дээжлүүлье ээ” гэнэ. Хөгшид дээжлэх зан үйлийг нарийн дэс дарааллын дагуу хийж цайг уруулдаа хүргэн буцааж өгөхөд л зочин цайгаа өөрийн өмнө тавин уух эрхтэй болно. Архи дарс, ундаа шүүс аль бүхнийг дээжлүүлсний дараа л хүртэнэ. Амар мэнд эрэхдээ гар барих төдийхнөөр хялбар үйлдсэн атлаа идээ ундаан хүртэхэд түүртмээр олон зан үйлтэй ажээ. Харж байгаа хүний нүд чилмээр хэдий ч тэд төвөгшөөхгүй, харин ч илүү эрхэмлэж нэн хүлээцтэй хандана.

/Товарищладаг нь эндэхийн уламжлал биш харин орчин үежсэн мэндчилгээ бөгөөд жинхэнэ золгуут нь гар зөрүүлээд зогсохгүй хадаг зөрүүлэн хоёронтоо солилцдог уртаас урт мэндчилгээ байх болно гэдгийг би энэ үед мэдээгүй байсан юм. Нар мандахтай уралдан бүх шенгаараа золгох үед нутгийн хөгшчүүлээс би энэхүү ёслол хүндэтгэлийг харж гайхширан алмайрах болно/.

...Эд нар маань өвчтэй зовлонтой хүний царай харж байгаа болохоор хэцүү байх шиг байна даа... гэж бодож явтал "За холын эрхэм гийчин минь бид энэ айлдаа эргээд тухтай ирж цагаалах юмаа. Дараагийн бүх айлдаа нар мандахаас өмнө золгох учиртай” гэлээ. Өө, тэгвэл ингэж яарахаас ч аргагүй юм байна шүү дээ гэж уулгалан бодлоо. Дараагийн айлд цай унд ууж, банш чануулж нэлээд сайхан хууч хөөрсний эцэст мөн л дараагийн ах эгч нарындаа нарнаас урьтан золгохоор яаравчиллаа. Шенгийн гудамжинд танилуудтайгаа тааран "товарищлаж”, эргэж тухтай золгох амлалт өгсөөр, цаадуул нь ч мөн хариу амлаж, хэн хэн нь яарч явааг хэлүүлэлтгүй ойлголцоод найрсгаар сална. Ийнхүү адгаж тэвдсэнийх юутай ч авга нагац, ах дүү нартайгаа золгож амжаад нар угтав.

Өвлийн нарны туниа муутай илч цонхны шил шүргэн хөлөргөх үес бид гэртээ буцаж ирэхэд айл хөршийн сайн нөхөд нь манай хоёртой яаруу сандруу золгочихоод эргэж тухтай айлчлах юм болоод гарлаа. Улаанбаатарынхан айл хөршийнхөө улстай анд нөхөд бололцон сүжрээд байдаггүй, амьдран суугаа орчин нөхцөл нь ч тийм боломжоор хомсхон. Харин энд сайхан монгол ёсоор айл аймаг, амьтан ах дүүтэйгээ ойр салгуу амьдардаг нь тун чиг дотно санагдаж билээ. Түүгээр ч барахгүй Өвөрмонголын тийм хүн, Шинжааны ийм хүн, Хөхнуурын тэр найз Гансуд маань айлчлаад гэж ирээд л, Цастын монголд буусан суусан бүхнийг халуун сэтгэлээр дурсч, хаа холын Монгол улсынхаа буян заяаг тэнгэрт даатган цай сүүгээ дээжлэн, Өвөрмонголд үзэгдээд өнгөрдөг Монголын уран бүтээлчдийг "Одон” телевизээр харснаа бахдаж, өөг нь хүртэл гуа болгон ярих ажээ.

Цаст уулын хормой дахь цайлган монголчууд энд дөрөвхөн мянгуулаа атлаа дөрвөн зууны түүхийг ажралгүй үүрээд иржээ. Цогт тайж, Гүш хааны цэргүүд өдгөө аягатай цайгаа хувааж, амьдралын үнэнтэй сүлэлдэн Халхын зүг хараа бэлчээж суугаа нь энэ ээ.

Нуугисан дулаан өргөөнд нутгаараа цугласан өдөр

Үүр цүүрээр уулгалан босож, шуургалан шинэлсэн бид гэртээ буцаж ирээд удаа ч үгүй байтал Шенгийн цагаалгад явах боллоо. Жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд ургахын улаан нарнаар Сүбэйчүүд нийтээрээ золгож шинэлдэг уламжлалтай ажээ. Энэ ажлыг шенгийн засгийн ордноос зохион байгуулдаг гэнэ. Энэ жилийн нийтийн шинэлгээ шинээр баригдсан үйлчилгээний төвийн уужим цэлгэр зоогийн танхимд боллоо. Ханыг нь дагуулан сандлууд эгнүүлж танхимын голд идээ ундаан дүүрэн өрсөн хүлээн авалтын дугуй ширээнүүд засчээ. Түрүүлж ирээд золгож шинэлчихсэн хүмүүс сандал дээр тухалж шинээр ирэгсэд хүн бүхэнтэй золгохоор тойрно. Залуус ихэвчлэн гар барьж, хөгшчүүл хадгаа зөрүүлцгээнэ. Хөгшид хадагныхаа амыг золгож буй хүн рүүгээ харуулж барихын хамт нөгөө хүн нь мөн хадгаа аман талаар нь дэлгэж гар дээр нь тавина. Ингээд хоёул солилцсон хадагныхаа амыг эргүүлж дахин солилцсоноор эхний хадаг эзэд дээрээ ирнэ. Энэхүү үйлдлийг ахин нэгэнтээ давтсанаар хадагтай мэндчилгээ өндөрлөдөг аж. 

Нийтийн золгуут өндөрлөхөд шенгийн дарга монголоор, намын дарга хятадаар мэндчилгээ дэвшүүлж өнгөрсөн оны ажил байдлынхаа талаар товч мэдээллээ. Хятадын Өөртөө засах хошуу болон шенгуудад засаг дарга, цагдаагийн дарга, ерөнхий шүүгч нар нь тухайн үндэстний хүн байх хуультай юм байна. Шинэ албаа аваад дөнгөж нэг сар болж байгаа "будаг нь ханхалсан” шенгийн даргадаа Сүбэйгийнхэн ам сайтай байна билээ. Тэрээр ардын урлагаа хөгжүүлж, монгол уламжлалаа сэргээхийн төлөө ажиллана гэж мэдэгдсэн гэсэн. Нээрээ ч шинэ даргын өнгөнд Сүбэйгийн орон нутгийн телевиз монгол хэлээр нэвтрүүлгээ цацаад эхэлжээ. /Энэ өдрийн орой шенгийн монгол телевизийн мэдээг үзэж байхдаа мэдээ мэдээллүүд нь хуучин уламжлалаа нэхсэн, үгүйлсэн, сэргээсэн сэлбэсэн чимэг зүүлтүүд арвинтай байсанд ихээхэн олзуурхаж билээ/. Мөн энэ багаахан суурингийн монголчууд төрийн зарлигаар биш хувийн санаачилгаар шенгийнхаа төвд өндөр настны асрамжийн газрыг байгуулан бүл дутсан хөгшдөө бүлх залгиулалгүй тордож байгаа нь монгол хүний сэтгэлийн нүнжиг, хүн чанарын сэрүүн улиралд ч дулаанаа хадгалахын жишээ буюу.  

Дарга нарын мэндчилгээний дараа Сүбэйгийн нэрт ерөөлч, монгол хэлний багш өвгөн дээд монголын уламжлалт баян сөнгийн ерөөл айлдахад шенгийн дарга хамт суугаа хөгшиддөө шүмэр дээжилж байгаа  харагдав. /Нээрээ энэ дарга нийтийн шинэлгээний дараа асрамжийн настнууддаа золгохоор явсан/. Ерөөл өндөрлөхөд тэрээр нийтэд хандан шүмэр, цагаалга, архи дээжлэн хүндэтгэл үзүүллээ. Шенгийн авъяаслаг хүүхэд залуус урлагийн тоглолт үзүүлж, хөгшид хууч хөөрч, нэг цаг орчим саатаад шинэлгээчид тарах болоход Сүбэйгийн улаан мөчрийн гурван залуу гарч ирээд "Цугаараа амуур” хэмээх энэ нутгийн ерөөл дууг хуурдан эгшиглүүллээ.

 Нийтийн цагаалгын үеэр Цагаанхүү гуай намайг хөтөлж настнуудтай золгуулахдаа Монгол улсын зочин гэж ёс төртэйгөөр танилцуулна. Үүнийг сонссон хүн бүр ёс юм шиг уулга алдаж халуун дотноор гар атган нэн тахимдуу золгоно. Би гэдэг хүн Сүбэй нутагт тун чиг холын гийчин ажээ. Бүгд л юм ярих гэж зүтгэнэ, болж өгвөл гэртээ урьчих гээд зүүгдчихнэ. Хөгшчүүл нь үнэхээр бахадмаар хөнгөхөн шингэхэн, алиа хошин зантайг үзээд удтал төрлөө эгээрсэн сэтгэлийн цангаа тайлагдах шиг боллоо. Хүүхэд шиг гэнэхэн энэ буурлуудтай наадаж наргиж суухдаа Төвдийн өөртөө засах Хэнан шенгийн навтгар шавар тагзныхаа гадаа элгээ эвхэн, алгаа хавсарч үлдсэн Гаадаа өвөөгөө дотор сэтгэлдээ эрхгүй үгүйлж "Өвөөгөө эдэнтэй нэг уулзуулах сан. Хэлтэй ч болоосой доо өвгөн ах минь” хэмээн цээжин цаана хөндүүр оргиж билээ.

Түмэн газрын урт цагаан хэрмийн төгсгөл Жа Юу Гуан гэх газраас Сүбэйд ирэн шинэлж байгаа ахмад багш Довчин энэ нутаг усныхаа тухай бичсэн хятад хэлээрх номоо надад бэлэглэлээ. 70 хол гарсан ч лавтайяа 20 насаар залуу харагдах энэ өвгөн багш бичгийн цүнхнээсээ өнгийн цаас гарган нямбайлж цагаан, ногоон, хөх өнгийг давхарлан дээр нь  хэдэн улаан чавга, ааруул хурууд тавин босч ирээд "Энэ бэлгийг 30 жил мартсаан бид. Монгол Улсын хүнийг бэлэггүй явуулбал билэггүй болох биз ээ гэж энэ нутгийн уламжлалт бэлгийг өгч байгаа юмаа” гэсэн юм. Хөхнуурын монголчууд бэлгийг таван өнгийн цаасан дээр тавьж өгдөг уламжлалтай юм санжээ. Тэгэхдээ таван өнгийг хэзээ ч нэг дор тавьдаггүй бөгөөд дөрвөн өнгийн цаас дэвсэх тохиолдол ч өдрийн од шиг цөөн байсан гэнэ. Учир нь улаан өнгө төрийг, шар өнгө шашныг, хөх өнгө эрдэм номыг, ногоон өнгө шимт амьдралыг, цагаан өнгө газар шороог бэлгэддэг байна. Эгэл хүнд хөрст газар шороо, үржил шимт амьдрал бэлгэдэж цагаан дээр ногоон цаас давхарлаж дээр нь амьд байгалийн үр жимс болсон үзэм чавга, ачит малын буян хишиг хэмээн ааруул хурууд тавьж бэлэг болгон алга тэнийлгэдэг заншилтай байжээ. Үүн дээр эрдэм номын хүн бол хөх өнгийг, хувраг хүн бол шар өнгийг, төрийн хүн бол улаан өнгийг нэмдэг байна. Харин төрийн хүн шашин барихгүй, шашны хүн төр барихгүй ёсыг эрхэмлэн улаан болоод шар өнгийн цаасыг хамтад нь хэзээ ч давхарладаггүй гэнэ. Одоо цагт үр хүүхдийнхээ алган дээр амьд хишиг биш, хуурамч идээ шүүс, чихэр шоколад тавьдаг болсон нь тоогүй гэж өвгөн ах шүүрс алдан учир таниулсан юм. Цагаан сараар хүн бүхэнд бэлэг барьдаггүй, зөвхөн хөгшид хүүхдийн л алгыг тэнийлгэдэг эртний монгол заншил энэ нутгаас хулжирчихаагүйд ихээхэн олзуурхлаа.

Монголчууд ер нь хэтээсээ соёлтой хүнийг их тоодог. Хүү минь биднээрээ үлгэр домог яриулах гээд хүрээд ирдэг нь сайхаан гэж хуруугаан гозолзуулан шиг шиг инээсээр боссон Довчин ахын араас харжээ зогсохдоо Хайши нутгийн өвгөн ахын ярьсан хууч яагаад ч юм санаанд орлоо. 1950-аад оны сүүлчээр улсын нүд чих болчихож мэдэх залуу хойч үеэ ажил амьдрал сургахаар аль л алс бөглүү нутаг руу цөлж орхисон Хятадын төрийн холч бодлогыг Чү өвөө надад ярьж билээ. Тэр үед хожмоо их Хятадын Ерөнхий сайд болсон Жү Рун Жи-г Өвөрмонголын Хянган аймаг руу "чулуудсан” боловч нутгийн монгол малчид "Энэ эрдэм боловсролтой залуу хүнийг бид хүндэлж байна” гээд хар ажилд гар дүрүүлэлгүй хасаг тэргээрээ Шилийн гол рүү хүргэн, номоо үзэг гээд сүмд аваачиж байсан гэдэг. Хожим нь Жү Рун Жи Шилийн гол руу үхэр тэргээр ном хүргэсэн юм гэсэн.

Эзэнтэй улс гудайдаггүй, эрэгтэй ус ширгэдэггүй

Дөнгөж хөлд ороод дээлэндээ түүртэн унаж босож яваа жаахан амьтан тавагтай идээн дээрээс хурууд аваад настай ээжид хүргэж өгнө. Эмээ ээж ааруулыг нь алгаа дэлгэн тосч дээжлээд "Эзэнтэй бол” гэж ерөөх ажээ. Сөөсгөр ч ааруул зөөсөөр эмэг ээж өхөөрдөн өнөөх л ерөөлөө хэлсээр. Манай нутагт бол хүүхдийг "Өндөр болоорой” гэж урамшуулдаг. Харин Гансугийн монголчууд нялх үрсээ ерөөх, уулгалахын алинд ч "Эзэнтэй бол” гэцгээх. Энэхэн үес Сүбэйгийн өвгөн багш Довчин гуайн "Энэ газрын монголчууд эзнийхээ үед зовхи нүд нь босоо, зоргоор дураараа явсан юм шүү” хэмээн над руу сөрвөсхийтэл харан их л нухацтай хэлж байсан нь санагдлаа. Тэрээр эзэнтэй хүн иргэн, эзэнгүй бол тэнүүлчин болдог юм гээд Найралттөвийн үед Цастын монгол өөд бараа харалгүй өрцөө сэмэртэл дарлагдсаныг дурссан юм. Энэ үед монгол хүн, хүний тооноос хасагдаж төвд хүн төрийн нөмөрт завшиж байсан гэнэ билээ.

Гүмбэмд ирснийхээ дараа, Тайжнар хошууны Их гөрөөчин овогт Лхүндэвийн Чүлтэм ахайтай хууч хөөрөнгөө дээрх учрыг лавлатал "-За даа, энэ ч их эртний үг юмаа. Манай дээд монголчуудаас ч өмний юм даг уу даа. Анх Гүш хааныг цэрэглэн ирэхэд энэ нутаг ус цөм монгол нэртэй, тэдгээр нь "Гурван найз”, Гурван гүн зуух”, "Гурван туулай”, "Гурван хожуул”, "Гурван ямаат” гэхчилэн гуравтай үг элбэгтэй нэрүүд тосож байсан гэдэг. Шарай голын монголчуудын өгсөн нэр болж таардаг юм. Тэр үед Хатан голыг Шар гол гэж нэршиж байсан аман сурвалжууд их бий. Хатан голын саваар нутаглаж байсан нүүдэлчин монголчуудыг Шарай голынхон гэж нэрлэдэг нь  одоогийн Тайжнар хошууны өвөг дээдэс юм гэдэг. Энэ "Эзэнтэй бол” гэдгийг тэднээс хүрч ирсэн үг гэж хөгшид ярьдаг. "Хөхнуурын Тайжнар хошууны хүүхдийн уламжлалт гэрийн хүмүүжүүлэх ёс” гэдэг номондоо энийг би бас оруулах санаатай үзэж харж суугаа юм” гэж ярилаа.

Тэрээр мөн эрт үедээ Хөхнуурын хойд талаар түрэг хэлтэн, урд талаар монгол хэлтэн хоёр аймаг байсан нь одоогийн энэ шар ёгуур, хар ёгуурууд юм гэлээ. Хар, шар ёгуурууд бол Чингисийн түрүү үед энэ нутагт суурьшиж байсан монгол овог аймаг бөгөөд нуурын хойд бие нь ислам шашинд орж түрэг хэлтэн болсон. Харин нуурын өмнөд биеийн ёгуурууд нь бөөгийн шашинтай байгаад хожмоо шарын шашинд орж зан үйл нь өөрчлөгдөж шар ёгуур гэгдэх болсон, уг гарваль нь бол нэг үндэс угсаатай, монголын овог аймаг юм гэж ярьсан билээ. Үүнээс үүдэн Дундад улсад байгаа монгол үндэстэн овог аймгуудын талаар өвгөнөөс тодруулахад Чүлтэм авгай Өвөрмонгол, Дээдмонгол, Шинжаан монголоос гадна Хятадын Юннань, Сычуань, Хэнань мужид 12-14-р зууны монголчуудын хойчис байгаа. Тэдний дийлэнх хувь нь хятадад хайлсан боловч хэл соёлоо хичээж үлдсэн хэсэг ч цөөнгүй байна гээд үүнийхээ жишээ болгож Юннаны хоёр монгол сумыг шагшин магтаад авлаа. Тэд бичиг үсгээ сэргээж хэрэглэснээр барахгүй үндэснийхээ уламжлалаас дахин суралцаж энэ жил Өвөрмонголын "Одон” телевизийн Цагаан сарын үдэшлэгт анх удаагаа ирж оролцсон нь Дундад улс дахь монголчуудын галын хүрээг тэлсэн сайхан үйл явдал болжээ. Баярлаж урамшсан Өвөрмонголчууд тэдэндээ монголын түүх уламжлалын талаарх ном зохиолуудаасаа тэврүүлээд явуулсан гэнэ. Тэд ч Өвөрмонголд ирээд "Монголчууд минь ийм арвин байсан юмуу" гэж хоолой нь зангираад хөөрцгөөсөн юм байх. Мөн Хэнань мужийн монголчууд "Чингисийн хойчис өмнөд оронд” хэмээх гурван цуврал боть бичсэн нь санаанд оромгүй гэнэтийн мэдээ гэнэ. Сычуаны засгийн ордны дэс түшмэл монгол удмын бүсгүй Сычуаны монголчуудын түүхийг ойллого болгон хятад хэлээр бичсэнийг Чүлтэм ахай олж авч хараахан амжаагүй ч баярлаж хөөрөөд сүйд.  

Өвөрмонголын монгол "Одон” телевиз Дундад улс дахь монгол үндэстний уулзан учрах, мэдээлэл солилцох соёлын гүүр болж, энэ их талбарт тархан суурьшсан монголчуудын соёл түүхийг нэгэн гэрт цуглуулж байгаад хязгаар нутгийн түмэн тун чиг талархаж суудаг юм билээ. "Одон” телевизийн Цагаан сарын үдэшлэг гэж алдартай сайхан арга хэмжээ болдог бөгөөд найман муж орноос хязгаар нутгийн хошуу шенгийн монголчууд ая дуугаа өргөхөөр аймаг сум алгасан Хөххотыг зорьдог. Тэд үдэшлэгтээ оролцон мэндчилгээгээ бичүүлчихээд хөөр дүүрэн буцдаг, тэр нь Цагаан сарын шинийн 15-ныг хүртэл өдөр бүрийн оргил цагаар улс орон даяар цацагддаг, монголчуудын чухам л хужирсан хүлээдэг хөтөлбөрийн нэг болжээ. Мөн "Нутаг” хэмээх цуврал нэвтрүүлгээр Хятадын өнцөг булан бүрт суугаа монголчуудын үүх түүх хийгээд ахуй амьдрал, зан дадгалын тухай үзүүлж, эх монгол соёлоо хадгалан хөгжүүлэхийн чухлыг уриалсаар байна. Дашрамд хэлэхэд тус телевизийн Цагаан сарын хөтөлбөр дэх үзэгчдийн хамгийн их хүсэн хүлээдэг нэг үзвэр нь Өвөрмонголын уран бүтээлчид Монгол Улсын хошин урлагийн жүжигчидтэй хамтран бэлтгэдэг "Инээдтэй үдэш” юм. Энэ жилийн "Инээдтэй үдэш”-ийг дараа жилийн Цагаан сар хүртэл нийтээрээ хөөрч хөгсөн ярьцгаах бөгөөд Лхагваа, Бооёо, Хүрлээ, Чаминчулуун, Батсүх гэж ирээд л чухам голын найз нөхдөө дурсаж байх шиг ам булаалдан нэн бахдалтай ярьцгаана. "Одон” телевиз ч "Инээдтэй үдэш”-ээ үүцэлж нөөж байгаад Цагаан сарын шинийн нэгний орой үзэгчиддээ бэлэг болгон хүргэдэг юм билээ. Сүбэйгийн монголчууд маань энэ жилийн "Инээдтэй үдэш”-ийг надад давтан давтан ярьсаар л үлдсэн. Дэмидбаатар, Ганбаа, Эрдэнэзааны нэр өнөөх хэд дээрээ нэмэгдэн ирэх жилийн энэ үеийг хүртэл Цаст уулын хормойгоор цайлган хөөрөл болон салхилах биз ээ.

Харин би "Одон” телевизийн "Нутаг” нэвтрүүлгээр 100 настай ээж залуугийн гоёлоо өмсөөд гарахад дуртай, зургаан настай хүүхэд монголоор шүлэг уншихад дуртай...

Ямбаны хувцасаа өмсөхөөр амбаны хатад шиг монголчууд

Дээд монголын эмэгтэйчүүд бүрэн гоёлоо өмсөж зүүх юм бол 15 килограмм ачаа нэмэгддэг гэнэ. Дээл нь өнгө өнгийн хоргой торгон давхар эмжээрүүдтэй, эмжээр хамжаар дээрээ зүү ороон хатгамалдсан уран бэрийн шаглаатай, бүсэндээ самны гэр, савхны уутнаас эхлээд цалин мөнгөн унжлагуудтай. Дээлнээсээ урт үсний уут, толгойн чимэглэлтэй. Малгайн шашраас нь давхар зүүсэн санчигний гоёл хийгээд ээмэг зүүлт эрээлжлэн үргэлжилнэ. Хамгийн сүүлд эмээлийн чимэг шиг овортой, эрдэнийн чулууд шигтгэсэн алтан мөнгөн хажлагыг хүзүүгээр нь оосорлож энгэрт нь зүүнэ. За тэгээд л Богдын хатны сувдан гуталтай эгнэхгүй ч монгол бүсгүйн уран шаглааг уулгалан бишрэхээс аргагүй хөмөн гутал түмэн хээ...

Хувцасны асар их соёлтой Монголчуудыг дэлхийд таниулж нүд чихийг нь бүлтийлгэх амьд үзүүлэнгүүд энэ нутагт үнэхээр элбэг. Гоёлын дээлгүй монгол хүн байдаггүй гэнээ. 80 гарсан настнууд нь үйл хийгээд сууж байдаг үлгэр домог шиг энэ хөдөөд хөх зүү хөндлөн барьж үзээгүйдээ нүүр шарлаж явлаа. Цагаанхүү ахын ээж эдүгээ 82 настай Бөнтгөр эмээ Мандмаа зээгийнхээ хуримын хувцас хэрэглэлийг эртнээс төхөөрч нарны галтайд ганц нэг хажаас хаваас нэмэрлэж суудаг гэнэ. Зээ минь хэзээ айлын хүн болохыг мэдэхгүй ч эмгийнхээ хийсэн энэ эдээр гоёж таарах юмаа гэж хөөрнө. Хөгшний үйл шаглаж суугаа зургийг авах гэтэл дуу алдан сандарч,

-Хүүхээ, намайг энэ олиггүй хувцас хунартай бүү зураг авчих аа. Эмээ нь дээл хувцасаа агсаж ёс төртэйгөөр патиараа татуулъя аа гээд сэвхийтэл босч хувцасаа солихоор явлаа.

Эндэхийн монголчууд буруу энгэртэй хувцасыг цээрлэдэг бөгөөд орчин үеийн зарим хувцасны товчийг нь сольж хадаад өмсдөг гэнэ. Хувцасны өнгийг төдийлөн цээрлэдэггүй ч хуримын хувцасыг цагаанаар хийдэггүй. Учир нь цагаан өнгийг илэрхийлэх бэлгэдэлгүй гэж үздэг юм байна. Шенгийн төвд Наранцэцэг гэдэг үйлч бүсгүй монгол гоёл урладаг газар нээжээ. Тэрээр ойрдын хувцас заслын эртний уламжлалыг цуглуулж судлан ном бүтээл эмхэтгэснээр барахгүй, тэрхүү уламжлал дээрээ түшиглэн орчин үеийн шинэлэг хэв загвартай дээл хувцасыг монголчуудынхаа захиалгаар хийж өгдөг аж. Сүбэйгийн охид бүсгүйчүүд сүүлийн үед монгол дээлийнхээ зөв энгэрийг наашлуулж зөрлөгийнх нь зайг багасгаад, юүдэнтэй хийлгэж өмсөн гангарах болжээ. Шенгийн цагаалган дээр юүдэнтэй, хурган дотортой, торгон дээлтэй хүүхнүүд золгоод байсан нь ийм учиртай байж.

Сүбэйгийн монголчууд эрт цагтаа Хөхнуурын 30 хошууны нэг Хөрлөг хошуунд харъяалагдаж байсан. Өдгөө ч тэд удам судраа тодлохдоо Хөрлөг хошууны ойллогыг сөхдөг. Хөрлөгийнхөн эртнээс л Хөхнууртаа хувцас эдлэлээрээ алдартай байж. Шинжааныхан шалбуураа гялалзуулж, Тайжнарын бүсгүйчүүд өвдгөвчөөр гоёж байх цагт Хөрлөгийн хүүхнүүд өмд хийж өмсөж эхэлсэн гэнэ. Одоо цагт шалбуур, шархавч, өвдгөвч, хархаг зэрэг нэрс өмд гэдэг нэг утгыг илэрхийлдэг болсон ч эрт үедээ эдгээр нь тус бүртээ өөр өөрийн үүрэг зориулалттай өмсгөлүүд байж. Мөн "Эзэнтэй болоорой” гэж ерөөлгөдөг эгдүүтэй нялхастаа зориулж хурган хажлагатай торгон малгайнх нь магнайн үсэн дээр шүр сувдан гоёл хадаж эзэн ноёны сүр нэмэн урлах моод ч дэлгэрчээ.

Дарийн утаа харийн соёл

Дорнын улс түмнүүд 2012 оныг угтах торгон агшин, хулгана цаг сүүлээ хөдөлгөх үес Сүбэй шен хэмээх бяцхан суурин дарийн утаанд хахаж цацан, цаасан пууны нажигнан шуугих хийгээд авалцан ноцох чимээ чих дөжрөөхөд өөрийн мэдэлгүй хоёр навчаа хонхойтол дараад савлах зүрхээ гавлах шахав би. Айл бүхний тагтан дээр дарь тэсэрч "Ай яа, хайя яа” гэх шулга мэгдээн эцэс төгсгөлгүй үргэлжилж байхад зүрх минь салгалсан хэвээр үе үе түгшингүй базлана. Тогонд цохиулчихсан амьтан шиг хачин царайлж суухдаа л энгийн цагт эгэлхээн сонсогддог "соёлын ялгаа” гэх үгийн орчуулгын хүндийг бие дээрээ туршин мушийх аядлаа.

Дундад улсад зол жаргал, зоос мөнгөтэй холбоотой зан үйл нэн арвин, албин чөтгөрийг айлгадаг цаасан пуу, талийгаачдынхаа араас шатаадаг хиймэл төгрөгүүд гээд мэдээллийн зуунд мэдээлэхэд итгэмээргүй олон л юм байдаг. "Үхэгсдийн мөнгийг” үйлдвэрлэдэг Бээжингийн нэг жижигхээн компанийн сар хагасын орлого сая юаньд хүрч байсныг мэдээгээр ч билүү, мэддэг таньдаг хүнээсээ ч билүү сонсож л байсан юм. Үдшийн тэнгэрт бутран асгарах салютын гэрэлд, "Мандтугай” гэж хашгиран оргилуун дарс буудуулж явснаас биш шинэ оны үүдээр хуучин чөтгөрийг оруулахгүй гэж цаасан пууг дариар цэнэглэж явсангүй. Харин энд баяраар чөтгөрөө айлгаж, энгийн цагтаа бол наадаж наргин галт сум, тэсрэх бөмбөг хашраахдаа гаргуун. Гудамжаар юм бодон алхаж яваад гэнэт  "гранат тэсрэхэд” олби үсрэн, имж атаархмаар цовхордогтоо одоо ч бүр дасаж дээ. Гадаа гудамжинд багачууд олон цөөнөөрөө тонгойгоод сууж байхыг харах л юм бол байлдааны бэлэн байдалд орж цочиж хашгирахгүйн тулд цочмог эсэргүүцлээ дархлаажуулж, гараа базладаг зуршилтай болсон. Харин нэг дор ийм олон пуу нажигнаж, гранат дэлбэрч, их буу нүргэлэхийг өмнө хараахан үзээгүй байсан болохоор амьтан цочтол уулгалан намба алдсан хэрэг.

Монголд хүүхдүүд модтой чихэр авах гэж өлмийгөө өргөн ТҮЦ рүү өнгийдөг бол Хятадад хүүхдүүд "гранат” авах гэж аав ээжийнхээ хэтэвч рүү өнгөлздөг.

Хэнан шиг хайлсан хийгээд түүхээ түшиж үлдсэн нь хэд вэ?

Хятадын баруун орон Хөхнуур, Төвдөд 29 монгол хошуу байсны дийлэнх буюу 21 нь хошууд, дөрөв нь торгууд, бусад нь цорос, хойд,  халхууд байжээ. Есөн тохой Хөрлөг хошууны дөрвөн тохой нь Сүбэйгийн монголчууд юм. Үлдсэн тав нь өдгөө Хайшид байна. Хөрлөгийн хошуу ноён Хайшид ордонлож байжээ. Хөхнуурын эдгээр хошууд өдгөө бүгд салж сарнин шинэ засаг захиргааны нэгжид хуваагдсанаас эх хэл соёлоо алдан, үндэс угсаагаа мартан хайлсан нь цөөнгүй юм. Хуучин Цагаан номун хааны хошуу гэгдэж байсан Ганцын давчийн дөрвөн сум, Гагца шен төвдөд, Датуны түм гаруй монгол хятадад, Хөхнуурын зүүн бие /Хайдунг/-ийн Луду шенгийн Чи овогт аймаг /Гүдүн хааны хойчис/-гийн хоёр түм орчим монгол, нуурын хойд бие /Хайбэй жү/-гийн цагаан монгорын хоёр шен хятадад, нуурын урд бие дэх Хуаннан жүгийн Хэнэн шен, нуурын баруун урд бие /Хайнан жү/-ийн жүлгэ, торгууд, хойдууд төвдөд хэдийнэ хайлжээ. Харин Хятадын өмнөд нутгийн Сычуань, Хэнань мужийн дөрвөн түмэн монголын хоёр түм нь төвдөд, бас төдий тооны хэсэг нь Хятадын цөөнхийн нэг Ие үндэстэнд хайлжээ.

Чингхай, Гансу мужийн монголчууд Дундад улс байгуулагдах /1949 он/ хүртэл хараа бараандаа харьцангуй нэгдмэл байдалтай аж төрж, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байсны хүчинд өнөөдөр дээл хувцас, дээж ерөөлтэйгөө үлдсэн гэж хөгшид хуучилна билээ.

Энэ нутагт 1950-аад оныг хүртэл нангиад хүний шаахайны мөр, анжис хадуурын ир хүрээгүй гэнэ. Улс байгуулагдсаны тав дахь жилийн хавар дээрхийн зарлигаар дотор газраас хэдэн мянган ялтан тууж авчран Хөхнуурын сав, үржил шимт хөндийд тармуур тачигнаж тариа будааны үр булж эхэлжээ. Тайжнар хошууны Номгон, Голмуусын зах, Дагуур зэрэг газрыг тариалангийн талбай болгож, Зүүн хошууны Сангуун лого, Баруун хошууны Их гол, Шан хошууны Ёгорын гол, Хөхөөт хошууны Сэрхийн гол, Хөрлөгийн Алтан дэлхий, Маахайд өвс тэжээлийн аж ахуй байгуулж улмаар тус бүс нутгийг хадлан тарианы эдэлбэр болгожээ. Ийнхүү нутаггүй болсон монголчууд малын хөл дагаж бэлчээр ус бараадан Хөхнуураас алсхан, уул нуруудаа түших болсон байна. Угийн өндөр газарт дасаагүй монголчууд уул тийш нутаг сэлгэснээр өндөрлөгийн өвчин гэгддэг зүрх судасны өвчлөлд нэрвэгдэж дундаж наслалт нь огцом буурчээ. Хэнэггүй хээгүй төрөлх зан, хэцээс өөр нутаггүй болсон зэрэг аргагүй байдалдаа бууж өгснөөр энэ нутгийнхан хожмоо зүрхний архаг хуучтай болцгоожээ.

Хэдийгээр цагийн эрхэнд хайлж, цаг бусаар дундарсан ч Хөхнуурын монголчуудын дээгүүр харц сүүмийсэнгүй. Эх түүхээ ном судар болгон хэвлүүлж хойч үедээ үндэсний ухамсраа өвлүүлж, хэлэх үгтэй хийсэн юмтай сууцгааж байна. Хожмоо нэгдэн нийлж нэг бүл болсон Хөхнуурын есөн хошууны түүхийн ойллогыг эрдэмтэн судлаачид нь эмхэтгэн бичицгээжээ. Хятадын баруун хойдын үндэстний их сургуулийн халуун сэтгэлт их багш нар нутаг уснаасаа төрсөн, оюуныг эрхэмлэгч охид хөвгүүдийн билгийн илдийг хурцалж бийрийн мөрийг нь түшиж, төрж өссөн хошуу, шен, гол усныхаа ойллогыг бичих, судлах эрлийн их аянд дөрөөлүүлжээ.

Хөхнуурын хошуу нутгийн түүхийн ойллогуудаас тоймлон дурдвал, Тайжнар хошууны ойллогыг Х.Цэрэнбал, Баруун хошууг Ч.Цэрэндондов, Зүүн хошууг Н.Зүйлээ, Баян нар, Хөрлөгийг Г.Цэрэндорж, Хөхөөтийг Ван Цай Хуа, Вангийн хошууг Ли Юи Шин, Чин У, Давсан говийг С.Цэбшиг нар найруулжээ. Мөн Ванчин шан хошууны ойллого, Хатан голын өмнөх Монголчууд /Хэнан/-ын ойллого сэлтийг хятад, төвдийн судлаач нар бичиж өөрсдийн хэл дээр хэвлүүлсэн байна. Тэрчлэн Хятадын түүхч Ми И Жигийн найруулж Чи.Бүрэнбаярын орчуулсан "Хөхнуурын монголчуудын товч түүх” хэмээх судалгааны бүтээл байна. Ер нь сүүлийн үед угсаа гарвалаа тодлож, эх түүхээ судлах нь өмнөд хөрш дэх монголчуудын дунд соёлын түрлэг болон давалгаалж эхэлснийг дурдахад нэн ч таатай. Үүний жишээ бол дээр дурдсан Сычуаны монгол судлаач бүсгүйн туурвил бүтээл, Хэнань мужийн "Чингисийн хойчис өмнөд оронд” гэх гурван боть, тэрчлэн сураг нь дуулддаг ч зорин эрж сурвалжлаагүй олон бүтээл байна. Энд дурдсан зохиол бүтээлүүд өчүүхэн мөхөс миний нүдээр харж гараар барьсан төдийхөн, их түрлэгийн цалгиа халгидас гэдгийг эрхэм уншигч авгай болгоогоорой. Хожим энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сураг ажгаар биш сурвалж баримтаар баяжуулан эрхэм танаа хүргэсү хэмээн зориглон ам алдъя.

Аливаа зан үйл агуулга тайлбаргүй бол мухар сүсэг болж хувирдаг. Нэгэн цагт үндэстний бахархал байсан нандин шүтээн хожмоо оюун тархины хүлэмж, хоцрогдмол үзлийн буурь төдий зүйлд хувилах нь олонтаа. Харин түүхээ мэддэг үндэстэн жимгүй газар ч зам гаргаж урагшаа зоримог алхдаг гэнэ лээ. Өндөр дээрээс өнгөрснөө харж өнөөдрийн нарнаар маргаашаа зорихын утга энэ биз ээ. Дундадын Монголчуудын судар номын эл түүчээ тэдний өмнөх замыг гэрэлтүүлэх галт бамбар болж үеийн үед номын гэрэлд түгэх сэтгэлийн гэгээ арвидах болтугай.

Маажинсангийн монголчууд үхэхээс бусдыг үзсэн...

Гансу муж Монгол улсын Говь-Алтай, Ховд аймагтай хиллэдэг. Шувуу ч нисдэггүй ангамал цөлийг гатлан хил зөрчинө гэдэг зүүдлэх ч боломжгүй зүйл л дээ. Хятадын талдаа Гансугийн цөл хэмээн нэрлэгддэг, Монголын талдаа бол мэдээж, манайхан газар нутгаа хэзээний л уянга найраг шиг нэрлэдэг хойно, Цэнхэр номингийн говь, Талын мэлтэс гэхчилэн сайхан нэрүүдтэй. Хилийн энэ л хэсгээр үр хүүхдээ арганд үүрч, өвгөд эмгэдээ тэмээнд тэгнээд, сунчингаа тасартал зүтгэн дүрвэж ирсэн монголчууд өдгөө Маажиншан уулын хилийн отрядын ойролцоо нутагшин амьдарцааж байна. Цаг төрийн тогтворгүй байдал, он жилээр үргэлжилсэн дайн самууны хөлөөс дайжин Монголын баруун хил орчмын хэдэн зуун өрх амь нас аль байдгаараа дэнчин тавьж Цастын монголоо бараадацгааснаас хойш зуун жил өнгөрчээ. Хязгаар нутгийн ардууд эх нутагтаа амьд явах аргагүй болж элгээрээ газар мөлхөхдөө тулсан гашуун цаг үеийн алдаа эндлийг өнөөдрөөс өнгийн шүүх аргагүй билээ. Гадаад дотоодын дээрэм тонуул, ядуурал хоосрол, шамбалын дайн, цагаан улаан цэрэг гээд л Монгол оронд зүсэн зүйлийн хэрэг явдал өрнөж байсан 1910-аад оны эхнээс их хэлмэгдүүлэлт, эсэргүү хөдөлгөөн ид "зүрх агшааж” байсан 1930-аад он дунд үе хүртэл гурван удаагийн их нүүдлээр ирж нутагшсан тэдний нэлээдгүй хувь нь өнөөдөр хилийн дээсний цаанаас эх нутгийнхаа тэнгэрийг нулимстай нүдээр ширтэж зогсдог.

Дээр нэгэнтээ дурдагдсан Сүбэйгийн өндөр настан Т.Бөнтгөр эмээ бол чухам энэ л монголчуудын үр сад. Найман нялх үртэйгээ өнчирч үлдсэн өвөг эцэг нь хоёр хүүхдээ цөлд харангадааж үхүүлээд, үлдсэн хэдийг нь үүрч чирсээр Маажингийн бэлд айлын бараа харуулаад үхэдхийн унаж байсан юм гэнэ лээ. Хүний нутагт орох оронгүй, оочих аягагүй үлдсэн хэдэн хүүхдийг нь элэг нэгт монгол ахан дүүс нэг нэгээр нь тэжээж, талын нэг тараах үед Бөнтгөр эмээгийн эцэг Түмэн-Өлзийг тэр нутгийн Цэрэнзалан гэдэг хүн үрчилж авчээ. Харин аавынх нь том эгч тэр хавиар нутаглаж байгаад хожмоо Монгол нутаг руугаа хүргэгдсэн чимээ гарчээ. Энэ хүний үр хүүхдүүд 1970-аад оны үед Говь-Алтай аймагт өнөр өтгөн амьдарч байгаа тухай бүдэг бадагхан сураг гараад чимээ алдарчээ. Бөнтгөр эмээ Монгол нутаг дахь ах дүү нартаа чих тавьж суудаг ч өвөг эцгийнхээ нэрийг мэдэхгүйгээс тодорхой асууж сураглаж чаддаггүй гэнэ.

1922 онд Ардын засгийн газраас Дамбийжааг барьж авч хороосны дараа Жа ламын цэрэг албатууд болон түүнд олзлогдон боочлогдож байсан газар газрын хүмүүс, мөн дүрвэж нүүдэллэж очоод Маажинсан уулын орчмоор тариа тарьж суусан монголчуудыг нутаг буц гэж ятгаж аваачаад хороочихжээ. Тэндхийн хөгшчүүдийн аман яриагаар, нутаг буцсан хүмүүсийн ихэнх нь алагдсан сураг сонсоод аллага хядлагаас зугтан улам цаашаа нүүсээр сарнин салцгаажээ. Зарим нь Сүнанд очин ёгуураас нутаг гуйж, зарим нь одоогийн Цастын монгол буюу Сүбэй орчмоор суурьшиж, олонх нь Шинжаанд шингэцгээж.

Харин Түмэн-Өлзийг эрийн цээнд хүрэх үес Маажинсанд ордон өргөөгөө бариулж тухлан саатахаар шийдсэн Дамбийжаа энэ нутгийн эр хүйстэй бүхнийг цэрэгтээ элсүүлж яваа чимээ хөдөөгийн уул талаар хаврын түймэр шиг л таржээ. Гоминдааны цэргээс арайхийж амь мултарч үлдээд байсан Түмэн-Өлзий /Бөнтгөрийн эцэг/-д энэ мэдээ хот руу чоно дайрах шиг л сонсогдож. Жа лам хүний арьсыг амьдаар нь өвчиж аваад малын хашаан дээр тохчихож байна гэж дуулсан хүн чинь айж мэгдэхээс ч өөр яах билээ, базарваань. Зугтахаас өөр арга байсангүй. Ийнхүү дутаах газраа дутааж, бүгэх газраа бүгэж явсаар Сүнанд ирж ёгууруудтай амьдрах болжээ. Удалгүй эхнэр авч тэндээ суурьсан байна. Харин Бөнтгөр эмээ 21 настайдаа гурван илжгээ туун Сүбэй /тэр үед Сүбэй нь Маажинсан уулын орчимд төвлөж байсан бөгөөд хожим нь одоогийн шинэ нутагтаа буурь сэлгэсэн/-д ирж Цастын монголчуудын дунд амьдран сууснаар тэднийх ийнхүү Сүбэйд нутагшсан түүхтэй юм байна. 

Маажинсан уул нь Монголоос Түвдийг зорьдог гол зам байж. Одоо ч Маажинсанд Дамбийжаагийн гэрийн буурь туурь байдаг. Маажингийн хилийн цэргийн отрядад ажиллаж байсан, Бөнтгөр эмээгийн зээ хүү, Хятадын хилийн цэргийн офицер залуу хоёр орны хилийн төлөөлөгчдын хэсгийн уулзалт Монголын талд болоход нэг удаа оролцох хувь тохион нутгаа үзсэн гэж ярих. Мөн тэрээр "Манай улс цэргийн хүнийг гадаад явуулдаггүй тул энэ ажлаа хийж байгаа цагт Монголдоо очих аргагүй. Тэтгэвэртээ гараад Улаанбаатарт очиж үзэхийг хүсч байна” хэмээн ярина билээ.

Батмөнхийн ЗАНДАНХҮҮ


скачать dle 12.0

Санал болгох