Энэ өдөр ...

🕔 2015/12/29 11:55

Энэ өдөр ... Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөнд буюу 1911 оны 12-р сарын 29-ний Баасан гаригт Их хүрээний олон гайхмаар үйл явдлыг үзэв. Эл өдөр 70-80 настан бүрийг 3 лан, 80-90 настан бүрийг 6 лан, 90-100 настан бүрийг 9 лан мөнгө, таяг зэргээр тус тус шагнан, хүнд хөнгөн ялтныг өршөөж, бүрнээ хэлтрүүлэн суллаж тавьсан байна. Монголчууд Манж хятадын эрхшээлээс гарч олноо өргөгдсөн Монгол улсыг байгуулснаа зарлаж Их хүрээнд албан ёсоор хийж буй их ёслолоос харц баян гэлтгүй олдсон Хааны хишиг өршөөл байлаа.

Энэ өдөр ... Улсынхаа нэрийг Монгол улс, оны цолыг олноо өргөгдсөн гэж нэрлэн Агваанувсанчойжиннямданзанваанчиг буюу VIII Богд Жибзундамба хутагтыг шашин төрийг хослон баригч, нарангэрэлт, түмэн наст Богд хаан хэмээн өргөмжлөв. Гарт нь тусгаар улсын хэрэг шийдэх эрдэнийн хаш тамгыг бариулжээ.  Олноо өргөгдсөн Монгол улсын эзэн, шашин төрийг хослон баригч, нарангэрэлт Богд хааны зарлиг” бичгийг олноо сонордуулжээ. Мөн өдөр шашин төрийг хослон барьсан хааны зарлигаар шинэ тулгар Монгол улсын Засгийн газрыг таван яамтайгаар байгуулж, Монголын тусгаар тогтнолын төлөө идэвхтэй хүчин зүтгэгчдийг төрийн удирдах том албан тушаалд томилж, зэрэг хэргэм шагнасан зарлиг мөн олонд түглээ.

-Хүрээний да лам Цэрэнчимэдэд чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр түшлэг ширээ, улбар шар жолоо ногоон тэрэг, чин вангийн пүнлүүг хөрөнгөнөөс гаргуулахгүй болгон шадар сайд, дотоод яамны хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд. 

-Цэцэн хан аймгийн засаг хошууны бэйс Гомбосүрэнд үе улиран эрдэнэ далай цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, цэргийн хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд. 

-Түшээт хан аймгийн засаг улсын түшээ гүн Чагдаржавт үе улиран түшээт цол, төрийн жүн ван, улбар шар жолоо шагнаж шагдар сайд бүгдийг захирах сайд, сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд. Түшээт хан аймгийн гүнгийн зэрэг, засаг тэргүүн зэрэг тайж Намсрайд үе улиран эрдэнэ цол төрийн жун ван, улбар шар жолоо шагнаж, шадар сайд бүгд захирах сайд шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд. 

-Тулгар төр байгуулах хэрэгт онц хүчин зүтгэж явсан Түшээт хан аймгийн засаг хошой чин ван Ханддоржид үе улиран эрдэнэ дайчин цол, хааны ямба давхар пүнлүү, шар хэргэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж шадар сайд, бүгдийг захирах сайд, гадаадын хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар тохоожээ. 

-Халхын сайн ноён хаан Намнансүрэнг шашин төрийг хослон баригч наран гэрэлт хаан өргөмжлөх тунхаг бичгийг баруун өвдөг дээрээ сөгдөн сонсгоход оролцогсод баруун өвдөг дээрээ сөгдөн мөргөсөн байна. 

Энэ өдөр ... "Их Хүрээний төвийн шар ордоны ...өмнө олон хүн хуралдаж, үнэхээр нүд алдам байв. Отго жинс хүрэм эрээн дээлтэй ноёд, түшмэд, хутагт хувилгаад, лам нар жагсан хүлээж байна. Богдыг Дээд сүмийн хажуугаар явж, Төрийн ордоны өмнө орших хаалганд тулж ирэхэд гурвантаа их буу бууджээ.

Богд, Цагаан дарын хамт их ёслолоор явж ирэхэд тэдгээр хуралдагсад сөгдөн, нам гүм. Богд хатны хамт, шар өнгөтэй алтан туг бүхий дөрвөн дугуйтай гоё орос тэргэнд сууж, хиа лам найман хүн тэргийг дамнан хөтөлж явна. Өмнө нь донир, сойвон, бараа бологч зэрэг том лам нар жагсан явах ба улаан хуйтай сэлэм зүүсэн хоёр гурван хар ноён зам удирдана. Олон шадар цэрэг замын хоёр талаар буу зэвсэгтэй, ёслолын хувцастай жагсан явна. Богд, хатны хамт шар ордны дунд хаалгаар явж, орд гэртээ ормогц тэдгээр ноёд, лам нар цөмөөр дагалдаж ороод шадар ихээхэн ноёд, лам нар нь бүгд орд гэрт орж очсон” хэмээжээ. 

Энэ өдөр ... Хишиг түгээсний дараа ёслолд оролцогсод цайлж идээ түгээн, хундага өргөж, ерөөл айлтгасан байдаг. Мөн эл өдрийн яг нэг цаг мөчид Ховд, Улиастай, Алтанбулаг, Ерөө гээд монголын өнцөг булан бүрт Хүрээ рүү харж, нэгэн хүн мэт сөгдөн мөргөж, зул, хүж асаан баярлаж байсан.

Энэ өдөр олон хар шар ардыг нэг дор цуглахыг харсан гадаадынхан Монголчуудын нүд урьд өмнө хэзээ ч ингэж очтон байсныг урьд хараагүй хэмээж байж..

Энэ өдөр - ийн тухай Харбинскийн "Вестник” сонинд бичсэн нь : "Богд гэгээнтнийг хаан ширээнд заларсан өдрийн 12 цагт Хиагтын хилийн дагуух монгол хилчид Наймаачин дахь Гэсэр сүмд очиж, шинэ хаандаа мөргөх ёслол хийв. Монголын ард түмний буман наст хааны залрах ширээ хэмээсэн "алтаар” бичсэн нэгэн багаахан самбар тавиад өмнө нь хүж, зул асаан гурвантаа сөхөрч, есөнтөө мөргөцгөөв”

Энэ өдөр эрх чөлөө тусгаар тогтнолын тунхаглан зарласнаар барга Монголчууд, Шиньжян дахь Илийн хязгаарын 26 ойрад хошуу, Дээд монголчуудын 26 хошууны 24 нь, Өвөр Монголын 49 хошууны 35 нь өргөх бичиг илгээн ОӨМУ –даа дагаар орж байв.

Энэ өдөр - ийн дараах саруудад Монголын талаас Таван замын байлдаан явуулж Өвөр Монголын ихэнх хэсгийг чөлөөлжээ.  

Энэ өдөр бол Монгол түмэн манжийн хараат болсноос хойш  200 гаран жилийн хойно, ардчилсан төртэй болсон эдүгээ цагаас 104 жилийн  өмнө Эх орончдын зориг хүслээр бичигдсэн түүхэн өдөр. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр.

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

скачать dle 12.0

Санал болгох