Хувь хүний малыг тоолж, мөнгө үрэх хэрэг байна уу

🕔 2016/12/08 10:27

Хувь хүний малыг тоолж, мөнгө үрэх хэрэг байна ууМанай улсад ноёрхож байсан социализмын үе аль хэдийн ард хоцорч, 30 гаруй жил болсон ч өнгөрсөн нийгмийн зарим буглаа эдүгээг хүртэл төр засгийн бодлогод ч шигдсэн хэвээр буй. Түүний нэгээхэн жишээ гэвэл мал тооллогын ажил. Аль нэгдлийн үед л явуулдаг байсан мал тооллого одоо болтол явагдаж, жил бүр төсвөөс мөнгө зарцуулдаг.

Нэгэнт ардчилсан хувьсгал гарч эд хөрөнгө хувьд шилжсэнээс хойш тэр хувь малчны хөрөнгийг төсвөөс мөнгө гарган барин тоолох шаардлага байна уу. Яах вэ, малын хөлийн татвар авдаг бол ч тооллого явуулъя гэхсэн. Гэтэл ямар нэгэн татвар ч авсан юмгүй байж ёстой л өрөөлд ч хэрэггүй, өөрт ч ашиггүй ажлыг л ард түмний татварын мөнгөөр явуулж байх юм.

Тэртэй тэргүй улс орны эдийн засаг жинлүүрийн туухайн дээр дэнжгэнэж байхад илүү зүйлд мөнгө зарлагадах хэрэг үнэндээ алга. Жил бүрийн арванхоёрдугаар сард мал тооллогын ажил эхэлдэг.

Тэгвэл энэ жилийн мал тооллого өчигдөр орон даяар эхэлсэн. Тооллогыг 10 хоногийн хугацаанд 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг явуулах бөгөөд Үндэсний Статистикийн хорооноос баталсан зааврын дагуу мал, тэжээвэр амьтдыг нүдээр үзэж нэг бүрчлэн тоолохыг тооллогын комисст үүрэг болгосон байх юм.

Тооллогын комиссыг аймгийн Засаг дарга нар ахалж, Статистикийн хэлтэс, ХХААГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нар явуулах юм байна. Манай улс өнгөрсөн оны намар 65 сая гаруй мал тоолуулсанбайдаг. Үүнээс өвөл хүнсэнд 10 сая орчмыг нь хэрэглэж, өвлийн тооллогоор 56 сая болж байсан юм.

Мал тооллогын дүнгээр нийт тоологдсон малын 98.2 хувийг амины мал эзэлж байсан байна хэмээх тоо баримтыг энэхүү нүсэр ажлын дүнд гаргадаг. Энэ тоо баримт хэнд хэрэгтэй юм бэ. Өнөөдөр бидний амьдралд бодит ашгаа өгч байгаа бил үү. Хатуухан хэлэхэд үгүй. Харин ч бидний өгсөн татварын мөнгө 10 хоногийн хугацаанд л агаарт хийсч, цацагдаж байна.

Нэг жишээ дурдахад л, Дундговь аймагт тооллогын хяналтыг хийхэд 2.4 сая гаруй төгрөг шаардлагатай. Уг мөнгийг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар болсон гэнэ. Баянхонгор аймагт бүр гурван сая гаруй төгрөгийг 2016 оныхоо төсөвт суулгасан байх жишээтэй. Эндээс бяцхан тооцоо хийж үзье.

Аймаг бүр 2-3 сая төгрөгийг мал, тэжээвэр амьтдыг тоолох ажилд зарцуулж байна гэвэл 42-63 сая төгрөгийг зарцуулж байгаа юм. Улс оронд ч, хувь хүнд ч хэрэггүй ажлыг жил бүр олон сая төгрөг гарган хийж байхаар больсон нь дээр биз дээ. Энд улсын төсөв гэх сүрхий нэр явж байгаа хэдий ч цаана нь ард иргэдийн татварын мөнгө л явж байгаа шүү дээ, үнэндээ. Үүнийхээ оронд хүнээ тоолж, өрхийн амьжиргааны судалгаагаа хийгээсэй билээ.

Монгол Улсын хүн амын 27.4 хувь нь ядуу амьдардаг гэсэн судалгаа бий. Тодруулбал, сумтай харьцуулахад нэг сум дунджаар 4-5 мянган хүн амтай гэж үзвэл Монгол Улсын 160 сумтай тэнцэх хэмжээний иргэд ядуу амьдарч хоногийнхоо хоолыг өлмөн зэлмүүн залгуулж байна гээд хатуухан хэлчихвэл хэтийдэхгүй.

Хотод ядуурлын үзүүлэлт хүн амын 23.2 хувьтай тэнцэж байсан бол хөдөөд 35 хувьтай тэнцэх дайны иргэн ядуу буюу өдөрт авах хоол хүнснийхээ илчлэгийг авч чадахгүй байгаа судалгаа байгаа юм. Энэ мэтчилэн шийдлээ хүлээсэн тоо томшгүй олон асуудал буцалж байхад заавал мал, тэжээвэр амьтан тоолоход улсын төсвөөс 63 сая төгрөг гаргах хэрэггүй баймаар юм.

Түүнийхээ оронд нэг иргэнийхээ хоол хүнсний илчлэгийг нэмэгдүүлэхэд, нэг залууг ажлын байртай болгоход, нэг хүүхдийг хичээлээ тараад гэрэлтэй гудамжаар гэртээ харихад зарцуулмаар юм даа. Яах вэ дээ, Мэргэжлийн Засгийн газар нэгэнт л хэрэггүй урсгал зардлуудаа танана гэсэн юм чинь энэ мэтчилэн улсын мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулаад байгаа ажлуудаа зогсоочих хэрэгтэй шүү дээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин


скачать dle 12.0

Санал болгох