Дархан-Уул аймагт мал тооллого эхэллээ

🕔 2016/12/07 17:33

Дархан-Уул аймагт мал тооллого эхэллээ

 

Монгол орон даяар мал тооллогыг жил бүрийн 12 дугаар сард зохион байгуулдаг. Тус тооллого нь тэжээвэр амьтдын өсөлт бууралт, сүргийн бүтцэд гарч буй өөрчлөлт, мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож тодорхойлох,  зорилготой.

Энэ жилийн тооллого 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд буюу 10 хоног үргэлжилнэ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн хэмжээнд "Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”  өнөөдөр /2016.12.07/ эхэллээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлтийн бодлого, хууль эрх зүйн асуудал хариуцсан орлогч Т.Ганболд тэргүүтэй холбогдох албаныхан Орхон суманд ажиллалаа. Энэ үеэр тэд малчдад малын элгэвч нэмнээ өгөхийн зэрэгцээ заавар зөвлөмжийн материалуудыг тараасан юм. Орхон сумын тухайд өнгөрсөн жил 37571 толгой мал тоолуулж байсан бол аймгийн хэмжээнд 288363 толгой мал тоологдсон ажээ. Энэ удаагийн тооллогоор нийт 57 хэсэгт 193 хүн ажиллаж байгаа бөгөөд 27 авто машиныг ашиглаж байна.

Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр  нийт тоологдсон малын 98.2 хувийг амины мал эзэлж байсан байна. Энэ жилийн тухайд дээрх тоо буурах хандлага байгааг албаныхан хэлж байна. Учир нь цаг агаар хүндэрч зуд болох төлөвтэй хэмээн малчид үзэж бог малаа худалдаалах нь ихэссэн байна. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс эдгээр малчдын нөөцөлсөн махыг ямар нэгэн дамжлагагүйгээр иргэдэд хүргэх асуудалд анхаарч ажиллах юм байна.

М.ГҮНЖИЛХАМ /Дархан-Уул аймаг/

скачать dle 12.0

Санал болгох