Дархан Ногоон хот болно

🕔 2016/05/20 12:33

Дархан хотын иргэдэд эрүүл, ногоон орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс 20.5 км Дугуйн зам, ногоон байгууламжийг цогцоор нь хийх, Авто машингүй Залуусын ногоон гудамжийг бий болгох, төв замд холбогдсон хороолол дундах сүлжээ авто замын ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгаа билээ.

2

 

Дээрх бүтээн байгуулалттай холбоотойгоор нийслэлийн Гудамж төслийн баг аймгийн Засаг дарга А.Энхболдын урилгаар манай аймагт энэ сарын 18-ны өдөр ажиллалаа. Тэд шинэ Дарханы хорооллуудын гудамж, авто замын уулзвар, дугуйн зам хийх байршлуудтай газар дээр нь танилцаж зөвлөлдсөн юм.

Сүүлийн жилүүдэд хороолол доторх авто замыг өргөтгөх, зогсоол байгуулах зэрэг ажлууд хийгдсэн ч төв авто замтайгаа холбогдоход бэрхшээлтэй байдаг. Иймд Гудамж төслийнхний зүгээс Америк болон Европын улсуудын жишиг болох хороолол дундуур нэвт гардаг авто замуудыг бий болгох нь чухал, ингэснээр иргэд ажлаасаа гэртээ харихад 10 минут зарцуулдаг байсан бол долоон минут буюу түүнээс бага хугацаанд зорьсон газартаа очих, түүнчлэн шатахуун хэмнэх зэрэг эдийн засгийн үр нөлөөтэй байх боломж нээгдэнэ гэж үзэж байлаа. Энэ үеэр Хуучин хорооллын таван хэсэгт холбоос зам байгуулахаар болсон. Мөн 9-12 дугаар багийн хороолол дунд холбоос замыг төлөвлөж байна. Дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд Дархан хот хөрсний бүтэц, экологи, цаг агаарын хувьд өндөр боломжтой, ногоон байгууламжийн суурь зөв тавигдсан, газрын хувьд ч шинэ гудамж байгуулах орон зайтай зэрэг давуу талууд олон байгааг Гудамж төслийн захирал Б. Батболд хэлж байв.

 

1

 

Манай аймаг улсын хоёр дахь том хот гэдгээрээ нийтийн эзэмшлийн зам талбайгаа хэн нэгэнд өмчлөхгүй авч үлдэх, хэтийг харж газар олголтоо хийх зэрэг газар төлөвлөлтийн зөв менежментийг хэрэгжүүлэх асуудал тулгараад байгааг энэ үеэр аймгийн Засаг дарга онцолж байв.

Дархан сумын зүүн захад орших 15 дугаар багийг хотын төв замтай болон 1-10 дугаар хэсгийг холбосон 7 км дугуйн замыг ОНХС-гийн хөрөнгөөр тавина. Тус замын дагуу явган хүний зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг ч цогцоор нь бий болгоно. Ингэснээр 15 дугаар багийн иргэд нийтийн тээврийн үйлчилгээг авах, амралт, чөлөөт цагаа эрүүл, ногоон орчинд өнгөрүүлэх боломжтой болох тухай аймгийн Засаг дарга А.Энхболд ярьж байлаа.

Дугуйн зам нь долоон хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд эхний ээлжид аймгийн ЗДТГ-аас Алтны уулзвар хүртэлх шинэ хуучин Дарханыг холбосон 3.4 км 1, 4 дүгээр хэсгийн дугуйн зам, ногоон байгууламжийн ажлыг 6 дугаар сард эхлүүлэхээр болоод байна. Тус бүтээн байгуулалт ОНХС-гийн 700 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй хийгдэнэ. Мөн үеэр Гудамж төслийн баг дугуйн зам, явган хүний замын өнгө, загвар болон ямар хэсэгт нь нэг эсвэл хоёр урсгал хийх зэрэг нарийн шийдлүүдийг гаргахаар боллоо. Ийнхүү Дархан суманд 640 сая төгрөгөөр дугуйн зам төслийг эхлүүлж, 80 сая төгрөгөөр хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хийгээд Авто машингүй Залуусын ногоон гудамжийг байгуулахаар ажиллаж байна. Дугуйн замын ажлын гүйцэтгэлд Гудамж төслийнхөн мэргэжлийн үүднээс хяналт тавьж ажиллах юм.

скачать dle 12.0

Санал болгох