Дархан суманд ОНХС-гийн 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

🕔 2016/04/15 11:02

 

Лхагва гараг бүр аймгийн Засаг дарга холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудтай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж байхаар болсон юм. Энэ удаад 2016 онд Дархан сумын "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудтай танилцаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

2016 онд Дархан суманд "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийх юм байна. Тус сумын 6 дугаар багийн Баяндавааны 5 дугаар гудамж, 15 дугаар багийн Мангиртын 4 дүгээр хэсэг, 11 дүгээр багийн 3, 4 дүгээр байрны дунд, 7 дугаар багийн 3 дугаар хэсэгзэрэг нийт дөрвөн байршилд 170 орчим сая төгрөгийн Хүүхдийн тоглоомын талбайг байгуулах юм байна. Аймгийн Засаг даргын ахалсан ажлын хэсэг Хүүхдийн тоглоомын талбайн байршил, зураг төсөв, цахилгааны эх үүсвэртэй танилцсаны зэрэгцээ тоглоомын талбайтай болсны дараагаар ашиглалтыг хэн хэрхэн хариуцах талаар багийн Засаг дарга нартай санал солилцлоо. Мөн ОНХС-ийн хөрөнгөөр Дархан сумын 3 дугаар баг дахь 1.7 км үерийн далангийн дагуу 37 ширхэг гэрэлтүүлгийг байрлуулна. Тус гэрэлтүүлгийн тусгалын байршлыг энэ үеэр тодорхойлж, ертөнцийн зүгээр далангийн зүүн талд байршуулж баруун тийш тусгахаар боллоо. Энэ үеэр Дархан сумын Хөтөл хороололд Гүний худаг байгуулах байрлалыг өөрчлөх шийдвэр гаргасан юм.

2016 онд "Жишиг хороолол 4" хөтөлбөр Дархан сумын 8, 13, 14, 16 дугаар багуудад хэрэгжинэ. Тус хөтөлбөрийг Орон нутгийн хөгжлийн сангийн 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тэд "Жишиг хороолол"-ын бүтээн байгуулалт хийх зам, талбай, гэрэлтүүлэг байрлуулах газруудтай танилцлаа. 

скачать dle 12.0

Санал болгох