Бондын эрэлд

🕔 2016/08/25 10:03

 

Ирэх оны нэгдүгээр сард Монгол Улс "Чингис бонд”-ын мөнгийг эргэн төлж эхэлнэ. Олон улсын санхүүгийн зах зээлээс 2013 оны нэгдүгээр сард босгосон энэ мөнгөний хүүнд монголчууд өдөрт 274 сая төгрөг төлж ирсэн. 

 

Тиймдээ ч өнгөрсөн 3.5 жилийн турш олны анхааралд байсаар ирсэн бондын мөнгө ашгаа олох төслүүдэд зарцуулагдсан уу, эндээс мөнгө зээлсэн аж ахуйн нэгжүүдэд зээлээ эргэн төлөх санхүүгийн чадвар бий юу гэсэн асуулт байнга дагалдаж ирсэн билээ. Энэ нийтлэлээр шийдвэр гаргагчид бондын мөнгөөр ямар ямар томоохон төслийг дэмжсэн болохыг эргэн сануулъя.

Аймгийн төвүүдийг холбох авто зам

Хэрэгжүүлэгчээр нь Зам тээврийн яам ажилласан энэ төсөлд 570 тэрбум төгрөг олгохоор хуваарилснаас 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд 369 тэрбумыг нь олгосон бөгөөд замын ажил 68 хувьтай явж байна гэж албаныхан мэдээлж байв. Хөрөнгөөр нийтдээ 1,800 км зам баригдана гэж байсан.

Өнгөрсөн зургаадугаар сард экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2012-2015 оны хугацаанд 2,283.7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон. Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд гэсэн таван аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох ажил үргэлжилж байна гэж мэдээлж байв.

Гудамж төсөл

Засгийн газар 2013 онд "Гудамж” төслийн нэгжийг байгуулж, бүтээн байгуулалтын ажилд зориулж Чингис бондын 13 хувь болох 200 сая ам.долларыг хуваарилсан байдаг. Гэвч өнөөдөр төслийн удирдагчид "Бид ердөө 80 сая ам.доллараар л бүтээн байгуулалт хийсэн. Улсын хэмжээнд 99 уулзвар, 9-10 аймагт гудамж төслийг хэрэгжүүлсэн. 120 сая ам.долларыг огт ашиглаагүй гэж мэдэгдэж байгаа. Гудамж төслөөс танагдсан энэ мөнгийг юунд зарцуулсан бэ гэдэг асуулт сонирхол татаж буй. 

Шинэ төмөр замын төсөл

Зам тээврийн яам хэрэгжүүлсэн Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын төсөлд Чингис бондын хөрөнгөөс 200 сая ам.долларын санхүүжилт хийгдэх шийдвэр 2013 онд гарч байв. 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд Хөгжлийн банк 164.2 сая долларыг нь олгосон байдаг.

Мөн үед төмөр замын далан босгох буюу газар шорооны ажил 70 хувьтай, төмөр замын ажлын гүйцэтгэл 24 хувьтай явж байна гэж Засгийн газар мэдээлж байв. Мөн урьдчилсан Техник эдийн засгийн үндэслэлээр шинэ төмөр замыг барьж босгоход 700.0 сая ам. доллар шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан гэж байсан юм.

Уг төмөр замыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж шийдвэр гаргагчид том дуугарч байсан боловч товлосон хугацаанаас хойш нэг жил өнгөрчихөөд байхад сураг нь таг чиг. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Төмөр замын ТЭЗҮ байхгүй байсан” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байгаа. Энэ үнэн бол төсөлд олгосон Чингис бондын 164.2 сая ам.доллар хаачсан болж таарах вэ? 

"Чингис хаан" Боинг-767 онгоц

Бондын хөрөнгөөс босгоно гэж байсан бүтээн байгуулалт, худалдан авсан бараа таваараас харах юмтай, барих барьцтай нь МИАТ компанид худалдаж авсан хоёр Боинг-767-800 загварын агаарын хөлөг. Эхний онгоц 2013 оны тавдугаар сард, дараагийн хөлөг мөн 2014 оны тавдугаар сард ирсэн.
Монгол Улсын анхны өөрийн өмчлөлийн холын зайн иргэний тээврийн хөлгийн санхүүжилтийг АНУ-ын Эксим банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн эх үүсвэрт шилжүүлсэн гэдэг. Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл 2.9 сая ам.доллар. Тогтоолоор батлагдсан дүн нь 115.0 сая ам.доллар. Эргэн төлөлтийн дүн 81.3 сая ам.доллар юм. 

Таван толгойн цахилгаан станц

Өмнийн говийн бүсэд хэрэгжиж буй Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн 450 МВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих төслийг 50 сая ам.доллараар санхүүжүүлэх болсон юм.

Үүний 14.82 сая ам долларыг төслийн нэгжид олгоод байгаа. ТЭЗҮ хийгдэх ажил одоо л дуусаж байгаа сураг бий. Эрдэнэс Тавантолгой, Ухаа худагийн нүүрсний уурхайн эрчим хүчний нүүрсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд Оюутолгой төслийн цахилгаан худалдан авалтад зарцуулж буй мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломж нээгдэнэ гэсэн найдлагаар тус төслийг санхүүжүүлсэн. Төлөвлөлт ёсоор бол уг цахилгаан станцыг 2017 онд ашиглалтад оруулна гэж үзэж байсан ч хугацаандаа амжихгүй байж мэдэхээр байгаа.

Эгийн голын усан цахилгаан станц

Чингис бондоос санхүүжсэн өөр нэг төсөл бол Эгийн голын УЦС-ын төсөл. 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, 5.7 тэрбум м3 эзэлхүүнтэй цэвэр усны сан баригдана гэх энэ мега төсөлд Чингис бондын мөнгөнөөс 2.3 сая ам.доллар гаргаж өгсөн. 

Төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн нийт өртгийг 827 сая ам.доллар гэж тооцоолсон байгаа. 2007 онд 327.8 сая ам.доллараар босно хэмээн яригдаж байсан энэ төслийн өртөг өнөөдөр бараг тэрбум ам.долларт хүрчхээд байгаа юм. 2015 оны хавар Засгийн газар төслийн барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэнэ гэж үзэж байв. Гэвч энэ төсөлд ОХУ таатай хандахгүй байгаа. Төслийн хувь заяа хаашаа ч эргэж магадгүй. 

Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн төслүүд

Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар. Тогтоолоор батлагдсан дүн 200.0 тэрбум төгрөг. Олгосон дүн 101.8 тэрбум төгрөг. Улаанбаатар хот гэр хороолол болон орон нутагт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 92 төслийг хэрэгжүүлэхээр баталснаас 33 төслийн хувьд ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажиллаж байсан. 

Ноолуур, ноос, сүү оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг ХАА, хөнгөн үйлдвэрийн таван салбарын төслүүд

Хэрэгжүүлэгч нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам. ҮХААЯ, Голомт банктай хамтраад ҮХААЯ-ны таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж, 2013 оны наймдугаар сарын 12-ны өдөр 269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банканд 1.7 тэрбум төгрөгийг төслийн нэгжийн үйл ажиллагаанд зориулан олгосон.

Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээж авснаас 64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байдаг. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн батлагдсан зээлийн хэмжээ 100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна.

Төрийн орон сууцны корпорацийн төсөл

Хэрэгжүүлэгч нь ТОСК ТӨК. "Буянт Ухаа-1" орон сууцны хорооллын 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад зориулсан уг барилга нэг м квадрат нь нэг сая 280 мянган төгрөгийн үнэтэй. Засгийн газрын тогтоолоор батлагдсан санхүүжилтийн дүн 100.0 сая доллар. 

Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөл

Хэрэгжүүлэгч нь Уул уурхайн яам. Төмрийн хүдрийн гурван баяжуулах болон нэг барилгын арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх болсон. 

Байшин үйлдвэрлэх комбинат төсөл

Хэрэгжүүлэгч нь Эрэл ХХК. Тоног төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлж эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байна. Жилд 150.000 метр куб барилгын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2014 онд ашиглалтад орно.

Төслийн нийт санхүүжилт 42 сая ам.долларын 30 хувийг Эрэл компани хийсэн бөгөөд үлдсэн хэсэг буюу 16 сая ам. долларын санхүүжилтийг Германы Коммерц банкнаас Хөгжлийн банкаар дамжуулан зээлдүүлэх замаар санхүүжүүлж байсан гэж 2014 онд мэдээлж байсан. Засгийн газрын тогтоолоор батлагдсан санхүүжилт нь 14 сая ам.доллар юм билээ.

 

скачать dle 12.0

Санал болгох