Ээлжит сонгуулийн явцыг гадныхан ингэж дүгнэжээ

🕔 2016/06/22 19:32
 
 
Монголчууд ердөө найм хоногийн дараа төрийн хууль тогтоох дээд байгууллагын төлөөллөө сонгох Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гэж байна. Сонгуулийн сурталчилгаа шинэ хуульд заасан ёсоор 18 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 11-ний өдөр албан ёсоор эхэлсэн билээ. 12 нам, гурван эвсэл, бие даагчдаас бүрдсэн нийтдээ 498 нэр дэвшигч  улс орон даяар сурталчилгаагаа эхлүүлж, цахим ертөнцөөр инээмсэглэн зогсох нэр дэвшигчдийн зураг хөглөрөх аж. Нэг намын тогтолцоот хоёр том гүрний дунд орших атлаа "Ардчиллын баян бүрд” хэмээх том тодотголыг  дэлхийд нэртэй улстөрчөөс сонссон Монгол Улсын парламентын бүх нийтийн сонгууль жилээс жилд л олон улсын анхаарлыг илүүтэй татдаг. Улсын хууль тогтоох байгууллагад дараагийн дөрвөн жил суух төлөөлөл сонгогдох мөч ойртох тусам гадны хэвлэл Монголыг илүүтэй анхаарч буйг ч энд дурьдах хэрэгтэй болов уу. Тиймээс ид дундаа өрнөж буй сонгуулийн сурталчилгааны явцыг гадны хэвлэлд хэрхэн мэдээлснийг уншигчиддаа сонирхуулахаар тоймоллоо. 
 

Сонгуулийн ирц 50 хувьд хүрэхгүй байж болзошгүй 

 
Британийн Колумбын их сур­гуу­лийн профессор Жулиан Диеркес Монгол дахь сонгуу­лийн уур амьсгалын талаарх нийт­­лэл бичжээ. Түүний таа­маг­­лаж буйгаар  энэ удаагийн пар­ла­мен­тын сонгуулийн ирц зарим бүс нутагт 50 хувьдаа хүрэхгүй байж болзошгүй гэнэ. Профессорын бичсэн нийтлэл "Улс төрийн байдал” болон "Хар ба цагаан пиар” гэх дэд гарчигтай байв. Эхний хэсгийн бичвэрт "Би Монголын улс төрийн намууд улс орны ирээдүйнхээ төлөө хэвлэн нийтэлж, улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг иргэддээ олгохгүй байгаад харамсч байна.
 
Намуудын мөрийн хөтөлбөр нь тодорхой бус байх бөгөөд  ялсны дараах албан тушаал болоод хувийн ашиг сонирхлыг тэд илүүд үзсэн байгаа юм. Үүнийг сонгуулийн сурталчилгаа нь ч улам баталж байх шиг. Тэд өөрсдийн хүсэл эрмэлзлэлээ илүүтэй тайлбарлаж, ерөнхий нөхцөлтэй цөөхөн хэдэн бодлогыг тусгасан байх аж. Гэхдээ яг юуг  хэрэгжүүлэх нь үндсэндээ бүрхэг. Үүний оронд нэр дэвшигч нь ямар мэргэжилтэй вэ гэдгийг илүү сурталчилж, харин өрсөлдөгчийнхөө хувийн зан араншинг зэмлэсэн байдалтай.
 
Ардчилсан нам Засгийн газраас уул уурхайн талаарх баримтлах бодлогод  итгэхийг иргэддээ уриалж байхад, МАН эсрэгээрээ Монгол Улсын нийт өрийн тухай ярьж явна. Сүүлийн үед гарсан  хамгийн том сурталчилгаа нь Таван толгойн хувьцааг Засгийн газар эргүүлэн худалдан авах асуудал байв. Энэ бол "Сайн уу сонгогчид оо. Бид танд мөнгө өгье” гэсэн популист үзлийн хамгийн тод жишээ байлаа. Энэ мэт баталгаагүй улс төрийн бодлого сонгогчдод эргэлзээ төрүүлж байна” гэж бичсэн байна. Мөн "Хар ба саарал пиар” гэх  хэсэгт эмэгтэй гишүүдийн квотын тухай өөрийн байр сууриа илэрхийлсэн байв.
 
"Хамгийн их шуугиан тарьж, мэтгэлцсэн сэдэв нь  нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг тамхи татаж, согтуурхсан бичлэг байв. Энэ мэтгэлцээний хэмжүүр нь үнэндээ  харамсал төрүүлэхээр. Эмэгтэй гишүүдийн нэг байсан учраас түүнийг архи ууж тамхи татсанаар нь түлхэж буй нь тэр. Эмэгтэй нэр дэвшигчдийг улс төрийн намууд илэрхий хүлээн авахгүй байна.  МАН нэр дэвшигчдийнхээ 20 хувьд  эмэгтэй хүн  нэр дэвшүүлнэ хэмээн албан ёсны твиттертээ жиргэсэн байсан ч, тэдний дунд эмэгтэйчүүд бараг харагдахгүй байна...” хэмээжээ.  
 
Сонгогчид улс төрийн хүчинд итгэхгүй байна 
 
"www.pnp.ru” сайтнаа сэтгүүлч Валерий Октябрев мөн л энэ сарын 29-ний өдөр орон даяар зохион байгуулагдах сонгуулийн үйл явцын талаар мэдээлжээ. Үүнд "УИХ-ын 76 тойрогт 12 нам, гурван эвсэл, 69 бие даагч гээд нийтдээ 498 хүн нэр дэвшч байна. Тодруулбал, эрх баригч Ардчилсан намаас 76, МАН-аас 76, МАХН-аас 71, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас 44 хүн нэр дэвшчээ.
 
Сонгуульд олонхи болсон нэр дэвшигчид дөрвөн жилийн хугацаанд нэг танхим бүхий парламентыг бүрдүүлдэг. Сонгуулийн ирц 50 хувиас илүү байх тохиолдолд сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөр гэж үздэг. Сонгуулийн шинэ хуулийн дагуу улс төрийн намын сурталчилгаа 18 хоногийн өмнө эхэлдэг байна.
 
Хамгийн сүүлийн 2012 оны сонгуульд Ардчилсан намын 44 нэр дэвшигч ялалт байгуулж, эвслийн Засгийн газар байгуулсан. "Сант марал” судалгааны байгууллагын явуулсан хамгийн сүүлийн үеийн судалгаагаар эрх баригч Ардчилсан намыг дэмжигчдийн хувьд 11 байсан бол  сөрөг хүчин МАН-ын дэмжигчдийн хувь 13  байх аж. Ямартай ч, судалгааны дүн сонгогчдын 80 орчим хувь нь аль ч ул стөрийн хүчинд итгэхгүй байгааг харуулж байна” гэжээ. 
 
Олон улсын ажиглагчид сонгуулиас хоёр сарын  дараа эцсийн тайлангаа гаргана 
 
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын цахим хуудаснаа манай улсын парламентын сонгуулийн үйл явцыг ажиглах гадаадын ажиглагчдын талаарх мэдээллийг нийтэлсэн байна.  
 
Тодруулбал, энэ сарын 29-ний өдрийн парламентын сонгуульд ажиллах хүсэлтийг 300 орчим ажиглагч тус байгууллагад гаргажээ. Үүнээс сонгуулийн асуудлаар мэргэшсэн 20 гаруй орны 180 гаруй ажиглагч манай улсын өнцөг булан бүрт байрлаж, санал хураалтын явц, санал тооллогын явц, үр дүн зэрэгт хөндлөнгөөс ажиглалт болоод дүн шинжилгээг хийж аж.
 
Тэд сонгуулийн өдрийн маргааш урьдчилсан дүнгээ танилцуулах бөгөөд улмаар хоёр сарын дараа эцсийн тайлангаа танилцуулах юм байна. 2012 онд Монгол Улс Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад элссэнээс хойш нэг удаа гадны ажиглагчид сонгуульд ажиллажээ. Энэ нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль байсан аж. 
 
"Аsiarussia.ru” С.Жавхлангийн сурталчилгааг онцлов 
 
Үндсэрхэг үзлээрээ үеийн залуус хийгээд урлагийн тогоон дотроо тод ялгардаг дуучин С.Жавхлан УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт бие даан нэр дэвшч буй. Энэ сарын 11-ний өдрөөс албан ёсоор эхэлсэн нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаандаа С.Жавхлан тун чиг өвөрмөц арга хэрэглэж буй нь цахим хуудаснаа нийтлэгдсэн байдаг. Тэгвэл оросын "Аsiarussia.ru” сайт түүний сурталчилгааг энэ удаа онцолжээ.  
 
Тус мэдээлэлд "...УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшч буй нэрт дуучин С.Жавхлан сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлжээ. Гэхдээ дэлхий дахинаа даяарчлагдсан өнөөгийн нийгэмд маш содон аргыг хэрэглэсэн байх юм. "Хамаг Монгол” төсөл хэрэгжүүлсэн гэдгээрээ тэрбээр манай уншигчдад  илүүтэй танигдсан. Сүүлийн үед дуучин залуу улс төрийг илүүтэй сонирхох болсон бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард Чингисийн талбайд үсээ хусч байсан удаатай.
 
Энэ явдлаа тэрбээр эх орондоо хайртай гэдгээ харуулж,  үнэнч байхаа тангараглаж буйн илэрхийлэл хэмээн тайлбарласан байдаг.  Мөн УИХ-ын 76 гишүүнийг шүүмжилсэн юм. Тэгвэл энэ удаа С.Жавхлан өөрөө УИХ-ын  76 гишүүний нэг болохыг хүсч, тун өвөрмөц аргаар ухуулга сурталчилгаагаа эхлүүлэв” гэжээ.  Тус мэдээний дор дуучин эрийн фэйсбүүк дэх зургууд мөн нийтлэгдсэн байх бөгөөд уншигчид нь янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна. 
 
Б.Даваахүү
Эх сурвалж: www.mminfo.mn
скачать dle 12.0

Санал болгох