Сонгуулийн хууль сондгойрохын цаана
Хуучин оны сүүлийн 10 хоног эхэлсэн. Энэ зайд Сонгуулийн хуулийн төсөл чуулганаар оролгүй халаасанд үлдээд байна. Сонгуулийн хууль 12-р сарын 24-н гэхэд хуульчлагдаад Ерөнхийлөгч дээр ирэх ёстой.Дөрвөн ч төсөлтэй байгаа шинэ хууль ирэх сонгууль ямар хайрцганд явахыг хэлж өгөх юм.
МАН-ын зүгээс хар машинтай хамт гар тооллогоор давхар хянахаар өргөн фронтоор тэмцэхээ зарлаад буй нь энэ оны үдэлтийн улс төр болохоор. Хэрвээ сонгуулийн хууль чуулганаар хэлэлцэгдвэл чуулганы ирц нэг удаа тоондоо хүрч магадгүй гэсэн аргаа барсан хүлээлт ч бас байна.
"Сонгуулийн хууль бол сонгуульд санал өгөх эрхтэй нийт 2 сая монголчуудын хууль юм" гэж УИХ-ын дарга хэлсэн байгаа. Энэ хууль яаж батлагдахаас сонгогчдын төрийн эрх барих боломж яаж хангагдах вэ гэдгийг харуулна. Гэхдээ хууль батлагч нар сонгогдох гэж байгаа өөрсдийгөө, мөн намынхаа эрх ашгаа эхлээд нэг мөр болгож аваад дараа нь сонгогчдын тухай "жижиг детал” ярьдаг. Энэ удаад ч дээрх зарчмаа яс барьснаар сонгуулийн хууль хэлэлцэгдэхгүй сондгойрчихоод байна.
МАН-ын зүгээс хуулийн төсөл дээр 6 шаардлага тавиад байгаа гэдэг. Үүний номер нэгд хар машины дүнг давхар гараар тоол гэсэн шаардлага байгаа. Үүнийг нь АН хүлээж авах боломжгүй гээд гэдийчихсэн байна. Удаах нэг шаардлага нь намын жагсаалтаар нэр дэвшигчдийг нам дугуйлахгүйгээр зөвхөн нэр дугуйлж, бүгдийг мажоритар систем рүү шилжүүлэх гэсэн асуудал байгаа. Мөн сонгуулийг жижиг мажоритараар явуул гэснийг АН хүлээж авах боломжгүй гэж байгаа. Мөн төрийн албан хаагчдыг сонгуулийн тооллогод оруулахыг "засч” намын төлөөлөл оруулъя гэсэн. Өмнө нь төрийн албан хаагчид бус намын төлөөлөл орж саналаа нухан тоолдог байсныг МАН өөрөө өөрчилсөн гэж АН хариу ам асууж байгаа.
Ямартай ч сонгуулийн хуулийг дахин барьж авснаар нэлээд хэдэн бодитой өөрчлөлт орохоор харагдаж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчид ажлаа өгч эрсдэл хийхгүйгээр нэр дэвшиж болохоор төсөл дэмжигдээд байгаа. "Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн заалтад өөрчлөлт орж хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн "Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг "Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчлөхөөр тусгасан. Үүгээр үндсэн хуулийн заалтыг зөрчсөн. Иргэдийн сонгох сонгогдох эрхийг хязгаарласан гэх маргаан нэг тийш болох юм.
Мөн хоёр намын зөвшилцөлд багтаад байгаа нэг өөрчлөлт бол орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 жагсаалтаар, 3/2 нь тойргоос сонгогддог байсныг болиулж ИТХ-ын бүх төлөөлөгчийг мажоритар буюу тойргоос нэр дэвшүүлж сонгох хувилбар юм. Иргэдээ төлөөлөхөөс илүүтэй намаа төлөөлөх болж Засаг даргаа шантаажлахаас өөр бусад үйл ажиллагаанд буруу хараад суучихдаг болсон ИТХ-ын төлөөлөгчдөөс жагсаалтаар жаргаж гардаг нь үүгээр эцэс болно.
Сонгуулийн маргаан гарахад жил тойрон шат шатны шүүхээр явдаг асуудалд хязгаар тогтоож 60 хоногийн дотор шийдвэрлэж байхаар өөрчлөлт орно. Тухайн хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан байсан болон УИХ-ын гишүүний тангараг өргөсөн байдал зэрэг нь маргааны шийдвэрт нөлөөлөхгүй байхаар тусгаж байгаа. Түүнчлэн сонгуульд булхайцаж гарсан нь тогтоогдож эргэн татагдсан нэр дэвшигч нөхөн сонгуулийн зардлыг гаргаж давхар шатах чангахан заалт орсон байгаа юм.
Шинэ хуулиар холимог системийг хадгалах нь бараг тодорхой болж байгаа бөгөөд харин нэг удаа жагсаалтаар сонгогдсон хүн дахин сонгогдох уу, үгүй юу гэдэг асуудал тавигдаж байгаа. Одоогоор энэ асуудлыг тухайн нам дотроо шийдэхээр төсөлд тусгаснаар Их хуралд орохоор байна. Одоо харин энэ бүх өөрчлөлтийг хадгалсан Сонгуулийн шинэ хууль батлагдаж амжих уу гэсэн асуудал энэ даваа гарагаас тавигдаж байна.
Дараалсан ялалтыг нь тоолсон "хар машин”-аа бол бат найдвартай гэж Ерөнхийлөгч, АН хоёр дуу нэгтэй өмөөрч байгаа. Үнэхээр тийм найдвартай бол нэг удаа гараар давхар тоолоод найдвартайг нь нотлоод, сэтгэлийн сэвгүй болчихьё гэсэн МАН-ын саналд юунд нь гэдийгээд байгаад бас шууд тайлбар байхгүй байна.
Ерөнхийлөгч улс төрийн намуудын хуулиар өргөн барьсан төсөл дээрээ уян хатан хандаж буулт хийж байгаагаа хэллээ. Харин намууд сонгуулийн хуулиа батлах тал дээр зөвшилцөх боломж тулсан бөгөөд хуулийн хүрээнд энэ боломж үндсэндээ энэ 7 хоногоор дуусгавар болох юм.
МАН-ын зарлаад байгаа өргөн фронтын эсэргүүцэл хэрхэн өрнөх, хар машиныг гар тооллогын давхар хяналтад оруулж чадах эсэх нь энэ 7 хоногийн улс төрийн үйл явдлын гол зангилаа асуудал боллоо.
П.Баяр