С.Оюунтуяа: Сонгуулийн хуулийн өөрчлөлт шинэлэг болсон
Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа.
-Саяхан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа. Хуулиа байнга өөрчилж шинэчлэх нь хэр үр дүнтэй байдаг юм бол. Энэ удаагийн хуулийн давуу талыг юу гэж харж байна вэ?
-Өмнө болсон шат шатны сонгуулийг угтаад хуулиа өөрчилж ирсэн нь цаг үе, мэдээллийн цар хүрээ, улс төрийн амьдралтай холбоотой боловч үүнийг буруу гэж бодохгүй байна. Харин эдгээр өөрчлөлт нь өмнөхөөсөө боловсронгуй болж, сайжирч чадаж байгаа эсэх нь өөр хэрэг. Энэ удаагийн өөрчлөлт нь нэлээд хэдэн давуу талтай, шинэлэг боллоо гэж бид үзэж байна.
Тухайлбал, Сонгуулийн хуулийн дөрвөн ч хувилбарыг нэгтгэж нэг хууль болгосон ч хуучин тогтолцоогоо хадгалж чадсан нь сонгогчдод илүү ойлгомжтой, саналаа илэрхийлэхэд дөхөм байх болов уу.
Нөгөө талаар олон намын оролцоо анх удаа бодитоор биеллээ олсон гэж бодож байна. Улс төрийн сонгуульд мөнгөний нөлөөг багасгах намуудын амлалт ч тодорхой хэмжээгээр туссан, ямар нэг байдлаар хязгаарлагдсан гэж харж байна.
-Тодруулбал яаж..?
-Өмнө нь сонгуулийн зардлыг СЕХ тогтоодог байсан бол энэ удаагийн хуулиар дээрх эрхийг санхүүгийн аудитын байгууллагад шилжүүлсэн байгаа. Мөн Монголбанк, СЕХ- ны журмаар зохицуулдаг байсан сонгуулийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих ажлыг мэргэжлийн байгууллага, аудиторууд гүйцэтгэхээр болсон.
Үүнээс гадна сонгуулийн зардалд томоохон байр эзэлдэг хэвлэл мэдээлэл, сурталчилгаанд зарцуулах, суртал ухуулгад оролцогчдод олгох урамшууллыг сонгуулийн зардлаас гаргахаар заасан байна.
-Сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгосонд жижиг намууд болон бие даагчид тийм ч таатай хандахгүй байгаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Шинэ хуулиар сонгуулийн сурталчилгааг 18 хоног болгож тогтоосон нь өмнөхөөс 3-4 хоногийн л наана цаана байгаа хэрэг. Бусад улс оронд ч сонгуулийн зардлыг бууруулах нэг арга нь сурталчилгааны хугацааг богино болгох явдал гэж үздэг юм билээ. Манайх тэр зарчмаар л хуульдаа тусгасан гэж ойлгож байна.
-Сонгуульд зориулах хандивын хэмжээг нэмэгдүүлсэн байсан. Энэ нь нөгөө л "мөнгөний сонгууль” болох урьдчилсан нөхцөл биш үү?
-2012 оны сонгуульд иргэн нэг сая, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн хандив өгч болохоор хуулийн заалттай байсныг иргэн гурав, компани 15 сая болгож нэмэгдүүлсэн байна. Энэ нь эдийн засгийн байдал, инфляцийн өөрчлөлттэй л холбоотой байх.
Тэгээд ч өнөөгийн нөхцөлд 2012 оных шиг зөвхөн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш богино хугацаанд 37 тэрбум төгрөг босгох боломж хомс. Тиймээс урт хугацаанд намууд хандиваар хөрөнгө босгох үүдийг нээж өгсөн заалт гэж ойлгож байна.
Нэг удаагийн сонгуулиар УИХ байгуулагдсаны дараагаас улс төрийн намууд хандивын дансаа нээж болох боловч түүнийг удаахь сонгуулийн сурталчилгаа эхлэх хүртэл ашиглаж болохгүй, хуримтлал үүсгээд л байж байна гэсэн үг. Ер нь олон улсын жишиг ч ийм байдаг.
-Сонгуулийн хуудас дээр бичигдсэн аль нэг намыг дугуйлахгүй бол саналын хуудсыг хүчингүй болгох юм шиг яригдаад байна. Энэ нь сонгогчийн эрхэнд халдсан явдал болохгүй юу?
-Энэ нь саналын хуудсыг хүчингүй болгох асуудал биш. Өнгөрсөн сонгуулиар УИХ болон нийслэлийн ИТХ-ынхныг хамт явуулж байсан. Одоо үүний дээр аймгийн ИТХ-ын сонгууль нэмэгдэх нь. Энэ нь өмнөх сонгуулийн пропорциональ системийг хадгалж үлдсэн бас нэг давуу тал гэж хэлж болно. Тиймээс сонгогчдод илүү ойр байх болов уу.
Тэгээд ч Сонгуулийн хуульд саналын хуудсыг хүчингүйд тооцох тухай ойлголт байхгүй. Аль нэг намыг дэмжээгүй байсан ч хуудас хүчинтэй л байх юм. Харин нам эвсэл юм уу нэр дэвшигчийн тоог илүү зурсан тохиолдолд санал хүчингүй болно гэж ойлгох хэрэгтэй.
-Сонгогчдын таваас илүү хувийн санал авсан нам УИХ-д суудалтай болох эрхтэй гэсэн агуулгатай заалтад парламентад суудалгүй намууд бас л таагүй хандаж байна. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Сонгуулийн системийн хувьд хуучин холимог системийг хадгалж үлдсэн. Энэ нь 28 гишүүн намын жагсаалтаар, 48 нь томсгосон 26 тойргоос сонгогдож УИХ-ыг бүрдүүлнэ гэсэн үг. Тойрог болон түүнд тохирох мандатын тоог гаргах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг. Өмнөх сонгуулиар таван хувийн босго байсан.
Ийм босго байсаар байтал МҮАН, ИЗНН-ын гишүүд парламентад суудалтай болж чадсан нь манай сонгуулийн босго тийм ч өндөр бишийг баталж буй явдал юм. Парламентын засаглалтай орнуудын жишгээс харахад босго нь 1-7 хувь байдаг. Энэ нь тухайн улс орны нутаг дэвсгэр, хүн амын байршил, улс төрийн намын төлөвшил зэрэг олон шалгуур үзүүлэлтээс хамаардаг юм байна.
Сонгуулийн босго хэтэрхий намхан байх нь парламентад олон намын төлөөлөл багтах, үүнээс шалтгаалан улс орны байдал тогтворгүйжих магадлалтай гэж экспертүүд үздэг. Тиймээс манай Сонгуулийн хуульд заасан босго нь боломжийн гэж хэлж болох байх.
Тэгээд ч энэ нь улс төрийн намуудын төлөвшил, хүн амын доторх цөөнхийн асуудал, нутаг дэвсгэрийн хэмжээ, суурьшил зэргээс хамааралтай байдаг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжүүлж ашиглаж ирсэн манай сонгуулийн систем улс төрийн хүчтэй, тогтвор төлөвшилтэй намыг бий болгоход л чиглэж байгаа гэж ойлгож болно.
Д.Мөнхжаргал