Цэнгэг усны загасыг олон тоогоор барьж, тээвэрлэн явж байсныг илрүүлжээ
Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зохих зөвшөөрөлгүй, хориглосон арга, хэрэгслээр олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэв.
Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн ...... гэх газраас "Г" нарын 3 иргэн "Соом" 47, "Гутаар" 2, "Булуу цагаан" 23, "Яаз" 3, нийт 75 тооны загасыг зохих зөвшөөрөлгүй, Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон тор, сэрээ, аргамжаа, завь зэрэг арга хэрэгслээр барьсан, автомашинаар тээвэрлэсэн болохыг илрүүлэн шалгаж байна.
Монгол Улсын гол, нуур, цөөрөмд 11 овгийн 36 төрөл, 76 зүйлийн загас байдаг судалгаа байдаг хэдий ч сүүлийн жилүүдэд иргэд зохих зөвшөөрөлгүй, их хэмжээгээр болон хориглосон арга хэрэгслээр загас барих, байгаль, экологийн доройтол, гол усны бохирдол зэргээс хамаарч жилээс жилд загасны төрөл, зүйл, тоо толгой цөөрч байгаад хаа хаанаа анхаарах цаг болжээ.
Жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл загасны үржлийн энэ үед загас агнахыг хориглодог. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зохих зөвшөөрөлгүй мөн тусгай хамгаалалттай газарт хориглодог. Хуулиар хориглосон арга хэрэгсэл буюу химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага, гувчуур, тор, завь зэрэг зүйл ашиглах нь Амьтны тухай хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хариуцлага тооцдог байна.