Буйр нуурын усыг уух, усанд нь орох, загасыг нь идэхийг хориглолоо
Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 омгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг. Эдгээр загаснаас зөвхөн Мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон талаар БОАЖЯ-наас мэдээлсэн. Тиймээс тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр гэж үзжээ.
Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүссэн байна.
Иймд Буйр нуурын усан дахь микробиологийн бохирдол их байгаа учир уух, усанд орох, үхсэн өвчилсөн загас идэх, зөөвөрлөхийг хориглолоо. Мөн тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах шаардлагатайг анхаарууллаа.
Түүнчлэн шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуур орчмын мал амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж буй иргэд, малчдад анхааруулга сэрэмжлүүлэг хүргэхийг БОАЖЯ-наас чиглэл болгожээ.
Хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу “Долоон од” амралт, Онцгой байдлын амралт орчмын ус, хөрснөөс микробиологийн дээж авахад нэг гр хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар, өвчин үүсгэгч илэрсэн учраас бохирдол ихтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.