Ганга нуур сэргэж, 2005 оны усны түвшинд хүрчээ
Ганга нуурын экосистемийг сэргээх судалгаа, шинжилгээ хийсэн усны чиглэлээрх эрдэмтэд 2023 оны зургадугаар сарын 12-14-нд өдрүүдэд Дарьгангын БЦГ-т байрлах Ганга нууранд ажиллалаа.
Ганга нуур болон энэ орчмын газар нутаг нь биологийн төрөл зүйлийн хувьд өвөрмөц орчин бөгөөд ховор шувууд, зарим амьтны нүүдлийн зам-коридор нутаг болж байгаагаараа Монгол орны хувьд төдийгүй бүс нутгийн хэмжээнд үнэ цэнэтэй аж.
Гэвч Ганга нуурын 70 хувь нь 2016-2017 онд ширгэж түүхэнд зөвхөн зураг л болж үлдэх аюулд ороод байжээ. Нуур ширгэх болсон шалтгааныг дурдвал:
-Эх цутгал булгуудын ширгэлт
-Элс, шороон шуурганаас үүдэлтэй бохирдол
-Нуур орчмын 20 мянга гаруй малаас үүдэлтэй бохирдол.
Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалан урсацыг сайжруулах төслийг эхлүүлсэн юм байна. Энэ төслийн хүрээнд дараах ажлууд хэрэгжүүлжээ.
1.Молцог элсний ургамалжилтын судалгаа
2.Ганга нуурын хагшаасын судалгаа
3.Ганга нуурын хамгаалалтын 16 км хашаа татсан
4.Малын хөлөөс чөлөөлөх зорилгоор Ганга нуур орчмын 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худгийг гаргаж малчдад хүлээлгэж өгсөн
5.Ганга нуурын салхин дээд талын 10 га-д 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг эхэлсэн.
6.Ганга нуурын эргээс 500 метрийн зайд аялагчид, жуулчдад зориулсан тохижилтын талбай буюу бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан.
Ганга нуурыг хамгаалах ажил 2017 оноос эрчимтэй явагдсаны үр дүнд нуурын экосистем сэргэж 2005 оны усны түвшингийн хэмжээнд хүрснийг холбогдох албаны хүмүүс мэдээлж байна. Ганга нууранд 2022 оны намар 7000 гаруй хун шувуу чуулж орон нутгийн иргэд, шувуу судлаачдыг баярлуулсан ажээ.
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, судлаачид, эрдэмтэд Ганга нуурын хамгааллын ажлыг цогц болгох хоёр дахь шатны судалгааны ажлыг явуулж менежментийн төлөвлөгөө боловсруулахаар болсон байна. Тодруулбал,
-Нуурын эх цутгал булгуудыг сэргээх
-Нуурыг хамгаалах ойн зурвасыг өргөтгөж тэлэх
-Нуурыг элс, шороон шуурганаас хамгаалах
-Чулуужуулах ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Ганга нуурыг хамгаалах энэхүү ажил нь Монгол Улсад нуур сэргээсэн жишиг ажил болж байгаа бөгөөд цаашид ширгэсэн нууруудыг сэргээхэд томоохон туршлага болж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.