Н.Сонинхишиг: Цахиурт замгаар голын усны чанарыг судалж байна

🕔 2023/06/16 10:21

Ургамал судлаач, МУИС-ийн профессор Н.Сонинхишигтэй ярилцлаа.
 
-Та цахиурт замгийг ашиглан судалгааны ажил хийжээ. Энэ талаараа тодруулахгүй юу. Урьд өмнө нь ийм судалгаа хийсэн тохиолдол байдаг уу? 
-1991 онд АНУ-ын байгаль шинжлэлийн академийн ажилтан, доктор Клаид Голден гэдэг хүн манай улсад ирж судалгаа хийсэн. Ингэхдээ цахиурт замгийг ашиглан Хөвсгөл нуурын усны чанарыг судалж байв.
 
Өмнө нь Байгаль нуурыг яг энэ аргаар судлахаар зорьж байсан юм билээ. Ингэхдээ манай орны Хөвсгөл нуурын тухай олж мэдээд судалгаагаа эхлүүлсэн. Хөвсгөл нуур маань Байгаль нууртай нэг хагалбар газарт оршдог.
 
Хэмжээ, талбайн хувьд арай бага, эртний тектоник гаралтай, цэнгэг устай нуур учраас судлахад илүү сонирхолтой байсан болов уу. Би тэрхүү судалгааны ажилд оролцож байлаа. Мөн цахиурт замгийг судлахаар шийдсэн маань тэр үеэс эхлэлтэй. Тухайн үед АНУ-ын байгалийн шинжлэлийн академид энэ чиглэлээрээ суралцаж байсан. Магистраа мөн “Туул голын усны чанарыг цахиурт замгаар үнэлэх нь” гэсэн сэдвээр хамгаалсан. Цахиурт замаг нь өөрөө гол усны чанар, химийн найрлага эх үүсвэр нь тодорхойгүй бохирдол зэргийг судлахад байгалийн индикатор болж өгдөг онцлогтой.
 
-Таны одоо ажиллаж байгаа судалгааны ажил ч гэсэн цахиурт замагтай холбоотой юм байна.  Ямархуу үр дүнтэй байна вэ? 
-Ховд аймгийн Булган суманд “Олон улсын хөдөө аж ахуйг дэмжих сан"-гаас Герман, Хятад, Монгол гурван орны хамтарсан төсөл хэрэгжүүлсэн.
 
Ургамал, амьтан, ус судлаач, цаг уурч гээд олон чиглэлийн докторант судлаачид ирж, туршлага хуваалцсан.
 
БНХАУ-д гэхэд газар тариалангийн салбарт эрчимтэй хөгжсөн байдаг. Манай орны хувьд мал аж ахуй дээр илүүтэй суурилдаг шүү дээ. Экосистемийн хувьд адилхан атлаа газар ашиглалт нь яагаад илүү үр дүнтэй, өөр байгаад байна. Мөн энэ нь экосистемд хэрхэн нөлөөлж буйг судалж, маш гоё үр дүн гарсан. Мөн Булган голын сав газрыг олон талаас нь судалснаар салбар дундын хамтарсан төсөл үр дүнтэй болсон. Одоо судалгааны үр дүнд суурилсан  бодлого шийдвэрээ гаргаад хэрэгжүүлж байгаа.
 
Цахиурт замгаар манай сургуулийн оюутан “Хараа голын сав газрын усны чанарыг үнэлэх нь” судалгаа хийсэн. Энэхүү судалгааг бусад орныхтой харьцуулж үзэхэд манай гол харьцангуй цэвэрхэн байна гэсэн үр дүн үзүүлсэн.
 
Ер нь Монгол орны байгаль орчны төлөв байдал харьцангуй сайн байна. Манай орны хувьд хүн ам цөөн учраас хүнийхээ нөөцийг зөв хуваарилаж ашиглаж судалгаагаа хийж байх хэрэгтэй. Ганц ганцаараа судалгаа хийх гэж гүйснээс багаараа ажиллаж хамтарч чадвал их сайн үр дүн гарна.
 
-Ургамал судлалыг энгийнээр тайлбарлахгүй юу? 
-Монгол орны ой хэсэг газрыг эзэлж байгаа. Мөн газарзүйн байршил, онцлогоос шалтгаалж ургах нөхцөл байдал бага. Гэхдээ мод тарих олон аян өрнөж байгаа нь сайшаалтай. Зөвхөн цэцэг ургуулж үрслүүлэхээс гадна хүмүүс хашаандаа тариалан эрхэлж, хүнсэндээ химийн найрлагагүй органик ногоо хэрэглэх сонирхол ихтэй байна. Зөвхөн хашаа зуслангийн газартаа бус “Урбан Гарден” хөгжүүлэх сонирхолтой болсон. Гэрийнхээ тагтан дээр микро тариалан эрхлэх чиглэл рүүгээ илүүтэй явж, органик химийн бордоогүй ногоог хүнсэндээ хэрэглэх сонирхолтой. Тухайлбал,  зуны урин дулаан цаг ирж хотын гудамжаар мандлын цэцгүүд тарьж байна. Үүнд, бид зөвхөн зуны гуравхан сард бус хавар эрт цэцэглэдэг ургамлыг тавдугаар сард, ид халуунаар цэцэглэх дуртайг нь долдугаар сард, бүүр орой цэцэглэдэг ургамлаа наймдугаар сардаа тариад хотын өнгө үзэмжээ нэмээд явах боломжтой. Манай улсын хувьд газар нутаг маань их онцлогтой. Цөл ихтэй. Иймд ургамал судлалын мэргэжил уг нь их чухал. Монгол орны судалгааны тэргүүлэх чиглэлд биологийн салбар ордог ч одоогоор боловсон хүчний дутагдалтай байна. Дунд сургуульд биологийн багшаар ажиллах хүн ховор байна шүү дээ.  
-Яг өдийд ургамлын харшил эхэлдэг.  Ер нь ургамал хүнд хэрхэн харшил үүсгэдэг  вэ? 
-Улиасны үр их хийсдэг. Хотын цэцэрлэгжүүлэлтэд эм улиасыг биш, эрийг л тарих хэрэгтэй. Харшлын тухайд их олон хүчин зүйл нөлөөлж байдаг. Ургамал бол хүн төрөлхтөн үүсэхээс өмнө үүсээд бий болсон биологийн нэг зүйл. Бид нарын эмээ өвөөгийн үед харшил гэж байгаагүй. Бидний үед арай гайгүй. Харин одоогийн залуучууд харшлах нь их болжээ. Хүмүүсийн дархлааны асуудал энд яригдах байх. Ургамал өөрөө байгалийн бүтцээрээ тоосоо ялгаруулж үржил шимээ тарааж байдаг.
 
 
Н.ЖАРГАЛМААЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох