Эрдэмтэд Хөвсгөл, Байгаль нуурын харьцуулсан судалгааг танилцуулж байна

🕔 2022/11/10 18:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/.
“Хөвсгөл, Байгаль нуурууд: Экологи, эдийн засгийн асуудал” сэдэвт Монгол, ОХУ-ын эрдэмтэн, судлаачдын уулзалт, эрдэм шинжилгээний хурал ШУА-д хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Хурлын үеэр Оросын эрдэмтэн судлаач нар Хөвсгөл, Байгаль нуурыг хоёр орны судлаач, эрдэмтэн нар анх удаа хамтран судалж, хамтарсан экспедиц байгуулан ажиллаж, судалгааны үр дүнгээ харилцан солилцож байхаар болж буйд ач холбогдол өгч байлаа.

Экологи, байгаль орчин талаасаа жуулчдын урсгал нэмэгдэх, загас болон ургамлын төрөл өөрчлөгдөх, усны түвшин хэлбэлзэх зэргээр Байгаль нуурт экологи хамгааллын асуудал хөндөгдөж байгааг тэд хэлж байлаа. Улмаар ийм байдал Хөвсгөл нуурт гарах вий, мэдэж аваасай гэсэн үүднээс бид хоёр нуурын талаар харьцуулсан судалгааг хийж, түүнийгээ Монголын эрдэмтэн, судлаач нарт харилцан танилцуулж байна гэв.


Хөвсгөл, Байгаль нуурын экологи, эдийн засгийн байдлын талаарх хоёр орны эрдэмтэн судлаачдын хурлын үеэр тус эрдэм шинжилгээний хурлын нэг сэдэв болох Эгийн голын УЦС-ын талаарх байр сууриа Оросын эрдэмтэд илэрхийлсэн юм.

Тэд хэлэхдээ, “Манай ОХУ-ын зүгээс зөвхөн эрдэмтэн судлаачдын хийсэн ажлын үр дүнг харгалзан энэ асуудлыг хүлээн зөвшөөрнө гэсэн байр суурьтай байгаа” гэдгийг тодотгосон юм. 


ОХУ-д Байгаль нуурын экосистем, нийгэм, эдийн засгийн үр нөлөөллийн талаар жил бүр хэлэлцэн Эрхүүгийн ШУА-ийн томоохон хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа, шинжилгээний ажлаа 2-3 өдрийн турш танилцуулдаг. Одоо үүнд хөрш орон Монголын эрдэмтэд оролцож эхэлж буйг тэд онцолж байлаа. Манай хоёр орны эрдэмтэд Төв Ази төдийгүй, дэлхийд цэвэр усны нөөцөөр тэргүүлж буй, олон улсын хамгаалалтад багтаад буй хоёр нуураа онцолж хандах учиртай. Энд Монголын талаас Эгийн голын УЦС барих асуудал хөндөгдөн холбогддог. Манай ОХУ-ын зүгээс энэ талаар зөвхөн эрдэмтэн судлаачдын хийсэн ажлын үр дүнг хүлээн зөвшөөрнө гэсэн байр суурьтай байдаг гэдгийг эрдэм шинжилгээний хуралд оролцож буй ОХУ-ын ШУА-ийн Дорнод Сибирийн, Эрхүү болон Новосибирск хотын салбарын болон дээрх хотуудын их, дээд сургуулийн төлөөлөл эрдэмтэн, доктор, профессорууд тодотгож байна.

Харин Монголын эрдэмтэн судлаачдын зүгээс хоёр орны судлаачид хамтран ажилласнаар Эгийн голын УЦС-ын төсөл гацаанаасаа гарах нэг боломж бий болно хэмээн үзэж буйг ШУА-ийн Газарзүй, экологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэн хэллээ. Энэ утгаараа Эгийн голын талаар энэ удаагийн хурлын нэг сэдэв болгон оруулсан. Ингэснээр хурлын төгсгөлд хамтарсан зөвлөмж гарна гэв.



Гэрэл зургуудыг Н.Батбаяр
скачать dle 12.0

Санал болгох