Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 14.3 хувиар өсжээ
РОМ. /Xinhua/. Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөнөөс үүдэн эрчим хүч, бордооны үнэ нэмэгдэж, улмаар дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ 2022 онд өмнөх оныхоос 14.3 хувиар өссөн талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/ мэдээлжээ.
Тодруулбал, үр тарианы үнэ 2021 оныхоос 17.9 хувиар, ургамлын тосны үнэ 13.9 хувиар, сүүн бүтээгдэхүүний үнэ 19.6 хувиар, махны үнэ 10.4 хувиар, элсэн чихрийн үнэ 4.7 хувиар тус тус өссөн болохыг Италийн нийслэл Ром хотноо төвтэй ХХААБ-ын индекс харуулсан байна.
2022 оны 12 дугаар сард ХХААБ-ын хүнсний үнийн индекс өмнөх сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурснаар ес дэх сардаа дараалан буурсан дүн үзүүлжээ. Гэвч энэ үзүүлэлт 2022 оны эхний саруудад огцом өссөн тул 2021 оны дунджаас ийнхүү өндөр гарсан байна.
ХХААБ хүнсний үнэ өсөж байгаа нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд, ялангуяа ядуу буурай орнуудад аюул учруулж байгаа талаар удаа дараа сэрэмжлүүлсээр ирсэн юм.
“Дэлхийн хэмжээнд хүнсний үнэ өндөр түвшинд хэвээр байж, олон гол нэрийн бүтээгдэхүүн дээд цэгтээ хүрэх дөхөж байгаагаас гадна цагаан будааны үнэ өсөж, нийлүүлэлтийн хэтийн төлөвтэй холбоотой олон эрсдэл байсаар байгаа тул сонор сэрэмжтэй байж, дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарал хандуулах нь чухал байна” гэж ХХААБ-ын ахлах эдийн засагч Максимо Тореро сэтгүүлчдэд мэдээлжээ.
Дэлхийн хүнсний үнийн индексийг нийт 23 бүлэгт ангилсан 73 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг суурь жилтэй харьцуулан тооцдог. ХХААБ-ын дараагийн индексийг 2023 оны хоёрдугаар сарын 3-нд гаргахаар товлоод байна.
https://montsame.mn/mn/read/310974