Дарханд шинэ амаржих газар байгуулах шаардлагатай болжээ

🕔 2015/11/05 14:22

 

Дархан-Уул аймгийн хэмжээнд тулгамдсан асуудал "Төрөх эмнэлэг” байгуулахад анхаарах шаардлага бий болсныг аймгийн ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл "Эх, хүүхэд нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт зөвлөгөөний үеэр онцлов.

Тус аймаг 2009 онд жилдээ 1200 эх амаржиж байсан бол 2015 онд 2900-3000 болж төрөлт нэмэгджээ. Эхчүүдийг эмнэлэгт нэг хонуулаад гаргаж байгаа нь ачаалалтай холбоотой тул цаашид 50 ортой "Амаржих газар” байгуулах шаардлагатай байгааг мөн үеэр ярилцаж бодлого шийдвэрт тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн зохион байгуулсан дээрх зөвлөгөөнд 33 байгууллагаас 70 гаруй хүн оролцлоо. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд оролцож ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл: эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлж, эх хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх талаар мэдээлэл хийлээ.

"Монгол улсын Мянганы сорилтын сан”-д 24 зорилт бүхий 9 бүлэг зорилго дэвшүүлсэний таван зорилт нь эх хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой. 2015 оны эхний 9 сарын статистик үзүүлэлтээр амьгүй төрсөн хүүхэд долоо, нярайн эндэгдэл 21 байгаа нь урьд оны үзүүлэлтээс 6,7 промилоор өссөн үзүүлэлтэй байна. 

Б.Норовсамбуу


скачать dle 12.0

Санал болгох