Ажиллах хүчгүй аялал жуулчлал
-Хүлээж авах салбарынхан “Зочлох жил”-д бэлэн биш байна-
Эдийн засгийн тэргүүлэх салбарт зүй ёсоор тооцогддог аялал жуулчлалын орлого цар тахлын өмнө жилд хагас тэрбум ам.долларт эргэлддэг байсан. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлэх буюу тэрбум долларт хүргэх нь үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл, зорилго нь байлаа. Хүлээж авах жуулчдын тоог ч сая руу хүргэх амбийц байв. Гэвч энэ нь амар биелэх зорилго биш аж. Аялал жуулчлалын салбар цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн. Орлогыг нь авч үзвэл 2020-2021 онд гурван их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн. Зөвхөн орлого бус хүний нөөцөө ч тэд алджээ. Өнөөдөр аялал жуулчлал эргэн сэргэх орчин нөхцөл бүрдсэн ч ажиллах хүчний эрэлд захирлууд нь гарчээ.
Жуулчдын эрэлд бус зочдод үйлчлэх хүний нөөцөө олох гэж зүдэрч байгаагаа тэд учирлах аж. Үйл ажиллагаагаа хэвийн, тогтвортой явуулах цаг улирал нь наашилж яваа хэдий ч ажиллах хүч “толгойны өвчин” болжээ. Тодруулбал, жуулчны баазууд болон зочид буудлууд ажиллах хүчний хомсдолд орсон байна. 2019 онд буюу цар тахлын өмнөх үед тус салбар нийт 80 гаруй мянган хүнийг ажиллаж байраар хангаж байсан. Манай улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээж авч, 607 сая ам.долларын цэвэр ашиг олсон гэж БОАЖЯ мэдэгдэж байв. Тэгвэл 2020-2021 онд ажлаа өөрчлөх, цомхотголд орох, гадаадад гарч ажиллах үйл явц аялал жуулчлалын салбарт хамгийн ихээр өрнөжээ. Цалингаа тавьж чадахгүй болсон учраас олон хүн ажлын байраа ч орхисон байна. Хэдий салбар уналт, хүндрэлээс бага багаар гарч байгаа ч эргэн салбартаа ажиллах хүмүүс ховор байгааг мэргэжлийн холбоод нь хэлж буй.
Зочид буудлын холбоо, Аялал жуулчлалын холбоо, зөвлөлүүд цөм хүний нөөцөө хэрхэн шийдэх эсэх дээр толгой гашилгана. Тэд гаднаас үйлчилгээний ажилтан авах эсэх талаар судалж, холбогдох төр, засгийн байгууллагад хүртэл өөрсдийн саналаа хүргүүлжээ. Ганц найдвар нь ажиллах хүчээ импортлох буюу аялал жуулчлалын оргил үед гаднаас хүний нөөцөө шийдэх сонголтын өмнө ирээд байгаа аж. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд цар тахлын нөлөөгөөр ажиллах хүчээ ч ихээр танасан. Үүний нөлөө одоо маш тодоор илэрч байна. Нийт ажиллагсдын 63 хувь буюу гурван ажилтан тутмын хоёрыг нь ажлаас чөлөөлсөн гэсэн МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс хийсэн судалгаа бий.
Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Хэдий тийм боловч аялал жуулчлалын салбар өнөөдөр хүний нөөцгүй, санхүүгийн чадамжгүй хүнд байдалтай хэвээр. Дээрх түүвэр судалгаанд оролцсон 188 компани гэхэд л нийт 1957 ажлын байр цомхотгосон буюу аялал жуулчлалын салбарын нэг аж ахуйн нэгж ажлын байрны тоогоо дунджаар 10-аар бууруулсан байдаг. Үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, аяллын тур операторын аж ахуйн нэгжүүд хамгийн ихээр ажиллах хүчний тоогоо бууруулсан. Ямар нэгэн давхар үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн жуулчдад үйлчилдэг аяллын тур оператор, жуулчны бааз, амралтын газарт цар тахлын нөлөө хүндээр тусч, орлогын хэмжээ болон ажиллах хүчний тоо ихээр буурсан байдаг. Тухайлбал, цар тахлын үед жуулчны бааз орон тоогоо 68 хувь, зочид буудал 25 хувь, ресторан 58 хувь, тур оператор 78 хувиар тус тус бууруулсан гэсэн судалгаа бий. Өнөөдөр цар тахал холдсон ч үүний нөлөөгөөр ажилчдаа алдсан, ажиллах хүчгүй болсон аж ахуйн нэгжүүд “Зочлох жил”-д бэлэн биш байна.
https://itoim.mn/a/2023/04/14/article/fpt