Дарханы экс засаг дарга С.Насанбат АТГ-т шалгагдаж байна
Аль хэзээнээс л Дархан-Уул аймгийн улс төрийн байдал тогтворгүй байдаг нь тэнд гарч буй хэрүүл шуугианаас харагддаг.
Харин
юу болсон юм гэмээр сүүлийн нэг жил чимээгүйхэн байсан нөгөөдүүлийн
шуугиан бас дахин үүсжээ. Тодруулбал өмнөх Засаг дарга С.Насанбат нь
төсвийн хөрөнгийг идэж, уусан хэрэгт холбогдоод байгаа бөгөөд АТГ-аас
түүнийг шалгаж, цагдан хорьж байсан ч саяхан батлан даалтад гараад
байгаа ажээ.
Харин одоогийн "засаг ноён” А.Энхболд гэгч нь сонгогдоод гуравхан сар болох хугацаандаа таван хүнийг ажлаас нь халсан аж.
Тэрбээр Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Нийгмийн
хөгжлийн хэлтсийн дарга, Дархан хотын ерөнхий архетектурч, зэрэг
хүмүүсийг ажлын чадвар муу гэдэг шалтгаан хэлээд ажлаас халсан байна.
Гэтэл А.Энхболд болохоор би хэнийг ч халаагүй, эдгээр хүмүүс өмнөх засаг
даргын хүмүүс байсан тул өөрсдөө өргөдлөө өгөөд гарсан гэх тайлбар
өгчээ.
Угаас Дарханы АН гурав хуваагдаж, МАН хоёр хуваагдсан байдалтай байгаа тул аль аль нь эрх ашгаа бодон намын тохироогоор дээрх хүмүүсийг ажлаас гаргаж,орны хүнийг томилсон болохыг эх сурвалж хэлж байгаа юм. Засаг дарга А.Энхболд ярихдаа "манай хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирц бүртгүүлдэггүй явсаар ирсэн зэрэг олон бугшсан асуудал бий. Үүнд нь бид хариуцлага тооцох механизм ярих ёстой. Зарим алба хаагчдын гэмт хэргийн чанартай асуудал АТГ-т шалгагдаж байгаа. Энэ үндэслэлээр үзвэл халагдах хэмжээний хариуцлага тооцох хүн байсан учир би халсан” гэжээ. Ямартай ч сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд Дархан-Уул аймагт халаа сэлгээ болон шалгах, байцаах ажил аль хэдийнэ эхэлчихсэн юм байна.
Н.Ганчимэг