ГУДАМЖ ТӨСЛИЙХЭНТЭЙ АЯЛСАН НЭГ ӨДӨР

🕔 2016/06/06 13:34

Нар ээсэн дулаахан боловч хааяахан хуйсагнан шороо боссон 5-р сарын 18-ы өдөр Дархан-Уул аймгийн Засаг Дарга А.Энхболдын урилгаар манай хотод ажиллаж буй "ГУДАМЖ ТӨСӨЛ”–ийн залуус хэрхэн ажиллаж, юунд зорьж буйг уншигчиддаа хүргэхээр ГУДАМЖ ТӨСӨЛ хэрэгжихээр төлөвлөгдсөн газруудаар буюу Дархан хотын иргэд хамгийн ихээр зорчдог гудамж талбайгаар нийт арав гаруй км газарт явганаар аяллаа.

IMG 6428

 

 Гудамж төслийн захирал ноён Б.Батболдийн үг бүр нь үнэ цэнэтэй, санууштай, бодууштай байсан тул алдахгүй тэмдэглэн авах, түүнийгээ уншигч Дарханчууддаа хүргэхсэн гэж сэтгүүлч миний бие тун их яарч байв. Тэрээр гудамжнаа орших мод бүрийг гэмтээхгүйгээр шинэ гудамж замыг хэрхэн бий болгох шийдлийг эрэлхийлж, болохгүй зүйлс гэж байхгүй, бид л олж мэдээгүй байгаа юм хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгохын төлөө бид хичээх ёстой гэж хэлж байсан нь сэтгэлд өег таатай сайхан санагдаж байлаа. Батболд гуай нэлээн алхаж явснаа хүмүүс амарч суух сандал алхам тутамд байвал зүгээрсэн СУВАРГАД БИШ САНДАЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ ЖИНХЭНЭ БУЯН БОЛОХ ЮМСАН ДАА ... хэмээн хошигносон нь наргиа байсан боловч хатуу үг байлаа.

Аймгийн Засаг Дарга А.Энхболд ч Дархан орчин үеийн, эрүүл, эко, ногоон хот болох болно гэдэг бат итгэлтэйгээр хичээн ажиллаж буй нь түүний үг, үйлдэл бүрээс нь мэдрэгдэж байсан юм. 

Гудамж төслийн захирал Б.Батболд:

$1- Дархан хот эрүүл, эко ногоон хот болох бүрэн боломж байна. Та бүхэн тун азтай юм. Улаабаатар хот далайн түвшинээс дээш 1300м-т байрладаг бол Дархан хот 800м-т байрлаж байна. Хөрсний бүтэц, цаг уур, экологийн нөхцлийн хувьд маш их таатай боломж бүрдсэнийг харлаа. Социалист нийгмийн байгууллын үеэс үнэхээрийн сайхан ногоон байгууламжуудыг хийжээ. Үүнийг нэмэгдүүлж, технологийг нь сайжруулаад, мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор улам бүр ногоон болгох боломж байна.

$1-  Автомашингүй болон автомашинтай гудамжны сүлжээг бий болгох орон зай маш их байна. Энэ орон зайг алдах, буруу газар олголт хийж, буруу барилга байгууламж бариад байвал цаашдаа засаж боломгүй олон алдаа гарах болно. Өөрөөр хэлбэл олон нийтийн эзэмшилд байх ёстой буюу иргэд зорчдог, дугуйн зам, авто зам, нийтийн талбай байвал зохих тэр орон зайг алдаж болохгүй. Улаанбаатарт ийм алдаа маш их байгаа. Үүнийг л битгий давтаасай гэдгийг л хэлээд байгаа юм.

$1-  Ер нь маш гоё ногоон хот болох бололцоо байна гэдгийг харлаа. Илүү их дугуйгаар зорчдог, илүү их явган алхдаг, өглөө гараад гүйдэг, эрүүл мэндээ боддог, маш сайхан эрүүл хот болохоор байна.

$1-  Эко ногоон орчин бүхий хот болно гэдэг нь дэлхийн хөгжлийн чиг хандлага бөгөөд иргэд маань ч өөрсдийн амьдарч буй хотыг илүү сайхан болгох, ногоон болгох, тав тухтай тааламжтай болгоход хүчин чармайлт тавьж, үүргээ ухамсарлан, оролцоогоо нэмэгдүүлээсэй гэж хүсч байна. Хот төлөвлөгч, шийдвэр гаргагч, бүтээн байгуулагчид бид зөв сүлжээ, зөв төлөвлөлтийг бий болгоход иргэд та бүгдийн дэмжлэг, хамтын ажиллагаа, хараа хяналт, арчилгаа тордолгоо чухал юм. 

Дархан-Уул аймгийн Засаг Дарга А.Энхболд:

$1-  Дэлхийн олон оронд мэргэжилтнүүд бороо цас ихээр орсон үед хамгийн өндөр барилгын орой дээрээс доош харж, иргэд нь хаагуур хамгийн ихээр зорчиж байгаа ачааллыг хардаг байна. Өөрөөр хэлбэл тийм бороо цастай үед иргэд хамгийн товч бөгөөд зөв замаар явдаг ажээ. Ингэж төлөвлөлтийг хийх нь хамгийн оновчтой байдаг бөгөөд яг энэ шийдлээр мэргэжлийн багийхан манай хотод ажиллаж байна. Дээрээс нь зураг авч, бүх гарц, зам, жим, гудамж бүрийг газар дээр нь үзэж харж байна. Тэгэхээр иргэдийн хамгийн ихээр зорчдог, явган зам төлөвлөгдөөгүй байсан жим, автомашин нууцаар зорчдог шороон зам зэрэг нь албан ёсны зам болж, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн хамтаар шийдэгдэнэ. Энэ нь иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэхээс гадна ногоон талбай, зүлэг модыг хамгаалах, аюулгүй зорчих эрхийг хангах зэргээр олон талын ач холбогдолтой.

$1- Бид хэд хэдэн боломжийг олж харлаа. Тухайлбал, хуучин хороололд таван газарт холболт хийгдэж шинэ гудамжууд бий болгох, улсын төсвөөр дэд бүтэц, цэвэр бохир усны сүлжээ орж байгаа Мангирт хорооллыг амины орон сууцны хороолол болгон, зам тавьснаар улам бүр нэмэгдэж буй утаанаас салах, улмаар нийтийн тээврийн маршрут бий болж, хүүхэд хөгшид аюулгүй зорчих боломжтой болно. Мөн нар, салхины эрчим хүчний эх үүсвэр бүхий багийн хөгжлийн төв,  цэцэрлэг, ахуй үйлчилгээний төвийн ажлууд энэ зунаас эхэлнэ. Түүнчлэн ШУТИС-ийн хамгийн зүүн зах буюу оюутны гудамжнаас үйлчилгээний төвийн урд тал, Сүрэнгийн гудамжийг дайруулан хоёрдугаар хорооллын автозам хүртэл нийт хоёр км газарт олон улсын нэршилээр PARKWAY буюу автомашингүй интернет орчин бүхий ногоон гудамжийг бий болгож, энд залуус амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, спортоор хичээллэх сайхан ногоон орчин бий болно. Энд "Дарханы хөгжил” ОУ-ын форумын үеэр шийдвэрлэсэн 10000ш модыг суулган ургуулж ЗАЛУУСЫН НОГООН ГУДАМЖ хэмээн нэрлэх болно. Дархан хот Залуусын хот. Иймээс залуус маань гоё хоттой болохыг хүсч байгаа. Энэ бүх энерги энд цугларна. Тэгэхээр бидний зорьж байгаа бүхэн сайхан болох болноо.

Дархан-Уул аймгийн ерөнхий архитектур Д.Эрдэнэбаяр:

$1- Явган явсны хувьд маш олон боломжуудыг олж харлаа. Хороолол дотор олон замуудыг шинээр гаргах боломжтой байна. Эдгээр гудамжууд бүгд хоорондоо холбогдсон байх нь зорчиход илүү амар хялбар болох юм.

$1-  Мөн газар олголт маань бидний төсөөлөл, ажлын зургаас маань  түрүүлээд байна. Шинэ сууршилын бүсэд буюу 15-р багт иргэд амьдрах болсноор зөвхөн энд хүн амын тоо 8400-аар нэмэгдэж маш том суурьшил бий болсон. Энэ хороолол огт төлөвлөгдөөгүй буюу ерөнхий төлөвлөгөөнд огт тусгагдаагүй байсан. Одоо 29-р хорооллын шинэ төлөвлөлт хийгдэж байна. Өөрөөр хэлбэл газар олголт бидний төсөөлөл, ажлын зургаас маань  түрүүлээд байна. Төлөвлөгөөгүй хийгдсэн эдгээр ажлуудын "зовлонг” өнөөдөр бид мэдэрч байна. Ард түмний дунд "Ховдын” хэмээн нэрлэгддэг Мангиртад иргэд чөлөөтэй газар авах эрхтэй хэмээн замбараагүй газар олгосноос Зулзагын голын амралт жуулчлалын бүсрүү явах зам хаагдаж, дэд бүтэц, зам харилцаа гэх мэт нийтийн эрх ашигт хамааралтай асуудлууд уялдаагүй болох нөхцөл бий болж, өнөөдөр хүндрэл учруулж байна. Тиймээс одоо нэгэнт суурьшсан эдгээр иргэдийн эрх ашгийг хүндэтгэх, цаашид ийм алдааг давтахгүй байх тал дээр бид анхаарах хэрэгтэй.

Гудамж төслийн захирал Б.Батболд:

$1- Гудамж төсөл бол төрийн байгууллага. Бид цалингаараа л ажиллана. Бидний зорилго хүсэл тэмүүлэл бол Монгол улсын гурван том хот буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд маань ХОТ ШИГ ХОТ БАЙГААСАЙ гэдэг хүслээр ажилладаг. Төлөвлөгчөөс эхлээд инженер, эдийн засагч, хуульч гээд манай багт хамаарагддаг маш олон хүний хөлс хүч орсон шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээнд тулгуурласан бүтээлийг ажил хэрэг, бүтээн байгуулалт болгон иргэд ард нийтийнхээ амьдралийг илүү тав тухтай сайхан болгохийг та бүхнээс хүсч байна. Хийсэн ажлаа биелэл болсныг харж мэдэх нь ГУДАМЖ ТӨСЛИЙНХӨН бидэнд хийх, ажиллах асар их эрч хүч өгдөг юм. Үр дүнд нь иргэд аз жаргалтай, хот нь илүү ногоон болж, шороо тоосгүй тав тухтай орчин бүрдсэн байх нь гол зорилго.

Ногоон орчин бүрдсэн газарт хур бороо их орж, агаар хамгийн тунгалаг, хамгийн эрүүл байдаг бөгөөд ийм орчинд хөдөлгөөн хийж явган алхах, дугуйгаар зорчих нь бие махбодийн цусны эргэлтийг дэмжиж, эрүүл эрч хүчтэй амьдрах нөхцөл болдог. Одоо байгаа өөрөө л ургаж буй "зэрлэг” ногоон байгууламжаас ширэг шиг ногоон зүлэг, цэцгийн мандал, нарсан ойн төгөлтэй болох нь тун ойрхон болоод байгааг сонсох таатай сайхан байлаа.

Түүнчлэн ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ ГЭДЭГ. Шинэ гудамжууд, явган хүний болон автомашины замууд бий болох нь тэдгээрийг дагасан газрыг үнэ цэнэтэй болгож, худалдаа үйлчилгээний төвлөрсөн төвүүд байгуулагдан, зах зээлийн үр нөлөө бүхий эргэлтийг бий болгох зэрэг олон ач холбогдолтой.

ХОТ болж нийтээрээ амьдрахад хамгийн амин чухал эрх ашиг бол нэгдүгээрт НИЙТИЙН ЭРХ АШИГ, хоёрдугаарт ХУВИЙН ЭРХ АШИГ тавигдана. Тиймээс ч НИЙТИЙН ОРОН ЗАЙГ ХАМГААЛАН АВЧ ҮЛДЭХ НЬ ЧУХАЛ. НОГООН ДАРХАН ХОТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ... хэмээсэн ДУН-н Засаг Дарга А.Энхболдын үгээр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.

/Үргэжлэл бий.../

скачать dle 12.0

Санал болгох